Арабын хавар эхлэхээс өмнөх Сирийн тухай хэдэн баримт дурдъя. НҮБ-д бүртгэлтэй баримт. 2011 онд Сирид угсаатны 33 бүлгийг төлөөлсөн 20.8 сая хүн ам аж төрж байв. Хүн амын тоогоор мэдээж арабчууд давамгайлна. Гэхдээ дотроо ястан гэж нэрлэгдэхээр хэд хэдэн салбар бүлгүүдэд хуваагдана. Сирийн араб (14 сая гаруй), нажди бедуин араб (1.59 сая), палестины араб (хагас сая гаруй), ливаны араб (130 мянга), цаашаа цөөн тоогоор Умард Ирак, Иорданы араб, левантын бедуин гэхчлэн салбарлана. Левант – Газар дундын тэнгисийн дорнод эргийг нэрлэсэн нийтлэг нэр. Дорнод эрэг гэдэгт Сири, Ливан, Израиль, Иордан, палестины нутаг дэвсгэр, Туркийг оруулж тооцно.
Курдууд бол угсаатны хоёр дахь том бүлэг буюу сирийн хүн амын 10 орчим хувь. Сирийн арабчууд үндсэндээ лалын суннит урсгалыг шүтнэ. Хүн амын 80 орчим хувь нь суннитууд. Шиит лалын төлөөлөл болох алавит, друзууд хүн амын 10-15 хувь. Алавитууд нь 1.5 сая хэмээн суннитын лам нар үздэг ч, 3 сая орчим хэмээн албан ёсны статистик заадаг. Алавитууд Сириэс гадна Ливаны хойд хэсэг (Триполи хотын нэг дүүрэг буй), мөн Туркийн Искандерун (Александретты) хотод аж төрдөг. Оттоманы эзэн гүрэн унасны дараа Сири нь Францын хяналтад орж, Латакия нийслэлтэй Алавитын улсыг Дамаск, Алеппо хотыг оролцуулан францчууд буй болгож харьцангуй бие даалгасан ба эдүгээ энэ түүхэн хуваагдлаар суурилан өрнийнхөн интервэнц хийх хүрээ заагаа тогтоожээ.
Сирид иргэний дайн дэгдэж эхэлснээс хойшхи хугацаанд Засгийн газрын цэрэг гол хүч, анхаарлаа ганцхан чиглэлд тавьж байгаа. Тэр нь нийслэл Дамаскийг Газар дундын тэнгисийн эрэгтэй холбосон алавитын уулархаг районыг найдвартай хамгаалах явдал. Тэр эрэг бол оросын тэнгисийн цэргийн флот байнга хангалт хийж буй гол дамжлага цэг. Дамаскийг тэнгисийн эрэгтэй холбосон коридорыг өдий хүртэл босогчид, хөлсний исламистуудын аль алин нь сэтэлж чадаагүй. Хэрэв өрнийнхөн интервэнц хийж, энэ хавийн газрыг ширүүн бөмбөгдвөл Латакия, Тартус, Банияс хотууд руу жихадист боевикууд нэвтрэн орж, тэнд оршин суугаа 3 сая алавитуудад геноцид нүүрлэх нь гарцаагүй.
Аль болох олон алавит, христианыг алаад үхье гэх сэтгэхүйтэй хөлсний мусульман алуурчдыг интервэнц хийгчид зогсоож чадах нь эргэлзээтэй. Эргийн Хомс хот зэвсэгт дээрэмчдийн халдлагад өдөр бүр шахуу өртөж байна. Засгийн газрын цэрэг төдийгүй ардын сайн дурынхан өдөр шөнөгүй хот, суурин, тосгоноо хамгаална. Хомс–Тартусыг холбосон зам дагуухи Хутагт ариун Георгийн үнэн алдартны сүм лалын жихадистуудын халдлагад өртсөн. Энэ сүм IV зуунд боссон түүхэн хосгүй дурсгал. Алавит, христианчууд мөр зэрэгцэн исламистуудтай үхэх сэхэхээ үзэн бүтэн жил гаран Сири даяар тулалдлаа. Сирийн араб–христианчууд бол боевикуудын үздэгээр үл итгэгчид, иймд тэднийг дуустал нь хядах ёстой. Мөн үл итгэгчдийн эгнээнд буруу номтон мусульман–шиитүүд, мусульман–алавитууд христианчуудынхаа араас жагсана. Хэдийгээр христиан, шиит биш, суннит ч гэсэн ваххабитуудын нүдэнд 2 сая курд өргөс болон тээглэдэг тул буруу номтон мусульманы тоонд оруулна.
Сирийг нураагаад авбал хөрш Ливан аяндаа нурна. Учир нь тэнд буруу номтон хагас сая друзууд байна. Цаашаа христианчууд руу орно. Хүн амын 40 хувь болдог маш том бүлэг учраас христианчуудын эсрэг дайн эцэс төгсгөлгүй. Сүүлийн мэдээгээр бол Террорист интернационал эгнээндээ дэлхийн 80 орчим улсаас хөлсний цэрэг элсүүлэн Сирид аваачин байлдуулж байна. Ливиэс Пакистан хүртлэх дэлхийн бүслүүр дээр Террорист интернационал ажиллаж байна. Сирид интервэнц хийлээ л бол Террорист интернационал- д маш том боломж олгож, шууд гэдэггүй юм аа гэхэд шууд бусаар дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. АНУ, Аль-Каеда хоёр хавсран ажиллана гэж үзэхгүй байна. Гэхдээ энэ хоёрын нийтлэг дайсан нь алавитын ганц, гол төлөөлөгч Башар Асад болж таарна. Башар Асадын эцэг Хафез Асад нь хэдийгээр дарангуйлагч байсан ч улс төрийн үлэмж оновчтой системийг төлөвшүүлж үлдээсэн гэж үздэг. Шашны ялгарал гээчийг тэр систем нь саармагжуулсан. “Сирийн иргэн” гэсэн ойлголтыг нийгэмд суулгаж өгсөн. Эхлээд тэр хүн сири хүн, араб, курд, суннит, алавит, друз хэн ч байсан сири хүн хэмээн омогшиж байсан нь одоо Арабын хавар-ын өнгөн дээр алга болжээ.
Сирид Аль-Каеда-гийн хар туган дээр “Алавитуудыг авс руу нь!” гээд сийлчихсэн, исламистууд ганцхан тэр уриагаар гул барин тулалдаж байна. Сири дэх шашны цөөнхи алавитуудыг аймаглан устгасаар тэдний түүхийг өндөрлөх юм биш байгаа? Туркийн 10-12 сая алавит үлдэх юм чинь гээд тайван суух аргагүй болж байна. Алавизм гэдэг бол шиит сектийн нэг урсгал, түүхнээ Нусайрия гэж нэрлэгдэж байсан. Хижрийн тооллын гурав дахь зуунд алавизм нь шиизмийн хэт туйлшралаас зайлсхийн, хөдөлгөөн болж салж гарсан. Үндэслэгч Абу Шауиб Мухаммад Ибн Нусайр гэгчийн нэрээр нэрлэгдсэн ба шиитийн 11 дэх имам аль-Хасан аль-Аскарийн залгамжлагч болж алавизмыг үндэслэсэн. 883 оны хавьд Иракийн Басрад Нусайр нас барсан. Тэр цагаас хойш алавитууд мусульманчуудынхаа нүдний хог болж хувирсан. Лалын шашинд хамгийн их хор хүргэсэн, лалын шашныг завхруулсан хэмээн одоо ч тэднийг хялайн үздэг. Ялангуяа алавитуудтай иргэний харилцаанд орохыг суннитууд цээрлэдэг. Алавитууд христианчуудтай ойртсонд нь үнэн голоосоо цаадуул нь гомддог. Сирийн нусайритуудыг Alawi гэж нэрлэдэг бол туркийнхыг Alevi гэж нэрлэнэ. Ийм л үүх түүхтэй шашны цөөнхи үхэл мөхлөө хүлээн суух шиг.
Асадын дэглэм уналаа л бол алавитуудыг хядаж дуусна хэмээн израилийн сөрөх тагнуулын (ШАБАК) дарга асан Ави Дихтер эрх баригчиддаа анхааруулж байна. Тэрээр 2000-2005 онд ШАБАК-ийг тэргүүлж байсан ба сирийн эрх барих дэглэм хэдэн 7 хоног тэснэ, дараа нь алавитууд Турк, Израиль руу бөөнөөрөө дүрвэнэ. Иймд Голаны өндөрлөг дэх хилийн районд Израилийн арми (ЦАХАЛ) бэлтгэлтэй байх хэрэгтэй. Башар Асадын хувь заяаны тухайд бол сайнаар бодоход тэр зугтаж гарах байх, муугаар бодвол Муамар Каддафийн үхлээр энэ хүн засаглалаа дуусгах байх хэмээн Дихтер ярьжээ.
Югославт АНУ, НАТО агаарын дайралт хийснээр өмнөд славяны нэгдсэн төрт улсыг шашин-угсаатны ялгарлаар нь хэд хэдэн улс болгоол хуваачихсан (католик-хорват, үнэн алдартны серб, боснийн мусульман, Косово дахь мусульман албани ба серб гэх мэт) түүх Сири дээр давтагдахгүй байгаа? Одоогоор Сири, Иракт өрнөөд буй суннит-шиитийн (мөн суннит-алавитын) цуст хядлагыг Ойрхи Дорнодод өргөжүүлэн дэвэргэхэд ганцхан алхам үлдлээ. Гал дээр тос нэмэхэд л гүйц ээ.
Балкан, Босни, Югослав сценар хэмээн одоо харьцуулан бичиж яриад буй нь шашны яргаллаас сэргийлэх гарц хайсан хэрэг байж болно. Ялангуяа Босни ба Херцеговинад 1992-1995 онд явагдсан цуст дайн өнөөдөр Сири дээр давтагдав. Нийтлэг үзэгдэл олон байна. Аль алин нь шашны дайсагнал, угсаатны мөргөлдөөн, түүнээсээ иргэний дайн болж өргөжсөн. Үзэн ядалт, өс авалт нь хэрээсээ хэтэрсэн, адаг сүүлд нь гал зогсоосон демаркац тогтоож шинэ хилтэй болдог гэхчлэн.
Тэгэхдээ Балканы хямрал тайлагдашгүй олон оньсого үлдээсэн. Хэдийгээр Босни нь Левантаас хол боловч мусульман ертөнцийн жихадистуудыг анх удаа учруулж нэгтгэсэнээрээ онцлог. Боснид жирийн сербүүд түгшиж байсан шиг өнөөдөр Сирид алавитууд түгшиж сууна. Асадын дэглэм уналаа л бол тэд өнгөрлөө. Суннит ба алавитын өвөр хоорондын алалдаан, хядлага цаг наргүй өрнөх юм биш байгаа? Мэдээж алавитуудын дотор Асадын дэглэмийг үзэн яддаг, шүүмжилдэг аядуу либерал үзэлтэн олон бий. Гэхдээ энэ нь суннитууд ялаасай гэсэн үг бас биш.
НҮБ-ын ЕНБД асан, саяхан болтол НҮБ–Арабын улсуудын холбооны элч явсан Кофи Аннаны тэмдэглэснээр, Сирийн иргэний дайн нийт Ойрхи Дорнодыг хамраад улмаар энэ дайнд бүх дэлхий татагдан орох эмгэнэл ойртсон юм биш байгаа!
Олхонуд Д.Баярхүү (Судлаач проф)