Х.Тэргэл: Эцэг

577130_247620155351249_300544012_n_500x500

/богино өгүүллэг/
Хашааны завсраар шагайхад байшингийн яндангаас цэнхэр утаа олгойдож, сайхан хоолны үнэр хамар цоргино.
Тэр сайхан үнэр бол эцгийн толгой шийр хуйхалж, бас төмс гурил хамтад нь жигнэж, дөнгөж гарангуут нь ногоон сонгино, өөрийн гараар түүсэн халиарыг цацаад дахин хэсэг тагласны эцэст ээж, дүү бидэнд хувь хүртээн огтолж өгч, инээд алдан иддэг манай гэрийн хагас сайн өдөр бүрийн дүр зураг.
Гэрт гайхуулаад байх тавилга сэлт үгүй ч подхийсэн цэвэрхэн агаад,зууханд асаж буй мод аргалын үнэр хамар цоргиж, бас ээжийн минь өдөр бүр асаадаг хүжсийн үнэртэй сүлэлдэхээр үнэхээр сайхан.
Би 18 нас хүртлээ эцгийг зөвхөн дүүгийн аав гэж мэддэггүй өссөн юм.Учир нь эцэг надад хэзээ ч айхтар нялуурдаггүйтэйгээ адил ширүүлж байсангүй.
Эцэг намайг оройтоход хашааны гадна тосож, эсвэл автобусны буудал дээр байж байдагсан.
Түүнийг би тэгэх л ёстой юм шиг бодож байснаас биш эцэг үнэхээр сайн эцэг байна даа гэж нэг ч удаа бодож байгаагүй юм.
Тэр намар эцэг айхтар өвдлөө. Тэгсэн ч эцэг нэг ч удаа ёолж сүйд болоогүйгээр барахгүй, ээж дүү биднийг харахаараа урьдынх шигээ инээж хөгжилдөх гэж оролдох.
Намрын сэрүүн унасан тэр үдэш эцэг цусаар бөөлжиж, сандаргаж эмнэлэгт хэвтлээ. Ээж минь биднийг тэжээхийн тулд ажиллах хэрэгтэй байсан учир эцгийг би сахихаас өөр аргагүй болсон юм.
Эмнэлэгт арван хэд хонохдоо эцэг урьдынхаас илт турж эцжээ.Хэзээ ч би түүнийг өвдөхбий,өтлөж хөгширөхвий гэж бодож байгаагүйгээ санахаар гайхмаар.
Дандаа л ээж,дүү бас өөрийн тухай бодлууд байснаас эцгийг ядардаг, өвддөг, гэж яагаад би бодож байсангүй вэ.
Үнэндээ бид баян биш ч бас бүр ядуу биш билээ. Ээж, дүү бид 3 солиод өмсөх хэдэн ээлжийн хувцастай ч харин эцэгт хоёр ээлжийн хувцаснаас өөр зүйлгүй болохыг тэгэхэд л би анх анзаарсан юм.
Эцэг голдуу л түрийг нь эргүүлсэн ажлын бахиалтай, бас өвөл зунгүй өмсдөг ажлын ногоон өмд цамцнаас салдаггүйсэн.
Тиймээ эцэгт маань унтлагын хувцас,тэр ч бүү хэл ганц олигтойхон биеийн тамирын хувцас ч тэр, гэрийн шаахай, халад бүгд аль аль нь байгаагүй. Харин ээж дүү бид гуравт бол энэ бүхэн байсан юм.
Яагаад эцэгт эдгээр хувцаснуудыг хэрэгтэй гэж бодоогүй юм бол.
Эцэг минь турж эцэж, нүүрнийх нь арьс унжиж, үс нь бууралтжээ.Тэр тамхи татаж, архи ууж, агсан тавьж, ээжийг ,биднийг зовоож байсангүй.
Тэгэхдээ л эцэг биднийг байранд амьдруулж, машин авч унуулж чадаагүйдээ дотроо гутардаг байсныг би мэднэ.
Түүнийг дүү бид хоёр ч бас хааяа нийлж энэ тал дээр буруутгадаг байсансан.
Эцэг бол жирийн нэгэн гагнуурчин хүн.Тэрний уушиг бараг устаж гэж эмч ээжид хэлэхийг би сонссон.
Харин эцэг юу ч болоогүй мэт, удахгүй эмнэлгээс гараад гэртээ очиноо гээд над уруу өнөөх л танил дулаан төрхөөрөө инээсэн.
Тэр орой эцэг намайг их удаан ширтээд охин минь ,чи одоо том болжээ.
-Ээж дүү хоёроо сайн хардаг юм шүү гэж хэлээд анх удаа гарыг минь зөөлөн удаанаар атгав.
Тэр ядарчээ. Та унт даа гэж хэлэхэд тэр бас л чимээгүйхэн инээмсэглэсэн.
Харин эцэг өглөө нь, маргааш, нөгөөдөр сэрээгүй.
Эцэгт минь зөндөө хувцас хэрэгтэй байсансан. Тэр өмсөж, эдлэж амжаагүй буцчихсан.
Эцэг төрсөн эцгээр ч солимгүй жинхэнэ эцэг, гайхалтай аав байсныг би бүүр хожим ухаарахад эцгээс зураг л үлдсэн байсан юм.
Эцгийг би ч ээж ч ,дүү ч тэр дэндүү дутуу мэддэг байж дээ.
Хулганайн Тэргэл Чикаго 2016
(Удахгүй хэвлүүлэх санаатай номын хэсгээс толилуулав.)

Эх сурвалж http://www.info.mn

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …