Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Цагаан сар ба хар зурхай” нийтлэлдээ “Алив улс үндэстэнд үл тасалдах уламжлал, нандин зүйлс байдаг. Тэрний нэг нь шинэ жилээ тэмдэглэх ёсон. Бусдаараа бол өнөөгийн хүмүүс ижилсэж, дэлхийн иргэн болцгоож, түүнийгээ даяаршил, хавтгай болсон дэлхий гэж томьёолж байна. Харын зурхайн Цагаан сар бол хаалттай битүү социалист лагерьт ч, даяаршиж нээгдсэн өнөөгийн нийгэмд ч биднийг монгол болгодог, монгол байлгадаг эрхэм ёсны нэгэн. Бид бүгдийг монгол харагдуулдаг, цагаан сар мину. Даяаршсан ертөнцийн их далайд бид өөрийн цагаан сар, ёс заншлаар далбаа хийж, монгол гэдгээ тунхагладаг. Иргэншил даяаршлын их далайд нийлэхгүй бол оршихгүй, өөрийн гэсэн далбаатай хөвөхгүй бол тогтнохгүй, ийм л юм” хэмээн бичжээ.
Ийм учир “Олонлог” сургууль Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ивээн тэтгэлэгтэйгээр Тусгаар тогтнолын математикийн улсын IV уралдааныг Билгийн тооллын XVII жарны гал тахиа жилийн шинийн 5, 6 буюу 2017 оны гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Тусгаар тогтнолын Анхдугаар олимпиадыг 2011 онд “Өдрийн сонин” болон тус сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга асан Ж.Гангаа болон мэдээллийн News.mn сайтын дэмжлэгтэйгээр Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100 жилийн ойд зориулан зохион байгуулсан юм.
2015 онд зохион байгуулагдсан Тусгаар Тогтнолын улсын III уралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар ивээн тэтгэсэн бөгөөд энэ уралдаанд Улаанбаатар болон аймаг, сумдаас нийт 2100 гаруй сурагч багш нар оролцсон.
Тусгаар тогтнолын Математикийн уламжлалт энэ уралдааныг төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагууд шууд дэмжин оролцдог нь ихээхэн чухал онцлог юм. Монгол хүүхдийг эх оронч, тусгаар тогтнол, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндлэх, үүний тулд цэцэн цэлмэг хурц оюун ухаантай байхыг уриалан дууддаг, олон нийтээс шударга хүртээлтэй чанараараа сайшаагдсан уралдаан болж чаджээ.
Ирэх жилийн арванхоёрдугаар сард БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орон, ОХУ-ын Буриад болон Саха улсаас баг оролцогчдыг урьж оролцуулахаар төлөвлөж байна. Тусгаар тогтнолын Математикийн улсын IV уралдаандаа амжилттай оролцохыг “Олонлог” сургуулийн хамт олон хүсч байна.
Уламжлалт энэ уралдаанд Академич, түүхч Ж.Болдбаатар тусгаар тогтнолын утга учир, эрхэмлэх зүйл, ухаарч явах учиртай захиасуудыг “Олонлог” сэтгүүлээр дамжуулан бичиж ирүүлжээ. Энэхүү захиасыг дор буулгалаа. Таалан хүлээн авна уу.
ТУСГААР ТОГТНОЛ, ҮНДЭСНИЙ ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ
- ТУСГААР ТОГТНОЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ
Тусгаар тогтнол хэмээх ойлголт юуны өмнө, төр ёс үүссэнтэй холбоотой. Төр ёс тогтоно гэдэг нь хүн ам, газар нутаг, төр болон төрийн бүрэн эрхт байдал хэмээх дөрвөн үндсэн зүйлээс бүрдсэн улс оршин байна гэсэн үг юм.
Аливаа улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс байх гол шалгуурууд нь:
А.Тухайн улс нь төрийн бүрэн эрхтэй
Б.Өөрийн гэсэн газар нутаг, хил хязгаарын халдашгүй дархан байдалтай
В.Тухайн улс өөрийн гэсэн иргэний харъяалалтай, иргэнийхээ бүрэн эрхийг хамгаалах улс төр, эдийн засгийн болон хууль эрх зүйн баталгаатай
Г.Өөрийн гэсэн үндэсний хэл бичиг, төрт ёс, түүх соёлтой
Д.Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдэн илэрхийлсэн төрийн сүлд, туг, далбаа, тамга дуулалтай
Г.Улс үндэснийхээ аюулгүй оршин тогтнох нөхцлийг хуулиар тогтоосон байх ёстой. Энэ бүгд нь улс бүхний Үндсэн хууль, Үндсэн хуулийн чанартай актуудаар тунхаглан хуульчлан тодорхойлогддог.
Төрийн бүрэн эрх байдал хэмээх нь төрөөс өөрийн нутаг дэвсгэрт оршин буй хүн ам нь нийтээр заавал дагаж мөрдөх журмыг хэрэгжүүлэх, засгийн бүх ард түмний мэдэлд байх, төрийн байгууламжийн хувьд нэгдмэл болон нэгдмэл бус байх (улсуудын холбоо, холбооны), төр бие дааж ажил төрлөө явуулахыг хэлнэ. Тухайлж хэлбэл, улс төр, эдийн засаг, хууль зүйн хувьд биеэ даасан, хэний ч хараат бус байх явдал юм. Үүнийг манай өвөг дээдэс “Бор гэртээ Богд, хар гэртээ Хаан” хэмээх онч мэргэн үгээр илэрхийлж байжээ.
Аливаа улс оршин тогтнохын үндэс газар нутаг. Газар нутаг халдашгүй дархан байдаг. Ийм учраас улс хоорондын дайн мөргөлдөөн нь их төлөв сөөм газрын төлөө хийх тэмцэл байсан гэж хэлж болно. Үүнээс улс орны дархан хил хэмээх ойлголт гарчээ. Монголын эртний сурвалжуудад улс орнуудтай зэрэгцэн оршихыг “хиллэх”, харин улс дотроо “хил савлах” гэсэн томъёолол хэрэглэж иржээ. Энэ нь улсын хил хэзээ ч савладаггүй, байх ёстой, харин дотооддоо төр засаг захиргааны нэгжийг хуулийн дагуу эрх хэмжээндээ өөрчлөн тогтоож болно гэсэн үг.
Аливаа улс үндэстэн хэл, түүх, соёлын өвөрмөц нандин уламжлалтай байдаг. Тэдгээр нь төрийн тусгаар тогтнолын нэгэн том баталгаа болж байдаг аж. Үндэсний хэл бол тусгаар оршин тогтнохын нэг чухал үндэс. Тухайн улсын түүх бол тусгаар тогтнон оршин ирсэнийг нотолж өгнө. Иймээс гурван хүнтэй улс байхад, нэг нь хаан, нөгөө нь иргэн нь, гурав дахь нь түүхч байдаг гэсэн хууч яриа улс бүхэнд яригддаг. Тухайн үндэстний соёлд давтагдашгүй өвөрмөц онцлог байдгийг бид мэднэ. Энэ бусад улс үндэстнээс тухайн улсыг ялгаруулж, тодотгож өгдөг. Үндэсний соёл бол интернационалжихын хамт үндэсний дархлаагаа хадгалж байдгаараа тусгаар тогтнолын баталгаа болдог.
Эдүгээ дэлхий дахинд 220 гаруй улс туурга тусгаар оршин тогтнож байна.
Улс орны тусгаар тогтнолын тухай ярихад, юуны өмнө тусгаар тогтносон төр улс гэдгийг олон улсын хүрээнд хэрхэн үздэг, ямар шалгуур, зарчим баримталдаг тухай цухас өгүүлэх хэрэгтэй болно. Эдүгээ дэлхий нийтээр дараах үндсэн ойлголт зарчим, үзэл хандлагыг хүлээн зөвшөөрч, даган баримталж байгаа билээ. Олон улсын эрх зүйд нэлээд түгээмэл баримталдаг, аливаа улсын бүрэн эрхийг бусад улсууд хүлээн зөвшөөрсөн цагт л сая тухайн улсыг олон улсын харилцааны этгээд, тусгаар тогтносон улс хэмээн тооцох ёстой гэж үздэг үзэл ухал байхаас гадна үүнийг хэрэгсдэггүй онол, хандлага ч байдаг байна. Тухайлбал, 1933 онд баталсан “Улсуудын эрх, үүргийн тухай Монтевидеогийн Конвенц”-ийн 1 дүгээрт байнгын хүн ам: хоёрт, тухайлан заагласан нутаг дэвсгэр: гуравт, төр засаг, дөрөвт бусад улсуудтай харилцаанд орох чадамж” хэмээн томъёолоод, 3 дугаар зүйлд: “бусад улсуудаар хүлээн зөвшөөрөгдсөн байдал нь улсыг тодорхойлох хүчин зүйл болохгүй” гэж цохон заажээ. Үүнчлэн, Европын Хамтын Нийгэмлэгээс гаргасан “Тухайн этгээд тусгаар тогтносон улс болохыг тодорхойлох болзол” гэх баримт бичигт мөн л дээрх шалгуурыг дурдаад, “улс бий болох нь факт бөгөөд харин тэдгээрийг бусад улс хүлээн зөвшөөрөх нь факт биш, тунхаглалын чанартай хүчин зүйл мөн … тусгаар тогтнох үндсэн шалгуур нь хүлээн зөвшөөрөгдсөн байдал биш, харин бүрэн эрх” хэмээн томъёолсон байна.
Энэ бүхнээс үзэхэд, өнөөгийн Монгол Улсын хувьд, монголчууд бидний хувьд 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр нь яах аргагүй “Тусгаар тогтнолын өдөр” мөн билээ. Тийм ч учраас энэхүү түүхт үйл явдлын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн зүгээс зарлиг гаргаж, өнөөгийн Монгол Улсын сэргэн мандлын эхлэл болсон энэхүү өдрийг бүх нийтийн баярын өдөр болгосон нь зүй ёсны хэрэг юм.
Эндээс өрнө, дорнын зарим судлаачдын үздэгчлэн нүүдэлчид, түүний дотор монголчуудын хувьд эртнээс тусгаар тогтносон төр улс жинхэнэ утгаараа байгаагүй, хожим буй болсон гэх буюу 1911 оны хувьсгалын дараа Монгол улс тусгаар тогтнолоо олоогүй гэж үздэг нь үндэслэлгүй болох нь харагдаж байна.
- МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ
Монгол улсын тусгаар тогтнолын түүх юуны өмнө, Монгол нутагт төр ёс тогтсонтой холбоотой. МЭӨ 209 онд Модун Хүннүд төр ёс тогтоож, улс байгуулан, улмаар хоёр том тивийг дамнасан их гүрэн байгуулж байсан билээ.
Хүннү нь:
- Модун шаньюйгийн үед Хүннүгийн хүн амын тоо нь 1,5 сая орчим байжээ. Харин эзэнт гүрэн болох үедээ Хүннүгийн хүн амын тоо нь хэд дахин нэмэгдсэн нь ойлгомжтой.
- Хүннү улс тодорхой газар нутаг, хил хязгаартай, түүнийг хариуцаж сахин суух вантай, хил хамгаалалтын цэрэгтэй байжээ.
- Хүннү улс бол төрийн хэлбэрийн хувьд хаант засагтай, төрийн тэргүүн буюу шаньюй нь хэмжээгүй эрхт хааны эрх эдэлж байсан зэргээс үзэхэд бүрэн тусгаар тогтносон улс байсан гэж болно.
- Хүннүг залгамжилсан Монгол нутаг дээр оршин тогтнож байсан Сяньби (I-IV зуун), Монгол Нирун (330 оны орчмоос 555 он) улсууд бол туурга тусгаар байдлаа хадгалж байсан бүлгээ. Тэд мөн л хүн ам, газар нутаг, төр болон төрийн бүрэн эрхт байдал хэмээх орчин цагийн улс төрийн шинжлэх ухааны “улс” хэмээх ухагдахууны үндсэн шинжийг хадгалж байв.
Монгол нутагт харь угсааны Түрэг, Уйгар зэрэг улсууд төр улсаа байгуулан эзэгнэж байх үед Татарын ханлиг бие даан оршиж, тусгаар тогтнолын голомтоо хадгалж байсан юм.
Х-XII зууны үед Хамаг Монгол, Хэрэйд, Найман зэрэг төр ёсны бүрдэл бүхий ханлигууд тодорхой хэмжээгээр бие даан оршиж байв. Эдгээр аймаг, ханлигуудын дотроос 1189 онд Тэмүжин Хамаг Монголын нэгдлийг дахин сэргээснээр төрийн чамбай бүрдлийг бий болгон бусдыгаа оройлон манлайлж, Их Монгол Улс байгуулагдах урьдач нөхцөлийг бүрдүүлжээ.
1206 оны намар эсгий туургатан улс энх шударга болж, Барс жил Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад Тэмүжинд Чингис хаан (Далай хаан) цол өргөв” хэмээн “Монголын нууц товчоо”-эд тэмдэглэжээ. Ийнхүү монгол угсааны олон аймгуудыг нэгтгэн захирсан туурга тусгаар Монгол улс Ази тивийн энгэр цээжинд мандсан юм. Их Монгол Улс хаяа тэлж, дэлхий соёл иргэншлийн гол төвүүдийг эзэгнэсэн дэлхийн хэмжээний их гүрэн байгуулжээ. Монголын эзэнт улс Орос дахь Монголын хаант улс, Дундад Ази дахь Монголын хаант улс, Иран дахь Монголын хаант улс, Орос дахь Монголын хаант улс буюу Алтан ордон улс, Хятад дахь Монголын хаант улс буюу Монголын Юань улсуудад хуваагдаж байв. Энэ үед их Монгол Улс нь улсуудын холбоо шинжтэйгээр оршин тогтнож байв.
Монголын Юань улс (1264-1368) нь дорно дахиныг бүхэлд нь эзэгнэсэн эзэнт улс байсан бөгөөд Хубилай өвөг эцэг Чингис хааны дараа дэлхий дахинд Монголын нэрийг мөнхөлсөн түүхт хүмүүн юм. Харин XIV зууны сүүлчээс XVII зууны үед монголчуудын тусгаар тогтнолын багана хазайж бууран доройтсон билээ. Үндэсний эв нэгдлээ хичээж чадаагүй улмаас Манж Чин улсын эрхшээлд 200 гаруй жил болсон байна. Энэ үед монголын ард түмэн тусгаар тогтнолынхоо төлөө цуцалтгүй тэмцэж байсан бөгөөд үүний тод жишээ бол 1755-1758 онд болсон Амарсанаа, Чингүнжав нарын бослого юм. Тэр цагаас ХХ зуун хүртэл Манжийг эсэргүүцсэн тэмцэл Монгол орны өнцөг булан бүрт гарсаар байв.
Тусгаар тогтнолын үнэ цэнийг яс махандаа тултал мэдэрсэн монголчууд ХХ зууны эхнээс тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнүүлэн 1911 оны 12 дугаар сарын 29-нд үндэсний тусгаар тогтнолоо сэргээснээ зарлаж, VIII Богд Жэвзүндамбыг Монгол Улсын хаан ширээнд өргөмжилжээ.
Хөрш хоёр их гүрний хавсайдалтаар Монгол тусгаар тогтнол хязгаарлагдсан боловч 1921 онд дахин тэмцэн босч туурга тусгаар улс болсон билээ.
Тус улс 1924 онд улсын анхдугаар их хурлаараа тусгаар тогтнолоо хуульчлан баталгаажуулсан Үндсэн хуультай болж, дэлхий дахины улс төрийн хөгжлийн чиг хандлага болсон Бүгд Найрамдах Улсыг тунхаглажээ. Цаашид бүрэн эрхт улсаа 1940, 1960 оны Үндсэн хуулиудад залгамжлан хуульчилж бэхжүүлсэн юм. Түүхийн хөгжлийн энэ явцад манай улс олон улсаар хүлээн зөвшөөрөгдөхгүй байсан бөгөөд нэлээд ярвигтай замыг туулж өдий зэрэгт хүрчээ. 1945 оны 2 дугаар сард Ялтад (Крымд) болсон Зөвлөлт Холбоот Улс, Америкийн Нэгдсэн Улс, Их Британийн Засгийн газрын тэргүүн нарын бага хурал Бүгд Найрамдах Монгол Ард Улсын статус кво-г (Байгаа хилээр нь хүлээн зөвшөөрөх) хэвээр үлдээнэ гэж тохирчээ. Энэ нь манай улсыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрөх уг үндсийг тавьсан байна. 1945 оны аравдугаар сарын 20-нд монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө бүх нийтийн санал хураалт явуулж, зуун хувь санаа өгснөөр өмнөд хөрш Хятад улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Түүнээс хойш олон арван орон манай улсыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоон, олон жилийн шаргуу хүчин чармайлтын үрээр 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон байна.1992 оны Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд, “Монгол Улс бол тусгаар тогтносон бүрэн эрхт бүгд найрамдах улс мөн” гэж заажээ. Эдүгээ Монгол улс дэлхий дахинд нээлттэй, дэлхий дахинд Монгол нээлттэй болсоныг бахархан тэмдэглэж байна.
- ТУСГААР ТОГТНОЛ БА ГАЗАР НУТАГ, ХИЛ ХЯЗГААР
Хүннүгийн үеэс Монгол нутагт төр улс оршин тогтнохын нэг эрхэм чухал үндэс-газар нутаг хил хязгаар баттай тогтжээ. Түүхэн сурвалжид тэмдэглэснээр, Модун шаньюй хөрш Дунху нарт сайн хүлэг морь, хайртай хатнаа найр тавин өгсөн хэрнээ Хүннү, Дунху нарын хилийн зааг дахь “орхигдсон нутаг”-ийг өгөхөөс эрс татгалзаж, “газар бол улсын үндэс” хэмээх алдарт үгээ хэлсэн ба Дунху нарыг цэрэглэн довтолж бут цохисон гэдэг. Тийнхүү энэ үеэс “Газар бол улсын үндэс” хэмээх ойлголт дараа дараагийн улсуудад уламжлагдан, эдүгээ хүртэл Монголын төр ёсны үзлийн тулгуур ойлголт хэвээр байна.
Монголын төр эртнээс газар нутаг, хил хязгаарынхаа халдашгүй дархан, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг сахин хамгаалах явдлыг энэ тэргүүнд тавьж, хүч анхаарлаа тавьж ирсэн уламжлалтай. Анх МЭӨ 198 онд Хүннү, Хан улсын хооронд байгуулсан түүхэн гэрээгээр улсын хил албан ёсоор тогтож, энэ нь мянган дамжин баталгаажиж, хадгалагдсаар ирсэн бүлгээ.
Тэр цагаас хойш Монгол орны Онон, Хэрлэн, Туулын хөндий, Алтай, Хангай Хянганы нурууны хоорондох нутаг нь эртнээс бидний өвөг дээдэс болох нүүдэлчдийн эзэнт улсуудын үндсэн голомт нутаг байсаар ирсэн юм. Чухам энэ л нутагт Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгар, Монголын эзэнт гүрэн төвлөн оршиж, сүр хүчээ дуурсгаж явсан билээ. Хожмоо ч Монгол улсын гал голомт чухам энэ л нутаг дэвсгэрт төвлөн бадарч, хэдийгээр тасчуулан тануулсан ч гэсэн өнөөгийн Монгол Улс тэрхүү үндсэн голомт нутгаа хадгалан, сахин хамгаалж оршсоор байна.
1289 онд Тэмүжин Хамаг монгол улсын нэгдлийг дахин сэргээж, улмаар Татар, Онгуд, Мэргэд, Найман, Хэрэйд, Ойрад зэрэг Монгол угсааны бүх ханлиг аймгуудыг хураан нэгтэж, Их Монгол Улсаа байгуулан, Монгол хэмээх нэрийг, төр улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий дахинаа цуурайтуулан бадраасан юм.
Их Монгол Улс тусгаар тогтносон улс, хаант төрийнхөө эрх сүр, хүч чадлыг илтгэсэн төрийн ёс бэлгэдлийг бий болгожээ. Эдгээр нь төрийн хаш тамга, есөн хөлт цагаан сүлд, дөрвөн хөлт их хар сүлд, гэрэгэ зэрэг болно.
Чингис хаан түүнийг залгамжлагчид улс орныхоо тусгаар тогтнолыг улам бататган бэхжүүлэх, хил хязгаарынхаа амгалан тайван байдлыг сахин хамгаалахад чиглэгдсэн дотоод, гадаад идэвхтэй бодлого явуулж байв.
Монгол Улсын Үндсэн хуулийн (1992) “Монгол улсын бүрэн эрхт нэгдүгээр бүлгийн дөрөвдүгээр зүйлийн нэгд: “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна” хэмээн заажээ.
Монгол Улсын Их Хурал 1993 оны аравдугаар сарын 21-ний өдөр, “Монгол улсын хилийн тухай” хуулийг баталсан байна. Уг хязгаарыг газрын гадаргуу, учны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ. Уг шугамаас эгц дээшээ агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна” гэж тодорхойлжээ. Үндсэн хууль ёсоор Монгол Улсын хил нь манай улсын нутаг дэвсгэрийн бусад улсын нутаг дэвсгэрээс зааглан салгаж өгнө. Улсын хил нь тухайн нутаг дэвсгэрийн дээд эрхийн хязгаарыг түүний мэдэлд орших байгалийн бүх баялгийн хамт зааглан тогтоодог учраас асар их ач холбогдолтой юм.
Улсын хилийг тодорхойлох, тогтоох, өөрчлөх асуудлыг Монгол Улсын Их Хурал, улсын хилийг хамтран шалгах асуудлыг Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэнэ. Улсын хилийг газар дээр нь тогтоохын тулд хил залгаа улстай хилийн шугамыг тодорхойлж, хилийн шугамыг тодорхойлж, хилийн гэрээ байгуулна. Уг гэрээг Улсын Их Хурал соёрхон батална. Хил тогтооход хил орчимд оршин суугаа ард иргэдийн хүсэлт, улс орны хөгжилд чухал ач холбогдол бүхий эдийн засаг, газарзүй, түүхийн болон бусад хүчин зүйлийг харгалзан үздэг. Монгол улс ОХУ-тай 3450 км газраар хил залгадаг бөгөөд БНМАУ, ЗХУ-ын хооронд 1958 (Тувагийн хэсэг) ба 1976 онд (үлдсэн хэсэг) байгуулсан хилийн гэрээнүүд үйлчилж байна. БНХАУ-тай 4672,2 км газраар хил залгадаг. БНМАУ, БНХАУ-ын хооронд 1962 оны хилийн гэрээ байгуулсан болой.
Монголчууд энэ л тодорхой хил хязгаарын дотор унаж төрсөн газар орноо, эс ширхэг нь болсон энэ л ард түмнийхээ үүх түүхийг энэ орчлонд өөрийг нь тээж төрүүлсэн ээжтэйгээ адилтган зүйрлэн үздэг, тиймдээ ч эх нутаг, эх түүх хэмээн хүндэтгэн нэрийддэг билээ. Тиймээс эх орноо, газар нутгаа энэ л биеийнхээ нэг хэсэг мэт хайрлан хүндэтгэж, халдах дайсан, харшлах үйлээс ямагт хамгаалан тэмцэж ирсэн уламжлалтай. Энэхүү нандин уламжлалыг бид өвлөн үргэлжлүүлж, ирээдүй хойч үеийнхэндээ залгамжлуулан өгөх учиртай. Энэ бол улс орон, тусгаар тогтнолынхоо төлөө та бидний хийх ёстой нэгэн ариун зүйлс мөн.
Тэгэхдээ бид түүхийн гашуун сургамжийг бас мартах ёсгүй. Харийн бодлого, түрэмгийлэлд автаж, тусгаар тогтнолоо алдан, хөрш их гүрнүүдийн өрсөлдөөн, хуйвалдааны золиос болж, эх нутаг, элгэн түмнээ хэдэнтээ тасчуулан хуваалгасан газар нутгийнхаа тодорхой хэсгийг өөрийн эрхгүй бусдад алдахад хүрсэн эмгэнэлтэй түүхийг ч бид нэг бус удаа туулсан.
Улс орны тусгаар тогтнол нь үндэсний аюулгүй бодлогын анхаарлын төвд ямагт байсаар ирсэн байсаар байна. Монголын тусгаар тогтнолын цаад үндэс нь нүүдлийн мал аж ахуй, нүүдэлч малчид, тэдний эх нутаг, байгал орчиндоо ээлтэй харьцах сэтгэлгээ юм. Энэхэн замбуулинд хамгийн бие даасан тусгаар тогтносон чөлөөт иргэн бол монгол малчин хүн гэж хэлж болно. Ийм ч учраас их Нацагдорж “Миний нутаг” шүлэгтээ:
“Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш (янагш чинагш) сүлжих тэнэгэр сайхан нуруутай
Дөрвөн цагийн улирал дор дураараа нүүх нутагтай
Таван зүйлийн тарианы хөрс шороо газартай
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон” гэжээ.
Ингэхлээр Монголын тусгаар тогтнолын нэг өвөрмөц илэрхийлэл бол яах аргагүй нүүдэлч малчин хүн болой. Гэтэл өнөө үед хот суурин газар өссөн алсын хараа муутай улс төрчид нүүдлийн мал аж ахуй үеэ өнгөрөөсөн хэмээн дайрч, шууд суурьшмал мал аж ахуйд шилжих тухай ярих болов. Яахав, том хот сууринг дагалдан суурьшмал мал аж ахуй (фермийн аж ахуй) эрхлэх нь тухайн хүний эрх, бизнесийн эрх чөлөө. Харин уламжлалт мал аж ахуйгаа адлах нь улс, үндэстнийхээ эрх ашгийг умартаж, ирээдүйгээ бүрхэгдүүлж буй хэрэг юм. Даяаршлын аварга том хүрдэнд няц дайруулчихгүйн тул дангаарших, бүр ондоосох байр суурь баримтлах ёстой. Энэ нь довоо тэвэрч хэвтэн, жожигроно гэсэн үг ч биш ээ. Дэлхийн хэмжээнд сэтгэж, нутгийн хэмжээнд хийнэ гэсэн үг. Уламжлал, шинэчлэлийн улбаанаас үр гаргана гэсэн утга. Алгасч болдоггүй, орхиж болдоггүй, огоорч болдоггүй тийм зүйл буй. Тэр нь уламжлал юм: Энэхүү уламжлал нь хүн ертөнцийн ахмад, идэр, залуу үеийн чандмань холбоог хадгалж, хүн төрөлхтөн өнө мөнх орших ундрага болж байдаг. Уламжлалыг шинэ агуулгаар баяжуулан тээгчид нь өнөөгийн хүүхэд залуу Та нар юм.
Та бүхэн сурсан шиг сурч, өөрийнхөө ажил мэргэжилдээ зуун хувь сэтгэлээ өгч, брэнд бүтээгдэхүүн гаргаж чадах юм бол улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг бэхжүүлж бататгаж байгаа хэрэг юм. Тухайлж хэлбэл, манай улсын иргэн бүр нийгэм олонд төдийлөн нэмэр болж чадахгүй юм шиг бодогдож байж байсан ч өөрийгөө бүрэн дүүрэн болгоод байвал улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг хамгаалж, улс орондоо тус болж байна гэсэн үг.
- ҮНДЭСНИЙ ЭРХ ОРОНЧ ҮЗЭЛ
Улс орны тусгаар тогтнолын асуудал үндэсний аюулгүй бодлогын анхаарлын төвд ямагт байсаар байна. Ийм учраас Улсын Их Хурал “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Гадаад бодлогын үзэл байримтлал” зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг баталсан.
Тусгаар тогтносон бүрэн эрхт улсын иргэдэд л эх орон байна, эх оронтой учраас тэдэнд эх оронч үзэл төлөвшдөг. Эдүгээ дэлхий дахинд эх оронч үзлийн агуулгын хувьд уламжлалт, эдүгээжсэн хэмээн хэв маягт хуваан үзэж байна. Үүнд:
- Уламжлалт эх оронч үзэл нь түүхэн ёсоор тогтсон эх орны хилийн дээсний хүрээнд ээнэгшин найрсч, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан баатар жанжин, цэрэг эрсийнхээ баатарлаг дайчин уламжлал, гол төлөв эх түүх, соёл, хэл, заншлаараа бахархах явдалд суурилсан үнэт зүйлсийн цогц болой. Энэ нь их төлөв хөгжиж байгаа орнуудад нилээд тогтвортой, дархлаажсан шинжтэй байна. Эдгээр орнуудад төр засгаас эх оронч үзлийг цэрэг-эх оронч үзлийн үүднээс илүү төлөвшүүлэх бодлого явуулдаг. Ялангуяа өнгөрсөн үеэрээ бахархах, түүхэн уламжлалаа хадгалах эрмэлзлэл давуутай байдаг.
- Эдүгээжсэн эх оронч үзэл нь дэлхий дахины болон үндэсний үнэт зүйлсийн харилцан шүтэлцээнд тулгуурласан иргэнлэг, ардчилсан, хүмүүнлэг шинжийг илүү агуулж байна. Өдгөө эх оронч үзэл нэгэн улсын хүрээнээс хальж, нэг тив, нэг бүс нутаг-нэг гэр орон, улмаар энэхэн замбуулин-бидний өлгий нутаг хэмээн ярьж, бичиж тэлж задгайрах хандлага бүхий байна. хэмээн үзэх нь буй. Манай оронд эх орнч үзэл төлөвших үйл явц нь их төлөв эхний хэв маягт хамаарах бөгөөд хоёр дахь хэв маягийн зарим бүрдлийг ч агуулж байна гэж үзэж болох юм. “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д: “Улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын үзэл бодлын үндэс нь эх оронч үндэсний үзэл байна” гэжээ. Ийм учраас эх оронч үзэл нь үндэсний мэдрэмж, үндэсний ухамсар, үндэсний үзэл, үндэсний бахархал, үндэсний сонирхол, үндсэрхэх үзэл зэрэг олон ойлголтуудтай нягт холбоотой.
Хүн төрөлхтөний түүхийн ойрхи үед бүтээсэн, бүтээж буй тогтолцоо нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм юм. Эл нийгэм нь хүмүүсийн нийтлэг-үндэстнийг шинэ төлөв байдалд оруулах хандлага бүхий байна. Үндэстэн нь улс төрийн эрх, эрх чөлөө бүхий иргэдээс бүрэлдсэн төдийгүй соёлын нэг нийтлэг бүхий угсаатны бүл бүлгээ. Ойрхи үеийн үндэстэн нь “хэн л бол хэн” гэсэн зарчим дээр үндэслэн ардчилал, тэгш эрх, эрх чөлөө баталгаажсан чөлөөт, тогтвортой тогтолцооны бүл болон хөгжих ёстой гэж үздэг.
Үндэстэн оршин тогтнож буй цагт үндэсний мэдрэмж байх нь зайлшгүй. “Өөрөө өөрийгөө танигтун” гэж эртний грекийн гүн ухаантан Фалес өгүүлсэн байдаг. Энэ нь тухайн хүнд төдийгүй бүхэл бүтэн үндэстэнд хамаарна. Үндэсний ухаарлын эхний шат нь үндэсний мэдрэмж юм. Угсаатан үндэстнүүд үүсэн бий болсноос хойш өөрсдийгөө мэдэрч ухаарсан хэсэг нь өөрийн газар нутгаа төдийгүй хаяа тэлж, төр улсаа төвхнүүлэн, түүхэнд гүн ул мөрөө үлдээж иржээ. Үндэсний мэдрэмж багатай нь төрийн тусгаар тогтнолоо алдаж, үндэстний хувьд мөхөж, бусдад уусан алга болж байсныг түүх гэрчилнэ. Чингэхлээр эх оронч үзэл, үндэсний ухамсар бүрэлдэх айхны алхам нь үндэсний мэдрэмж болой.
Эдүгээгийн монгол хүний үндэсний мэдрэмжийн цөм нь би монгол хүн гэдгээ, тодруулж хэлбэл өөрийгөө ухаарахуй юм. Дэлхийн газар нутгийн 1 хувь, хүн амын 0,004 хувийг эзэлж буй 2 сая 800 мянга гаруй хүнтэй Монгол улсын нэгэн амьд эд эс, чөлөөт зах зээлд хөл тавьж, ардчиллын үнэт зүйлсийг хүртэх, бас шинээр бий болгох эрх, үүрэгтэй гэдгээ ухаарах явдал билээ. Бас даяаршлын нөхцөлд Монгол мэтийн жижиг улс үндэстэн яаж дасч зохицож, үлдэж хоцрох нь чухамхүү иргэн залуус биднээс шалтгаална гэдгээ ухаарах ёстой.
Үндэсний мэдрэмж иргэн бүрт сууснаар нийт үндэсний ухамсар төлөвшинө. Ухамсар нь ямар нэг мэдлэг, мэдрэмжийн нийлбэр маягаар оршин байж байгаад аяндаа сэтгэлгээний соёл болж чадахгүй, иймд ухамсар “өөрийгөө ухамсарлаж” ухамсарлал, ухамсарт чанар хүртэл чанарын хувьд шинэ агуулгаар дэвжин дээшлэх ёстой. Үндэсний ухамсар нь үндэсний үнэт зүйлс, удам угсаа гарвал, төрийн тусгаар тогтнол, соёл иргэншил, үндэсний уламжлалаа танин мэдэж ойлгосон эл ухамсарын тодорхой түвшин болох үндэсний мэдрэмж, өөрийн үндэстний үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх сэтгэл хөдлөл болох үндэсний бахархал, зүг чигээ олж чадсан, ухамсарлан ойлгосон, зорилго чиглэл бүхий бие хүний эзэн ёсны сэтгэлгээ, үйл ажиллагаа зэргээс бүрдэнэ. Үндэстэн өөрийгөө улам бүр танин мэдэж, хамгийн гол нь чухам юу ухамсарласнаа амьдралд сахин хэрэгжүүлэх нь чухлаас чухал юм.
Чингэхлээр, үндэсний ухаарлыг зан заншил, шашин суртахуун, уламжлал, шинэчлэлийг шингээсэн тухайн үндэстний соёлын өвөрмөц байдал, үндэстнийхээ арга, билгийн нэгдлийг ухаарах мэдрэмж, зөв үзэл ухал, нэлээд дархлаажсан итгэл үнэмшил, үнэт зүйлс, үнэлэмжийн тухай баримтлалын цогц хэмээн ойлгож болох юм. Эх түүх, хэл, язгуур соёлоо бишрэн бахархах, бас үндэстнийхээ сул талыг ухаарч, илааршуулах явдал ч үндэсний ухамсрын агуулгад зүй ёсоор багтан орно. Үндэсний ухамсрыг алсын хараа, бодлоготой, эерэг төлөвшүүлэн нийт үндэстнээ чиглүүлэн хөтөлж чадсан тэр л цагт үндэстэн өөрийн гэсэн үзэл, бахархал, сонирхолтой болж сая чадна. Иймээс ч М.Вебер “Үндэстэн бол мэдрэхүйн хамтын нийгэмлэг мөн” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Эх түүхээ сайтар мэдэн, сургамж, сэрэмжлүүлэг авч, аялгуу сайхан эх хэлээ хайрлан, хамгаалж, нуттай эзэмшихгүйгээр үндэсний ухамсар, үзэл ухал хэзээ ч төлөвшихгүй. Түүхийн ухамсар, эх хэлээ эрхэмлэхүй нь эх оронч үндэсний үзлийн цөм, үндэсний ухамсар, үзэл ухлыг тодорхойлогч гол шижим юм. Тоогоор цөөн үндэстэн эх хэлнийхээ дархлааг бэхжүүлж, түүхийн ухамсраа хайхрахгүй бол мөхнө.
Монголын төр эдүгээчилсэн үндэсний үзэл, ардчилсан үнэлэмжийг баримтлахын хамт уламжлалт үндэсний үзлийн торгон мэдрэмжээ бас хадгалж, дангаарших чиглэлтэй байх ёстой. Иймээс өсвөр, залуу үеийнхээ эх хэлний мэдлэг боловсролд түлхүү анхаарч, эх хэл, сэтгэлгээний дархлал бий болгож өгөхгүй бол монгол түмний маань ирээдүй илт бүдгэрнэ. Дэлхийчлэх хандлага эрчимтэй өрнөж, мэдээллийн хурд асар ихсэж буй нөхцөлд ЮНЕСКО- гийн судалгаагаар жил тутам 18-20 хэл мөхөж байгаа ч гэсэн мэдээ буй. Ингэж ухаалаг үндэстнүүд хэл бичгээ хамгаалж, унхиагүй хэсэг нь төрөлх хэлээ гээсээр байна. Ийм нөхцөлд Төрийн шагналт, яруу найрагч З.Дорж эгээ л толгой холбох гэсэндээ “Хэл, хил, мал гуравгүй бол хэн өрөвдөлтэй вэ? Монгол өрөвдөлтэй” гэсэн үгийг хэлээгүй болов уу. Иймээс Улсын Их Хурлаас баталсан “Төрийн эх хэлний тухай” хуулийг чанд хэрэгжүүлэх хэрэгтэй болж байна. Учир нь бичиг үсэг, эх хэл нь үндэсний ухамсар, сэтгэлгээг өөртөө шингээж, үндэсний ахуй, сэтгэлгээ, ухамсар гурвыг гурамсан шүтэлцээнд хадгалж байдаг билээ.
Үндэсний ухамсар, үзэл ухал нь юуны өмнө, түүхийн ухамсрын төлөвшлөөр тодорхойлогдоно. Учир нь, түүхийн ухамсрын эх сурвалж болох улс үндэстэнийхээ түүхийг танин мэдэхгүйгээр үндэсний үзэл хэзээ ч төлөвшихгүй. Үндэсний ухамсар, түүхийн ухамсрыг уулзуулж буй цэг нь түүхийн мэдлэг болой. Чингэхлээр үндэсний ухамсар нь эх түүхээс сурвалжтай агаад бие хүний итгэл үнэмшил болгон нутад эзэмшсэн үндэсний үнэт зүйлсийн тухай мэдлэг, түүнд хандах чиг хандлага гэж хэлж болно.
Эдүгээжсэн эх оронч үзлийн үүднээс хандвал эл асуудал тэргүүн зэрэгт тавигдахгүй мэт боловч, монголчууд Эзэн Богд Чингис хаанаараа бахархахгүй байхын аргагүй. Их хаан, түүний үр сад ХIII-ХIV зуунд дэлхийн талыг эзэгнэж, ийнхүү хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн хорин зууны хоёр нь монголоор овоглож, монголоор амьсгалж байсан юм. Эдүгээ дэлхий дахинд 220 гаруй улс буй гэх бөгөөд тэднээс хэн нь ч хүн төрөлхтний хөгжлийн бүхэл бүтэн хоёр зууны түүхийг тодорхойлж байсангүй. Үүнд монголчуудын үндэсний бахархал оршин байна. Гэхдээ энэ нь хоосон омогшил, хөөрөл, бахархал байх ёсгүй. Иймээс адилтгаж болохуйц Чингис хааны үеийн их хурдыг чухам түүхийг тодорхойлж байсангүй. Үүнд монголчуудын үндэсний бахархал оршиж байна. Гэхдээ энэ нь хоосон омогшил, хөөрөл, бахархал байх ёсгүй. Иймээс өдгөөгийн интернеттэй адилтгаж болохуйц Чингис хааны үеийн их хурдыг чухам гал голомтоо сахиж байгаагийн хувьд бидний монголчууд л шинээр өвлөж, шинэ шатанд гарган, хөгжин дэвжихийн уг сурвалж болгох ёстой. Түүнээс үүдэн, монголчууд бид эн тэргүүнд оюун ухааныхаа хурдыг асар их нэмэгдүүлж, дэлхийн цараатай, болж өгвөл давж сэтгэх явдал чухлаас чухал болж байна. XXI зуун бол зэвсэг хангинуулж, эр бяраа үзэлцэх зуун биш ухаанаа уралдуулж, илдийн чадлаас билгийн ид шид хүчтэйг улам бүр нотлон харуулах цаг үе байх болно.
Өмнөх үеэ тойлсон хүн юм юмтай хоцордогийг манай ард түмэн ойлгон ухамсарлаж, түүх үүхээ нэн эрхэмлэж иржээ. Олон зууны турш дэлхийн бодлогыг тодорхойлогч аугаа их хоёр хөршийн дунд туурга тусгаар байдлаа хадгалан үлдсэний нууц ч энэ байж болох. Монголын их бичгийн хүн Ванчинбалын Инжинаши: “Үндсээ үл мэдэх нь адгуус буюу. Тайж бөгөөд өвөг юугаан үл мэдэх нь мал буюу. Нүдтэй бөгөөд түүхээ үл үзэх нь сохор номин буюу. Мэдэлтэй бөгөөд язгуур юугаан үл мэдэх нь мунхаг гахай буюу” хэмээжээ. Тэрбээр түүхээ судлахын ач холбогдлыг эхлээд зон олонд, дараа нь язгууртан дээдэст, ахин иргэн бүрт, дахин эрх мэдэл бүхий албан тушаалтанд ээлж дараалан эсрэгцүүлэн ханджээ. Чингэхийн учир нь, юуны түрүүнд эрх мэдэл бүхий хүмүүс эх түүхээ нягтлан судалж, түүхээс ухаарал сургамж авч, олон түмнийг араасаа үлгэрлэн дагуулахыг чандлан анхааруулсан хэрэг юм.
- ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ
Үндэсний мэдрэмж, ухамсар, үзэл ухал, түүхэн ухааралтай хүн сая үндэсний бахархалтай байж чадна. Бахархах юмтай, түүндээ урамшсан ард түмэн улс орноо хөгжүүлж чадна. Үндэсний бахархал нь дэлхий дахины болон бүс нутгийн түүхэнд элэнц хуланц, эцэг өвгөдийнхөө, чухам бидний монголчууд өөрсдийнхөө гүйцэтгэсэн болон гүйцэтгэх үүргээ ухаарсны үндсэн дээр буй болно. Тухайлбал:
- Монгол орон хүн төрөлхтөний уугуул нутгийн нэг болох хувь тохиосон,
- 1206 онд Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол улс, улмаар дэлхийн талыг эзэгнэсэн их гүрэн нь “төр”, “улс” гэдэг ухагдахууныг жинхэнэ байх ёстой утгаар нь дэлхийн олон үндэстэн угсаатанд, бүр тодруулж хэлбэл, өдгөөгийнхөө хоёр их хөршдөө яс маханд нь тултал ухааруулж ойлгуулсан,
- Монголчууд тухайн тэр цагт Өрнө, Дорныг эдийн засаг, соёлын түмэн шижмээр холбож өгсөн, бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн хөтлөх талаар дэлхийн эдийн засгийн түүхэнд үнэнхүү бие даасан өвөрмөц арга ухаан, технологи, соёлыг бий болгосон,
- Түүх-утга зохиолын хосгүй гайхамшигт дурсгал, “Монголын нууц товчоон”, “Гэсэр”, “Жангар” зэргийг бүтээн, худам, дөрвөлжин, тод, соёмбо, али гали, вагиндрагийн зэрэг олон үсэг бичгийг зохион хэрэглэж, номыг алт, мөнгө, есөн эрдэнээр бүтээж, торгоор баринтаглаж, хоймороо залж, номонд хөшөө дурсгал босгон дээдэлж ирсэн,
- Леонардо да Винчи, Х.Рембрадтын зургаас үл дутах Очир дара бурхан, язгуурын таван бурхан, найман мөнгөн суврагыг Өндөр гэгээн Занабазар бүтээж, өдгөө уран нүд, билгийн мэлмийгээрээ алдаршин, монгол түмний нэрийг дэлхий даяар дуурсгаж буй, бусад улс үндэстний уран сайхны соёлд үл давтагдах ардын уртын дуу, хөөмий, уран нугаралт зэрэг сонгодогийн сонгодог ая дан, уян налархайг бий болгосон,
- Хамгийн гол нь өмнөд Монгол Манжийн түрэмгийлэлд 1636 онд автсанаас хойш 275 жил, Халх Монгол 1691 онд Манжид дагаар орсноос хойш 220 жил, Ойрад Монгол Манжид эзлэгдсэнээс хойш 160-аад жилийн дараа туурга тусгаар төр улсаа дахин сэргээж, сөнөж мөхөхийн босгонд тулсан үндэс угсаагаа авран хамгаалсан,
- Түүхийн ахар богино хугацаанд эдийн засаг, улс төр, оюуны хүрээнд багагүй амжилт олж, хүн төрөлхтөний жам ёсыг ухааран, ардчилал, зах зээлийн замд орж, өдгөө дэлхийн хамтын нийгэмлэгт баттай байр суурь эзэлснээ монгол хүн бүр түүхийн үүднээс ухаарах явдал юм.
Дорно дахины, юуны өмнө монголчуудын “өөрийн биеийг ухаарахуй” нь манай улс, үндэстэн өөдлөн дэвжихийн үндэс мөн. Ингэхлээр монгол үндэстэн өөрийгөө түүхийн үүднээс танин мэдэж, гол нь чухам юу ухамсарласнаа амьдралд сахин хэрэгжүүлэх нь нэн чухал болж байна. Тухайлж хэлбэл, бидний монголчууд дэлхийн хэмжээнд сэтгэж, нутгийн хэмжээнд хийж бүтээх нь юу, юунаас илүү эрхэм болж байна. Хүн төрөлхтөн нийтлэг үнэт зүйлсээ ухаарч, улам бүр ойртож, дэлхийчлэлийн үр дагаврыг амсч эхэлснийг өмнө тэмдэглэсэн. Үүнд тайвшрах ёсгүй. Их үндэстнүүдээс бага үндэстнийг “хүчиндэх” арга ухаан, атгаг санаа хараахан алга болоогүй байна. Суут сэтгэгч К.Марксын хэлснээр, үндэстэн хүчиндүүлчихгүйн тулд бүсгүй хүн шиг соргог байх ёстой. Энэ үг даяаршлын нөхцөлд монгол мэтийн бага буурай үндэстэнд илүү хүчтэй тусч, илүү ухаалаг байхыг шаардаж байна.
Улиран өнгөрсөн тогтолцооны үед үндсэрхэх үзэл хэмээх нь бусдыг эрхшээлдээ оруулж, дарамталж айлгадаг “хадны мангаа” болж байв. Үндсэрхэх үзэл нь үндэсний үзлийн өрөөсгөл, нэг талыг барьсан, хэтэрхий туйлширсан хэлбэр юм. Энэ нь гол төлөв их гүрнүүдийн бодлогод тод илэрдэг. Өөрийн улс үндэстнээ бусдаас дээгүүр тавих, сайрхах илрэл нь Германы нацизм, Оросын их гүрний дээрэнгүй үзэл, Хятадын их хан үндэстний үзлийг бий болгожээ.
Эрдэмтдийн судалгаанаас үзвэл үндсэрхэх үзлийг тайлбарлах хэд хэдэн чиг хандлага байна. Үүнд:
- Үндэсний үзлийг үндэстэн өөрийнхөө давуу талыг хэтрүүлж, туйлшруулж ухаархуйн илрэл гэж үзэх чиг хандлага.
- Үндсэрхэх үзэлд авах, гээхийн ухаанаар хандахыг эрмэлздэг гол төлөв өрнөдийнхний үзэл баримтлал.
- Үндэсрхэх үзэл нь их гүрний дээрэнгүй үзэл, цөөнх үндэстний гоморхох үзэл гэсэн хоёр туйлтай байна. Иймээс эдүгээгийн Монгол мэтийн бага буурай улсад үндсэрхэх үзэл сонгодог утгаараа оршин байх боломжгүй юм. Үнэндээ ч өдгөө бидний монголчууд хэндээ ч дээрэнгүй хандах билээ, хэндээ ч гоморхох билээ. Тэгэхдээ түүхээрээ хоосон бардамнах, өнгөрсөн үедээ түүхэн зүхлийн үүднээс хандах, бусад улс үндэстнийг дорд үзэх буюу басах, доромжлох, бусдын эрх ашгийг юман чинээ үзэхгүй үл тоомсорлох, түүхийн үүднээс өс хонзон санах зэрэг явуургүй үзэл бодол, явуулга нь ардчиллын үнэт зүйлсийг бусниулахад хүргэдэг гэдгийг анхаарвал зохино.
Монголчууд бид эдүгээ даяаршлыг сөрөх биш эх оронч үзлийн үүднээс тосон авч, улс орныхоо хөгжил цэцэглэлд өгөөжтэй ашиглах хэрэгтэй болж байна. Энэ нь сайн даяаршигч байхын тулд эхлээд ухаалаг эх оронч байх нь чухал гэсэн үг. Үүний тулд:
- Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа байнга хувьсан өөрчлөгдөж буй дэлхий дахины байдалд зохицуулан улам бүр гүнзгийрүүлэн боловсруулах шаардлагатай болж байна.
- Үндэсний боловсролын тогтолцоог улам төгөлдөржүүлж, дэлхийн шилдэг ололт, үндэсний үнэт зүйлсийг хослуулан бүрэлдүүлэх нь чухал юм. Үндэсний боловсролын хамгийн боловсронгуй тогтолцоо нь хүчирхэг үндэстнийг өөрийг нь бүтээж үйлдвэрлэж байдаг. Эдүгээ хөгжпийн шалгуур нь дээд боловсрол мэдлэгтэй хүмүүсийнхээ оюун тархийг хэр ашиглаж байгаагаар тодорхойлогдох болж байна. Хэн илүү мэдлэгтэй, хурдтай ажиллана тэр өрсөлдөөнд ялж дийлнэ. Хамгийн гол нь тухайн мэргэжилтэний гүн гүнзгий мэдлэгт суурилсан хурд, ямар ч нөхцөлд шийдэх, хийх, бүтээхийг дараа, маргааш, нөгөөдөр хэмээн хойш тавихгүй байх нь амжилт олохын нэг нууц юм.
- Бидний монголчууд олон улсад үнэт хэмээн яригдаж байгаа зүйлийг авахдаа ч авах, гээхийн үүднээс хандах ёстой. Өдгөө үед гаднын зүйлийг монгол хөрсөндөө элдэнших эсэхийг үл харгалзан бодлогогүй шүүрч авах, гадаадын юм гэхээр сохроор бишрэн шүтэх явдал газар авч, тэр нь хэрэгжсэн юмгүй туршилтын туулай болон хоцрох явдал газар авч байна. “Айлаас эрэхээр авдраа уудал” хэмээх монгол ардын мэргэн үг бий. Мөн “Өөрийн чинь юм тэмээн чинээ байхад бусдын ямаан чинээ юмны өмнө бүү бөхөлз” гэсэн билгүүн номч Б.Ринчен абугийн хэлснийг санаж явууштай.
- Нийт ард түмэнд зориулсан, сонирхолтой, уншууртай Монголын түүхийн ном, нийтээр дагаж мөрдөх монгол үгийн зөв бичих толь, Үндэсний бахархлын ном бүтээж, “Ном дор мөргөм үү” уриан дор бүгдээрээ хэрэглэж сурах нь нэн эрхэм.
- Монголын цөөхөн хүн амын дотор гарч буй баян, хоосон, хот, хөдөө, ахмад, залуу зэрэг нийгмийн том бүлгүүдийн ялгаа, төрөл садан, нэг ангийнхан, нутаг усны холбоо, харьцамжыг эерэг чиглэлээр дэмжин, хууль эрх, шударга ёсыг умартах хүчин зүйл болгохгүй байх чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй юм. Иймд энэ тухайд нарийн судалгаа явуулж, түүний дагуу тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна.
- Удмын сангийн бодлогоо гүнзгийрүүлэн, гарвал зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, судлах шаардлага хүчтэй тавигдаж байна. Монголчууд дэлхийг шинэ утгаар “нээж”, дэлхий дахин Монголыг өөр нүдээр харж буй өнөө үед монгол үндэстэн “цус сэлбэх” нь гарцаагүй болж, энэ үйл явц хэдийнээ эхэлжээ. Эрдэмтэн Ж.Батсуурийн үзэж байгаагаар хүн амын 0,08 хувиар цус сэлбэж болох ажээ. Цоо шинэхэн гаднын цус юүлэгдэх нь гоц авъяастан, сод хүмүүс төрүүлэх увидастай. Тухайлбал, негрийн цус оросын цустай холилдсоноор Пушкиныг, шотландын цус оросын цустай холилдсоноор Лермонтовыг, орос, монголын /халимаг/ цус хололдсоноор Плевеко хэмээх Москвагийн алдарт дуучныг, орос, татаарын цус холилдсоноор их найрагч Анна Ахматова, түүний хүү цуут Лев Гумилёвыг, оросын цус монголтой холилдсоноор Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зоригийг тус тус заяасан шүү дээ. Иймд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл монгол хүмүүсийн гадаадад ажиллах, цагаачлах, тэдний иргэний асуудал, мөн дианетикийг /сэтгэлийн эрүүл мэнд/ сурталчлах, хэрэгжүүлэх, Ургийн Криобанк байгуулах зэргээр нухацтай бодлого боловсруулах цаг болоод байна.
- Гадаадад суралцаж, ажиллаж, амьдарч, бизнес хийж суурьшсан эх орон нэптүүддээ Элчин сайдын яамаараа дамжуулж болон тусгайлан улс орныхоо хөгжил, бэрхшээл, сорилтын тухай тогтмол мэдээлэл өгөх, улс орондоо эргэж тус нэмэр болох ямар боломж, механизм байгааг судлан боловсруулах нь чухал юм.
- Эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн удаа дараа санал дэвшүүлснээр Төв Азийн усны болон салхины хагалбар, мөнх цэвдэгийн урьд үзүүр, хулан тахийн уугуул нутаг усных нь хувьд Монгол оронд ахимсын /хор үл хүрэх/ эрх дарх олгох асуудлыг олон улсын хэмжээнд судалж хөөцөлдөх шаардлагатай байна.
- Нүүдлийн соёл иргэншлийн тухайд нүүдлийн амьдрал, бэлчээрийн мал аж ахуйн нөөц хүч хараахан бүрэн шавхагдаагүй бөгөөд шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил, экологийн давуу талыг зохистой хосолж чадвал бүр илүү үр өгөөжтэй байгаль орчиндоо дөт, ойрхон амьдралын хэв маяг, аж ахуйн тогтолцоог бүрэлдүүлэх боломжтой юм.
Энэ бүхнийг бодож болгоож чадвал эх орны маань ирээдүй тод томруун гэрэлтэх болно. Харин үүнийг умартаваас даяаршиж буй энэ ертөнцөд бидний монголчуудын ирээдүй бүдгэрнэ. Мэдэгтүн! Ухаарахтүн!
Монгол Улсын Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн, академич
ЖИГЖИДИЙН БОЛДБААТАР
ЧДЗДТГ