Эрх мэдэл, эд хөрөнгөтнүүд төрийн албыг хувийн ашиг хоншоо олох хэрэгсэл болгоод удаж байна. “Төрийн албан хаагч, дарга, удирдлагууд өөрийн болоод ойр дотныхоо хүмүүсийн бизнесийг дэмжихийг тендер гэнэ” гэх хэлц хүртэл гарчихаад олон хавартаа золгож байгаа.
Гэвч Монголд хууль хүчний байгууллага, тусгайлсан арга хэмжээ авах, авлига хээл хахуультай тэмцэх газар хүртэл байгаа болохоор эрх мэдэлтнүүд арай ч улайн цайм даравч чадахгүй л байна. Гэхдээ л орон нутгийн төрийн байгууллагын удирдлагууд эрх мэдлээ ашиглан, аж ахуйн нэгжүүдийг дарамталж, хөрөнгө мөнгө залилах, шамшигдуулах хэрэг гарсаар л байна.
Ашигт малтмал ихтэй орон нутагт энэ төрлийн асуудал байнга ундардаг. Жишээ нь, алт, нүүрс, үнэт чулууны их уурхай болсон Говь-Алтай аймагт орон нутгийн удирдлагууд ААН-үүдээ дарамталж, хөрөнгө мөнгө нэхдэг байсан асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаад эхэлжээ.
Тодруулбал, аймгийн Иргэдийн хурлын дарга А.Дэлгэржаргал, Есөнбулаг сумын Засаг дарга Ж.Ганбат, Бигэр сумын Засаг дарга Б.Энхтүвшин нарын хүмүүс Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл анги буюу төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үүний улмаас бусдад их хэмжээний хор хохирол учруулсан хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа аж.
Уг нь тэднийг орон нутгийн хөгжил, иргэдийн сайн сайхан амьдрал, эрх ашгийн төлөө хуульд нийцүүлэн шударга ажиллана гэж иргэд итгэж, саналаа өгч дэмжсэн л баймаар. Гэвч “Төрийн сэнтий”-д суумагцаа л иргэдэд өгч байсан амлалтаа мартаж, нийтийн бус өөрийн, хувийн эрх ашгийн төлөө төрийн байгууллагын нэр хүндийг ашиглаж, шударгаар хөдөлмөрлөж буй аж ахуйн нэгж, иргэдийг хохироож байсан нь харамсалтай.
Энэ бол Монгол Улсад нүүрлээд буй “Засаглалын хямрал” гэгч нь хэмээн аймгийн иргэд толгой сэгсэрч сууна.
Дээрх эрхмүүд уул уурхайн нөхөн сэргээлт хийлгэх нэрээр ААН-үүдээс татвар татаас авч, дараа нь гаргасан шийдвэрээ өөрчилж, төрийн нэрээр залилан мэхэлдэг байсан гэдгийг эх сурвалж хэлж байна.
Гэхдээ муу юм модон улаантай гэгчээр төрийн албан тушаалыг амин хувьдаа ашигласан этгээдүүд хуулийнхны хараанд өртөж, шалгагдаад эхэллээ. Гэмгүй хүн хуулийн байгууллагын хаалга татдаггүй гэж үг байдаг даа. Гэхдээ Монгол Улсад шүүх л хүнийг гэм буруутайг эцсийн байдлаар тогтоодог. Түүнээс өмнө ямар ч гэмт үйлдэл хийсэн этгээдийг яллах, буруутгах үндэслэл, хувь хүн, албан байгууллагад байхгүй билээ.
Гэвч төрийн албан тушаалыг ашиглаж, хэтэвчээ зузаатгаж байгаа энэ мэтийн үйлдлийг нэн даруй таслан зогсоох цаг иржээ. Үгүй бол Монголын олон аж ахуйн нэгжүүд “хурган дарга” нарыг тэжээсээр туйлдаж гүйцэх нь байна.
Амар