НМХГ-аас улсын их баяр наадамын үеэр хэрхэн ажиллах талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/267 тоот тушаалаар Улсын Баяр наадмын үеэр нийт 404 улсын байцаагч, албан хаагчид Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Чингисийн талбай, Хүй долоо худаг гэсэн 5 цэг дэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд хяналт тавина.
Түүнчлэн болзошгүй хордлого халдварын үед дуудагдаж ажиллах 148 албан хаагчид 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 18-ны өдрийг хүртэл 24 цагийн бэлэн байдалд ажиллана.
Анхаарах зүйл:
Баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэхээр зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд ажлын байрны эрүүл ахуй, ариун цэврийн нөхцлийг сайтар хангаж ажиллана.
Ажлын байранд хүнсний зориулалтын тоног төхөөрөмж ашиглаж, гар угааж, ариутгах нөхцлийг бүрдүүлж, мэргэжлийн тогооч, бэлтгэгчийг ажиллуулах ба зөвшөөрөл, мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн үзлэгийн дэвтэр, бусад бичиг баримтийг бэлэн байлгана.
Ажилчид ажлын хувцсаар бүрэн хангагдсан, өмссөн байх ба эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдсан байна.
Хүнсэндээ гарал үүслийн гэрчилгээтэй, шинжилгээ, баталгаажилттэй түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Майонезтай болон кремтэй бүтээгдэхүүн, өндөг, хиам зэрэг түргэн гэмтэх хоол хүнсээр үйлчлэхийг хориглоно.
Хуушуурын мах нь гарал үүслийн гэрчилгээтэй, шинжилгээ хийлгэсэн байх ба хадгалалтын горимыг чанд сахиж жижиг, нимгэн хэсэг болгон хөлдөөгчинд -18 хэмээс нам температурт хадгална. Хуушуур хайрах тосны өнгө, үнэр өөрчлөгдсөн тохиолдол ойр ойрхон сольж хэрэглэнэ.
Хоол хүнсийг зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт авч явж зарахыг хориглоно.
Хоол хүнсэнд 2 ба 4 тэмдэглэгээтэй 1 удаагийн сав, халбага, сэрээ, аяга, таваг хэрэглэнэ
.
Айраг, ундны усыг 1 ба 5 тэмдэглэгээтэй саван хадгалж үйлчилнэ. Айргийг шинжилгээнд хамруулсан байна.
Хатуу, шингэн хог хаягдлыг зориулалтын хогийн цэгт тухай бүр хаяж, зайлуулна.
Өмнөх наадмаар илэрч байсан зарим зөрчлүүдээс дурьдвал:
Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх дэвтэргүй, бусдын эрүүл мэндийн дэвтэрийг ашигласан, хугацаандаа урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдан магадлагаа гаргуулаагүй, баталгаажилтгүй, зураг наагдаагүй.
Хоол үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл авсан иргэд нь Мэргэжлийн хяналтын байгууллагын бүртгэлийн системд үйл ажиллагаа эрхлэх бүртгэлгүй байсан.
Ажлын хувцсыг бүрэн өмсөөгүй, нэг удаагийн бээлий, хавчааргүй, зориулалтын төхөөрөмж сав, суулга дутмаг, гар ариутгагч болон гар угаалтуургүй, гар угаах нөхцөлөөр хангаагүй, үнэр орж муудсан махаар хоол хийх, өмнөх өдөр бэлтгэсэн хуушуураа зарахаар завдсан.
Зөвшөөрөлгүй иргэд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд гудамжинд ил задгай шорлог, хөөсөн чихэр, шарсан төмс хийж байгаа, хаана бэлтгэсэн тодорхойгүй хорхог, хуушуур зэргийг гар дээрээс худалдаалах, шошгын шаардлага хангаагүй, хадгалалт, худалдаалалтын технологийн горим зөрчсөн жижиглэн савласан жимс жимсгэнэ, бохир шуудай, уутанд савласан самар, хөөсөн чихэр худалдаалсан зэрэг зөрчлүүд гарч байжээ.
НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР