Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр

МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ

Уриа: Эвийг эрхэмлэнэ
Зөвийг дэмжинэ

Монгол Ардын Нам гишүүдийнхээ төдийгүй нийт ард түмний дунд “Эв нэгдлийн элчийг ард нийтээрээ тодруулъя” хэлэлцүүлэг өрнүүлж, олон түмний санаа бодлыг тодорхой асуудлуудаар тандан судлах замаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх нэр дэвшигчээ тодруулж, миний нэрийг дэвшүүллээ. Миний бие үүнийг надад хүлээлгэж буй өндөр итгэл найдвар хэмээн хүлээн авч байна.

Ерөнхийлөгчид нэр дэвшсэний дараа улс төрийн зарим нам, иргэний нийгмийн олон байгууллага, түүний дотор ахмад, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагууд намайг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсээр байгаад би урамтай байна. Улс орон, ард түмэн Ерөнхийлөгчөөсөө юу хүсч, хүлээж байгаа, энэ бүхнийг хийхэд Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээ, хуулиар олгосон боломж, хувь хүний давуу талыг хэрхэн бүрэн ашиглаж болох талаар нийгмийн олон давхаргын янз бүрийн хүмүүстэй уулзаж санаа бодлоо солилцож, нягтлан тунгааж ажиллалаа.

Өнөөдөр манай улсад дэвжин дээшилж, болж бүтэж байгаа зүйл олон байгааг үгүйсгэх учиргүй. Үүний нөгөө талд цаг алдалгүй засч залруулан зөв болгох зүйл ч зэгсэн байна. Сайн нь ч, муу нь ч монголчууд бидний хамтын ололт амжилт, хамтын алдаа дутагдал юм.
Ард түмний сэтгэл санааг илүү зовоож, улс орны хөгжил, хүн ардын амьдралд саад учруулж байгаа буруу зүйлүүд гэвэл:

-Улс төрийн талцал хуваагдал даамжирч, үндэсний эв нэгдлийг хангах зарчмын хэрэгжилт өнөөгийн шаардлагаас хоцорч, ард түмэн үүнд эмзэглэж байгаа;
-Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, эх орныхоо онгон сайхан байгальд хайр гамгүй хандан доройтуулж байгаа;
-Цалин тэтгэвэр өсөхгүй атлаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, тариф өссөөр байгаа;
-“Оюутолгой” зэрэг томоохон төслөөс Монгол Улсад ногдох хувь багасч, үүний улмаас ард түмэн баялгийнхаа үр шимийг жигд, хүртээмжтэй хүртэж чадахгүй байгаа;
-Хуулийг хэрэгжүүлэх шүүх, хууль, хяналтын байгууллагууд хүн бүрт тэгш шударга үйлчлэхгүй байгаа;
-Төрийн албан хаагчдын төрд тууштай ажиллах баталгаа үгүй болж байна.
Энэ бүгдийг зөв болгохын төлөө зүтгэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох хүний эрхэм үүрэг хэмээн ухаарч, “Эвийг эрхэмлэнэ, Зөвийг дэмжинэ” уриатайгаар сонгуульд оролцож байна.
“Эх орон бол газар нутаг, ард түмэн хоёр юм. Эх орноо бүрэн бүтэн, ард түмнээ амгалан жаргалантай амьдруулах нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм зорилго, улс орон хөгжин мандахын үндэс юм” гэсэн өөрийн итгэл үнэмшилдээ тулгуурлан, улс үндэстнийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, ард түмнийхээ ахуй амьдралыг сайжруулан, эх орныхоо хөгжил дэвшлийг хурдасгахад чиглэсэн мөрийн хөтөлбөрөө өргөн олон сонгогчдодоо толилуулж байна.

Нэг.Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх нь Ерөнхийлөгчийн эрхэм үүрэг мөн

• Улс төрийн тогтвортой байдал, ард түмний хүсэл сонирхол, эв нэгдлийг хангах үүднээс улс төрийн хүчнүүдийн хоорондын саналын зөрүү, маргааныг зөвхөн хуулийн хүрээнд харилцан ойлголцол, зөвшилцлөөр шийдвэрлэдэг байх зарчмыг төрийн удирдлагын бүх төвшинд удирдамж болгон ажиллана.
• Улс төр, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд газар аваад байгаа үгүйсгэх, гүтгэх гажуудлыг залруулан, бие биеийнхээ ололт, амжилтыг хүлээн зөвшөөрч, дэмжин урамшуулж, хамтран ажилладаг үзэл санааг төлөвшүүлнэ.
• Шударга байх, шударга амьдрах, шударга ёсыг тогтоох чиглэлээр хүн амын дунд соён гэгээрүүлэх ажлыг улс орон даяар явуулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
• Хүүхэд, залуучуудыг бага балчраас нь эх орон, аугаа түүх, ард түмнээрээ бахархдаг, монгол ёс жудгаа дээдэлдэг, үндэсний уламжлалт зан заншлаа дагадаг, мэргэжлээ зөв сонгодог, халуун дулаан сэтгэлтэй болгон хүмүүжүүлэх зорилтыг боловсролын агуулгад тусган, ирээдүйн иргэдийг бэлтгэх ажилд анхаарал хандуулна.
• Хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг хангана. Нийгэмд тогтвортой байдал бий болгох, хүмүүсийн харилцан ойлголцол бие биедээ хүндэтгэл найртай хандах үзлийг төлөвшүүлэхэд ёс зүйтэй сэтгүүл зүй шийдвэрлэх үүрэгтэй гэж үзэн бүх талаар дэмжинэ.
• Үндсэн хуулиар тогтоосон засаглал хуваарилалтын зааг ялгааг хатуу баримталж, хэрэгжилтийг хангуулан, хууль, ёс зүйг дээдэлнэ.
• Төрөөс төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмчийн болон хувийн өмчийн аж ахуйн нэгж байгууллагад ялгаваргүй хандах үзлийг нийгэмд төлөвшүүлнэ.

Хоёр. Ард түмнээ сэтгэл амгалан, тэгш дүүрэн амьдралд хөтлөх нь Ерөнхийлөгчийн эрхэм үүрэг мөн

• Баялгийн хуваарилалтыг тэгш, шударга болгоно.
• Эх орон, ард иргэдээ өрийн хүлээсэнд оруулахгүй байх бүх талын боломжийг дайчлан ажиллана.
• Хүн амын өргөн хэрэглээний гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн зохиомол хөөрөгдөл гаргуулахгүй байхад хяналт тавьж, иргэдийнхээ амьжиргааны төвшинг бууруулахгүй байх, эрсдэлээс хамгаалах бодлого хэрэгжүүлнэ.
• Мал аж ахуй, газар тариаланг аливаа эрсдэлээс хамгаалах, малчид, тариаланчид, ногоочдыг дэмжих бодлого явуулна.
• Багш, эмчийн ажлын нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх цогц бодлого хэрэгжүүлэх чиглэлээр шаардлагатай хууль тогтоомж санаачлан ажиллана.
• Оюутнуудын сургалтын төлбөр, хөнгөлөлтийн асуудлыг суралцагчдын сурлагын амжилттай уялдуулан шийдвэрлэх боломжийг судална.
• Цэрэг дайчид, төрийн тусгай албадад ажиллагсдын ахуй байдлыг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, цэрэгт иргэний боловсрол олгох, эх орны бүтээн байгуулалтад идэвхтэй оролцуулах арга, боломжийг судлан хэрэгжүүлнэ.
• Их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын төвийн оюутан залууст эх орноо батлан хамгаалах боловсрол олгож, цэргийн алба хаасанд тооцох боломжийг судлан шийдвэрлэнэ.
• Ядуу өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны төвшинг дээшлүүлэх замаар нийгмийн дундаж давхрааг өргөжүүлэхийг бодлогоор дэмжинэ.
• Ахмад настныг төрийн ивээлд байлгах бодлогыг үргэлжлүүлэх, хүүхэд нялхсыг төрийн хамгаалалтад байлгах тухай хууль санаачилна.
• Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн ахуй амьжиргааг дэмжих, тэдэнд туслах тусгайлсан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн зүгээс эерэгээр хүлээн авах хүмүүнлэг хандлагыг бий болгон, тэднийг нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцуулах бодлого боловсруулан хэрэгжүүлнэ.
• Нийтийн биеийн тамирыг хүн амыг чийрэгжүүлэх арга, спортыг бие хүний авьяас чадварыг нээн хөгжүүлэх боломж, Монгол Улсаа дэлхийд таниулан сурталчлах гарц гэж үзэн тал бүрээр дэмжинэ.
• Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгож, олон улсын жишигт ойртуулна.
• Нийслэл хотод нийтийн тээврийн автобус, троллейбусаар иргэдийн зорчих төлбөр, үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох асуудлыг судалж шийдвэрлэнэ.
• Нийтээрээ цэвэр цэмцгэр орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Соёлтой амьдралын хууль” санаачилж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
• Хүүхдийн ясли, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилга байгууламжийг одоогийн шаардлагыг хангах хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх бодлогыг дэмжинэ.
• Нийслэл хотыг утаагүй болгох, гэр хорооллыг барилгажуулах, соёлтой үйлчилгээ бүхий иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдсэн орчин үеийн хот болгох бодлогыг дэмжинэ.

Гурав. Эдийн засгийн хөгжлийн зөв бодлогыг дэмжих нь  Ерөнхийлөгчийн эрхэм үүрэг мөн

• Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу эдийн засаг, нийгмийн хөгжил, байгаль орчноо хамгаалах бодлогыг тэнцвэртэй байлгахад бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
• Уул уурхай, материал баялагт шүтсэн өрөөсгөл эдийн засгийг уламжлалт мал аж ахуй, үндэсний үйлдвэрлэл, мэдлэгт суурилсан, байгальд ээлтэй эдийн засагтай хослуулах зохистой бодлогыг дэмжинэ.
• Төрийн оролцоотой малчдын хувь нийлүүлсэн хоршоог баг, суманд байгуулан бэхжүүлж, мал аж ахуйн түүхий эдийг худалдан авах, анхан шатны боловсруулалт хийх, савлах, борлуулах, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр шат дамжлагагүй хангах улсын хэмжээний сүлжээ байгуулахыг дэмжинэ.
• Боловсрол, шинжлэх ухааныг нийгмийн тэргүүлэх чиглэл болгон, монгол эрдэмтдийн шинэ бүтээл туурвилын үр дүнг үйлдвэрлэл, амьдралд хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, урамшууллын тогтолцоо бий болгоно.
• Эрчим хүч, шатахууны хараат байдлыг багасгах, үнийг зохистой хэмжээнд барих зорилгоор газрын тос боловсруулах үндэсний үйлдвэр байгуулахыг чухалд үзнэ.
• Жижиг, дунд үйлдвэр, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр орлогын хуваарилалт, дахин хуваарилалт, татварын тогтолцоог боловсронгуй болгох бодлого явуулна.
• Баялаг бүтээгчдийг бүх талаар дэмжинэ.

Дөрөв.Газар нутаг, онгон байгалиа хайрлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлж, эх орныхоо баялгийн үр шимийг ард түмэндээ тэгш, шударга хүртээх нь Ерөнхийлөгчийн эрхэм үүрэг мөн

• Улс орноо хөгжүүлэх нэгдсэн, урт хугацааны, тогтвортой, ногоон эдийн засгийн бодлоготой болох асуудлыг эрх зүйн хувьд баталгаажуулна.
• Эх байгалиа хайрлан хамгаалах чиглэлээр гарч буй иргэдийн бүхий л үүсгэл санаачилгыг дэмжинэ.
• Байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа иргэний нийгэм, ТББ-ын төлөөллийг оролцуулсан “Ногоон эдийн засаг” Үндэсний хороог Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулан, үйл ажиллагааг нь бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлнэ.
• Ашигт малтмалын нийт лицензийг дахин шалган магадлаж, зөвхөн улс, орон нутгийн хөгжлийн эрх ашигт нийцсэн орд газруудыг ашиглах эрх зүйн орчин бий болгож, төрөөс хатуу хяналт тавьж хэвшүүлнэ.
• Эрдэс баялгийг түүхийгээр нь бус боловсруулалт хийж бүтээгдэхүүн болгон гадагш гаргах бодлогыг дэмжинэ.
• Үндэсний баялаг, ашигт малтмалыг судалгаа тооцоотой, үндэслэл төлөвлөлттэй ашиглан, хойч үедээ өвлүүлэн үлдээх бодлогыг баримтална.
• Байгалийн баялаг, ашигт малтмалын салбарын компаниудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх бодлого баримтална.
• Ашигт малтмалын орд газруудыг ард түмэнд өгөөжтэй, байгаль орчинд ээлтэй байх зарчмаар ашиглах бодлогыг дэмжинэ.
• Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлнэ.
• Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг харилцан ашигтай, тэнцвэртэй байх нөхцөлөөр сайжруулна.

Тав. Хууль, шүүхийг хүн бүрт тэгш, шударга үйлчилдэг байлгах нь иргэдээ хайрлах Ерөнхийлөгчийн эрхэм үүрэг мөн

• Иргэдээ аюулгүй, амгалан тайван орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулна.
• Шударга шүүхийг төлөвшүүлэх ажлыг бүх талаар дэмжин, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүхэд мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс жудагтай, шударга хүмүүс ажилладаг байх зарчмыг баримтална.
• Дэг журамгүй байдал, хүн амыг айдаст автуулсан аливаа сөрөг үзэгдэлтэй хийх тэмцлийг эрчимжүүлнэ.
• Архидалттай тэмцэх ажлыг бүх нийтийн үйлс болгож, амьдралын архигүй орчныг шинээр бий болгох эрх зүйн үндэс бүрдүүлнэ.
• Хүн амын дунд дургүйцэл, бухимдал үүсгэж буй асуудал, хүчин зүйлүүдийн
судалгаа гаргаж, хүнийг сэтгэл санааны дарамтад орохоос сэргийлэх нөхцөлүүдийг бүрдүүлэх арга хэмжээ авна.
• Авлигатай шийдвэртэй тэмцэнэ, авлигыг арилгахад ард иргэдийг идэвх санаачилгатай оролцдог хөшүүргийг бий болгоно.
Зургаа.Төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах,
төрийн үйлчилгээг ард иргэддээ шударга, тэгш, чанартай хүргэх нь
Ерөнхийлөгчийн эрхэм үүрэг мөн

• Төрийн албаны нэр хүндийг өргөж, төрийн албанд ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, тогтвор суурьшилтай ажиллуулах бодлогыг хэрэгжүүлнэ.
• Төрийн албыг мэргэжлийн чадвар, дадлага сайтай, иргэдэд хүндэтгэлтэй ханддаг, ёс зүйн зөв төлөвшилтэй ажилтнуудаар бэхжүүлэх бодлогыг дэмжинэ.
• Ерөнхийлөгчийн хууль ёсны бүрэн эрхийн дагуу төрийн өндөр албан тушаалтныг санал болгон нэр дэвшүүлэх, зөвшилцөхдөө гагцхүү хууль, шударга зарчмыг баримтална.
• Төрийн албан дахь авлига, хүнд суртлыг арилгах тэмцлийг бүх талаар дэмжинэ.
Долоо.Гадаад харилцааг тэнцвэртэй, найрсаг байлгах нь
Ерөнхийлөгчийн эрхэм үүрэг мөн

• Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг үргэлжлүүлэн, төрийн бодлогын залгамж чанарыг ханган ажиллана.
• Дэлхийн хамтын нийгэмлэгийн дунд Монгол Улсын эзлэх байр суурь, нэр хүндийг улам бэхжүүлнэ.
• Хөрш орнуудын харилцааг гадаад бодлогын тэнцвэртэй байдлыг хадгалах гол хүчин зүйл гэж үзэж, ОХУ, БНХАУ-тай адил тэгш, стратегийн түншлэлийн төвшинд хамтарч ажиллана.
• “Гурав дахь хөрш” орнуудтай хамтын ажиллагааны түншлэлийг улам хөгжүүлнэ.
• Төрийн гадаад харилцаанд нэг санаа, нэгдмэл бодлого баримтлах чиг шугамыг гол зарчим болгон, чанд мөрдүүлнэ.
• Гадаадад ажиллаж, амьдарч, сурч буй иргэдийн эрх ашгийг хамгаална. Нарийн мэргэжил, өндөр чадвар эзэмшсэн иргэдийг эх орондоо ирж ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.
Найм.Ардчиллыг бэхжүүлэх, үндэсний онцлогоо дээдлэх нь
Ерөнхийлөгчийн эрхэм үүрэг мөн

• Ардчилал бол нэг нам хүчин, бүлэг, хэсгийн өмч биш. Ардчиллын үзэл санаа үнэт зүйлсийг нийгмийн амьдралын бүхий л хүрээнд баттайгаар дэлгэрүүлэн бэхжүүлэхийг Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгоно.
• Монгол хүний эв эеийг хичээдэг хүлээцтэй уужуу тайван ухаан, бие биеэ хайрлан элгэмсдэг халуун сэтгэл, шударга үнэнийг дээдэлдэг ёс жудгийг хөхиүлэн дэлгэрүүлнэ.
• Монголчуудынхаа эх оронч сэтгэлгээ, эх орноо хайрлах, эх орноороо бахархах үзлийг сэргээн бадруулахыг эрхэм чухалд үзнэ.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Та бүхэндээ танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монгол хэмээх их айлын тэргүүн юм. Энэ айлд ахмад настан, хүүхэд багачууд, идэр залуус, оюутан сурагч, малчин тариачин, бизнес эрхлэгч, сэхээтэн албан хаагч, эрдэмтэн мэргэд, эмч багш, цэрэг цагдаа зэрэг бүгд бий. Хүний эцэг үр хүүхдээ алагчилдаггүй шиг Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдээ алагчлах учиргүй. Иймээс би ард түмнийхээ эс бүхэнд тэгш сэтгэлээр хандан хайрлана.
Монгол хэмээх энэ их айлд бас төлөвшил хүмүүжил сайтай, ёс жудагтай, сахилга журамтай хэсэг, эрх танхи, дураараа авирлах зантай, үзэл бодлын зөрүүтэй хэсэг ч бий. Хүний эцэг хүүхдүүдийнхээ болж байгааг нь дэмжин урамшуулж, болохгүйг нь зэмлэж тэгшитгэдгийн адил энэ их айлын олон иргэн, нам, бүлэг, хэсгийн сонирхол, үйл ажиллагааны зөвийг нь дэмжиж, зөрүү бурууг нь засч залруулна, загнана бас аргадна.
Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгосон бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлэх нь тухайн Ерөнхийлөгчийн хувь хүний онцлог, нэр хүнд, ёс суртахууны төлөв байдал, мэдлэг чадвар, бусдыг засан залах арга ухаан, эв дүй, дагуулан манлайлах үлгэр дууриалал, далайцаас хамаарна. Би хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ залуучуудад найдаж, ахмад үеийнхнээс арга ухаан авч, өөрийн үеийнхэнтэй зөвлөж зөвшилцөж ажиллана.

Миний бие эвийг эрхэмлэнэ, зөвийг дэмжинэ.

АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн

сонгуулийн мөрийн  хөтөлбөр

/2013-2017 он/

Монгол Улсын төлөө зүтгэе

Монгол Улсын төлөө зүтгэнэ гэдэг бол Монгол хүний төлөө зүтгэнэ гэсэн үг. Дээрх алтан зарчмыг хэлбэрэлтгүй мөрдөнө. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгосон Ерөнхийлөгчийн бүрэн эрх, үүргийг шударгаар хэрэгжүүлж ажиллана. Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг ямагт дээдэлж, Монгол Улс, Монгол хүнд хэрэгтэй санал санаачилгыг дэмжиж ажиллана.

Төр, олон нийтийн ажил, улс төрийн амьдралд оролцож олсон өөрийн туршлага, мэдлэг, сургамжаа бүтээлчээр ашиглана. Улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө бүх боломжоо дайчлан ажиллана. Бүтээлч, үр ашигтай шинэчлэл өөрчлөлтийг түүчээлж дэмжинэ. Улс төржилт, талцлыг багасгаж, бүтээх, үйлдвэрлэх, хийхийг чухалчилна. Шударга ёсонд суурилсан эв нэгдлийг бэхжүүлнэ.

Ард иргэдийнхээ санаа бодлыг сонсож, улам ойр ажиллана. Тэдний хүсэн хүлээж байгаа шинэлэг ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Олон нийтийн эрх ашигт нийцсэн, дэмжлэгийг нь хүлээсэн ажлуудаа үргэлжлүүлнэ. Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн удирдлага, олон нийтийн төлөөлөл, иргэдтэйгээ идэвхтэй хамтран ажиллана. Төрийн тэргүүний үүрэгт ажлаа цаг алдалгүй үргэлжлүүлж “Хуулийн засаглалтай улс, Иргэний оролцоотой шийдэл, Бүтээгчдээ дэмжсэн бодлого, Байгальд ээлтэй хөгжил, Дэлхийд нэртэй Монгол” гэсэн үндсэн чиглэлийг баримтална.

Нэг. Хуулийн засаглалтай улс. Улс орноо албан тушаалтны засаглалаас хуулийн засаглалд шилжүүлнэ. Хуулийг албан тушаалтан захирдаг биш, албан тушаалтныг хууль захирдаг болгоно. Эрх зүй, аюулгүй байдал, төр болон улс төрийн салбарт тулгамдаж байгаа шинэтгэлийг үргэлжлүүлж хийнэ.

1.1 Хуулийг биелүүлэх нь хүн бүрийн нэр төрийн хэрэг. Хууль хэрэгжүүлэх, мөрдөх нь төрийн хүний үндсэн шинж. Ийм байдлаар Монголын уламжлалт хууль ёс, дэг жаягийг нийгэмд хэвшүүлэхэд онцгой анхаарна.

1.2 Монгол Улсад хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох ажлаа хөндлөнгийн нөлөөнд автахгүйгээр тууштай үргэлжлүүлнэ. Уг үйл явцыг эргэлт буцалтгүй болгож, үр дүнг нь үзнэ. Иргэдийнхээ дэмжлэгийг авч ажиллана.

1.3 Авлига, хээл хахууль, төрийн хүнд суртал, албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай үргэлжлүүлэн тэмцэнэ. Хууль зөрчигчидтэй хөрөнгө чинээ, нам улс төр, танил тал харгалзахгүй ижил тэгш хариуцлага тооцож ажилладаг жишгийг хуульчлан тогтоож хэрэгжүүлнэ.

1.4 Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг үргэлжлүүлэн боловсронгуй болгоно. Шалгах шаардлагатай өндөр албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлдэг болно. Авлигаас учирсан эдийн засгийн хохирлыг заавал төлүүлнэ. Авлига өгснөө хуулийн дагуу илчилсэн иргэнд ял шийтгэл оногдуулахгүй байх бодлого баримтална.

1.5 Шударга ёсны өгөөжийг ард түмэндээ алагчлалгүй хүртээнэ. Төрийн хууль, шийдвэр, бүх шатны байгууллага нь хүний эрх, эрх чөлөөг хангаж, ард иргэдийн нийтлэг сайн сайхны төлөө ажилладаг зөв соёлыг хэвшүүлнэ. Эвлэрүүлэн зуучлах, хохирлыг нөхөн төлөх үйлчилгээ болон хүний эрх, нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэх эрхийг баталгаажуулна.

1.6 Хууль, шүүхийн шинэтгэлийг хийх, иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хуулиудыг үргэлжлүүлэн батлуулж хэрэгжүүлнэ. Цагдаа, онцгой байдал, дотоодын цэрэг, шийдвэр гүйцэтгэлийн болон хуулийн бусад байгууллагад ажиллагсдын хангамж, нийгэм эрх зүйн баталгааг дордуулахгүй, зөвхөн сайжруулах бодлого барина.

1.7 Төрийн албаны баталгааг сайжруулахад, төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Төрийн албанд ур чадвар, ёс зүй, мэргэжлийн шалгуурыг нэвтрүүлж, албан хаагчдын хууль бус халаа сэлгээг таслан зогсоох арга хэмжээ авна.

1.8 Төр нийгмийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн шаардлагатай арга хэмжээг бүрэн эрхийнхээ дагуу авч хэрэгжүүлнэ. Монгол Улсын аюулгүй байдлыг Монгол хүний аюулгүй байдалтай холбож авч үзнэ.

1.9 Аюулгүй байдалтай холбоотой хуулиудын төслийг цаг алдалгүй хэлэлцүүлж хэрэгжүүлнэ. Аюулгүй байдлыг хангах байгууллагын статусыг өргөх арга хэмжээ авна.

1.10 Батлан хамгаалах болон хил хамгаалах байгууллагын бие даасан байдлыг баталгаажуулж, үүрэг гүйцэтгэх чадавхыг нь нэмэгдүүлнэ. Энхийг сахиулах үйл ажиллагааг бэхжүүлэх болон цэрэг, эх оронч хүмүүжлийг иргэдэд олгоход анхаарна.

1.11 Цэргийн алба хаасан болон онцгой үүрэг биелүүлсэн иргэдийн үнэлэмжийг дээшлүүлж, сургуульд суралцах, төрийн болон хариуцлагатай албанд ажиллах шалгуурт оруулж тооцдог болгоно. “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг судалж хэрэгжүүлнэ.

1.12 Хуулийн засаглал, хүн амын амьжиргааны түвшин, нээлттэй байдал, өрсөлдөх чадвараараа олон улс болон бүс нутгийн түвшинд чансаагаа үнэлүүлж Монгол Улсын нэр хүндийг өсгөхийн төлөө ажиллана.

Хоёр. Иргэний оролцоотой шийдэл. Монгол хүний төлөө хийж байгаа ажил, санал  санаачилга бүрийг дэмжинэ. Хүний эрхийг хүнд нь, иргэний эрхийг иргэнд нь бодитой шилжүүлнэ. Улс орондоо иргэний, хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулах ард түмнийхээ сонголтыг улам баталгаажуулна. Энэ их үйлсийг манлайлж ажиллана.

2.1 Иргэдийн оролцоог хуульчлан баталгаажуулна. Иргэдээсээ асууж шийддэг шууд ардчиллын тогтолцоог тууштай нэвтрүүлнэ. Иргэний санаачилгыг дэмжиж урамшуулна.

2.2 Орон нутаг, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид эдийн засаг, санхүү, боловсон хүчний эрх мэдлийг шилжүүлнэ. Татвар хураамжийн хувь тогтоох, чөлөөлөх, орлогоо захиран зарцуулах эрхийг орон нутагт шилжүүлнэ. Мөн боловсон хүчнийхээ сонголт, шалгаруулалтыг бие дааж хийх, томилох, чөлөөлөх эрхийг орон нутагт олгоно.

2.3  Газар, өмч хөрөнгөө эзэмших, өмчлөх, ажил, аж ахуй эрхэлж, амьдралаа өөд нь татах иргэний эрхийг хуулиар баталгаажуулна. Захиргааны болон албан тушаалтны дур зоргоор хүний эрх, өмч хөрөнгө, бизнес, хууль ёсны үйл ажиллагаанд саад болдог, халддаг явдлыг таслан зогсооно. Хүний хохирсон эрхийг сэргээдэг, хохироосон төрийн байгууллага, албан тушаалтан хариуцлага хүлээдэг болгоно.

2.4 Ашигт малтмалын салбар дахь хууль бус, оршин суугчдынх нь эрх ашгийг зөрчсөн замбараагүй үйл ажиллагааг иргэд, олон нийт, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор үргэлжлүүлэн цэгцэлнэ. Эрдэс баялгийн салбарын бодлогыг аль болох иж бүрэн, бүтэн болгоно. Энэ салбарт баримтлах төрийн бодлогыг гаргаж, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгож, иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлнэ.

2.5 Тухайн нутаг дэвсгэрт байгаа баялгийг хайх, олборлох, ашиглах асуудлыг шийдвэрлэх анхдагч эрх нь тэнд амьдарч байгаа иргэд, орон нутгийн удирдлагад байхаар хуульчилж хэрэгжүүлнэ. Эзэн нь эрхээ, баялгаа мэдэх зарчмыг төрийн бүх шатанд мөрдлөг болгоно.

2.6 Төрөөс иргэд болон мэргэжлийн, аж ахуйн, олон нийтийн байгууллагад шилжүүлэх ажил үйлчилгээг хуулиар тогтоож, төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг тууштай сааруулах, зардал бууруулах чиглэлд санаачилга гаргаж ажиллана. Хууль, стандартыг чанд мөрдөж, чанаржуулж урагшлахыг зөв гэж үзнэ.

2.7 Улс төрийн намыг тойрсон эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгож, намын гишүүнчлэл, өмчлөл, санхүүжилт, зохион байгуулалтын асуудлыг орчин үеийн жишигт нийцүүлэн шийдвэрлэнэ.

2.8 Нийслэлд төвлөрлийг сааруулах, дагуул хотууд байгуулахыг дэмжинэ. Дархан, Эрдэнэт болон аймгийн төвүүд, мөн хүн амын төвлөрөл ихтэй газруудад хотын статус олгох асуудлыг судалж шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ.

2.9 Хөрөнгө оруулалтын бодлогыг тухайн нэгжид оршин сууж байгаа хүн амын тоотой уялдуулж шийдвэрлэхийг дэмжинэ. Энэ нь хүн нэг бүрт ноогдох хөрөнгө оруулалтын хэмжээ ижил байна гэсэн үг. Орон нутагт шинэ баг, шинэ сум, хот сууринд шинэ хороо, шинэ дүүрэг төслүүдийг ажил болгоход санаачилга гаргаж оролцоно.

2.10 Хот суурин газруудын агаарын болон хөрсний бохирдол, нийтийн үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудлыг тухайн шатны Засаг дарга, удирдлагын санаачилгад үндэслэж, ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлнэ. “Утааны аюулыг зун ч битгий март” гэсэн зарчим баримталж ажиллана.

2.11 Төрийн байгууллага, албан тушаалтны төсвийн зарцуулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй, хяналттай болгоно. 2013 оны 9 дүгээр сарын 1-нээс төрийн бүх байгууллага, төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжүүдийг шилэн данстай болгох ажлыг эхлүүлнэ. Энэ талаар зарлиг  гаргаж улмаар хууль санаачилж мөрдүүлнэ.

2.12 Төрөх болон хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль, спорт, соёлын байгууламжийг барих хөрөнгө оруулалтыг байнга нэмэгдүүлж байх шаардлагыг УИХ, Засгийн газар, орон нутагт тавьж, хэрэгжилтийг нь ард иргэдтэйгээ хамтарч хянана.

2.13 Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрөх насны эмэгтэйчүүд, залуу гэр бүл, оюутнууд болон цэргийнхэн, цэрэгжсэн байгууллагынхны өмнө тулгамдаж байгаа асуудлыг тэдний төлөөлөлтэй хамтарч шийдүүлэхэд анхаарна. Шийдвэр гаргах танхимд цөөнх болсон нийгмийн бүлгүүдийн асуудлыг Ерөнхийлөгчийн хувьд биечлэн төлөөлж ажиллах болно.

2.14 Багш, эмч, сувилагч, асрагчийг хөгжүүлэх, мэргэжил дээшлүүлэхэд онцгой анхаарна. Гадаад улс оронд ижил төстэй байгууллага, сургууль, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах, богино хугацаагаар суралцах, дадлагажих олон улсын солилцоо хөтөлбөрийг дэмжинэ. Тухайн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, байгууллагатай тулж ажиллана.

2.15 Дунд сургуулиудад хэрэгжих “авьяас”, “ухаалаг сургууль” хөтөлбөрүүдийг дэмжинэ. Хөдөө хот, баг сум ялгаагүй, хотын төв, гэр хороололд адилхан хурд багтаамжтай  интернет, харилцаа холбооны үйлчилгээг нэвтрүүлэх санаачилгыг дэмжиж, ажил болгоно. Энэ салбарт иргэдийн мэдээлэл, үйлчилгээ авах эрхийн ялгааг бүрэн арилгана.

2.16 Оюутан залуус, иргэдээ олон улсын нэр хүндтэй сургуульд элсэн суралцах, улс орондоо хэрэгцээтэй мэргэжил эзэмших боломж, нөхцлийг бүрдүүлэхэд тусална. Хэлний бэлтгэл сургалтад анхаарна. Нэн чухал болон инженерийн боловсролтой иргэдээ бүртгэж дэмжинэ.

2.17 Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоход анхаарна. Өвчтөний түүх, бүртгэлийг цахимжуулж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг чөлөөтэй болгоно. Өндөр өртөг бүхий оношилгоо, эмчилгээг хөнгөвчлөх болон өрхийн эмнэлгийн шаардлагатай үйлчилгээг даатгалд хамруулах бодлогыг дэмжинэ.

2.18 Сургуулийн өмнөх насны хүүхэд асрах үйлчилгээ, бичил цэцэрлэг, түүний стандарт шаардлагыг хуульчилж дэмжинэ. Хоёр хүртэлх насны хүүхдийг гэрээр харах, 2-5 хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах бодлого, санаачилгыг дэмжинэ. Таваас дээш тооны хүүхэд асарч байгаа хүний ажлыг баталгаажуулж, гэрчилгээ олгоно. Энэ ажлыг УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгад түшиглэж хэрэгжүүлнэ.

2.19 Бага сургуулийг аав ээж, хүүхдийн амьдардаг орчинд ойртуулж барих, оюутны дотуур байр, эмнэлгийн үйлчилгээг шийдвэрлэх, залуу гэр бүл, ахмад настан, ажилчдад зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилгыг дэмжинэ.

2.20 Залуу гэр бүл орон сууцны зээлд хамрагдах боломжийг нэн тэргүүнд,  цаашид ажилтай, орлоготой иргэн бүр орон сууцны зээлд хамрагдаж болох нөхцөлийг бүрдүүлнэ. Анхны жилдээ ажиллаж байгаа, хуримтлал бий болгож амжаагүй залуус болон ахмад настнуудаа нийтийн орон сууцаар хангах санаачилгыг дэмжинэ.

2.21 Иргэд, залуусын сайн санааны болон бусдад туслах санаачилгыг дэмжиж ажиллана. Энэ зорилгоор “Ардын элч” хөтөлбөр санаачилж оюутан залуус, ажил хэрэгч иргэдийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ.

2.22 Төр, бизнес, олон нийтийн байгууллагын бүх шатанд эмэгтэйчүүдийн оролцоог урьдын адил дэмжинэ. Архигүй, тамхигүй, хоггүй, эрүүл ажиллаж амьдрах хөдөлгөөнийг дэмжиж, ард иргэдийн зөв, амгалан тайван, аз жаргалтай амьдрах хэв шинжийг бүрдүүлэхэд анхаарна.

2.23 Үндэснийхээ ёс заншил, соёл уламжлал, бахархал түүхийг сэргээж, иргэд хойч үедээ өвлүүлж үлдээхэд чиглэсэн бодлогоо эрчимжүүлнэ. Эх орон, улс үндсээ хайрлах, бахархах, хөгжүүлэх эрмэлзлийг дэмжинэ. Иргэний боловсрол, эрх чөлөө, ардчиллын хөгжил дэвшилд хийх хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

Гурав. Бүтээгчдээ дэмжсэн бодлого.Бүтээлч, үйлдвэрлэгч, ажил хэрэгч иргэдээ дэмжиж ажиллана. Иргэдээ ажилтай, амьдралдаа хүрэлцэх орлоготой байх боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Худалдааны эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засаг руу шилжих бодлого, үйл ажиллагааг дэмжинэ.

3.1 Жижиг, дунд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа төрийн болон татвар, зээлийн хүндрэл, захиргааны шинжтэй хууль бус дарамтыг хөнгөвчлөх, шийдвэрлэхэд чиглэсэн санаачилгыг дэмжинэ.

3.2 Төсвийн хөрөнгөөр гадны бараа бүтээгдэхүүн худалдаж авахыг эрс хязгаарлах, улмаар хориглох бодлого баримтална. Төсвийн санхүүжилт, худалдан авалтаар зөвхөн дотоодын үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, ажлын байр, үйлчилгээг дэмжихийг зөв гэж үзнэ. Мөн хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдэд энэ шаардлагыг тавина.

3.3 Иргэдийн оролцоотой баялаг бүтээх санаачилгыг бодит ажил болгоно. Аж ахуйн нэгжүүдийн олон нийтийн хэлбэрт шилжих, ил тод, хариуцлагатай байх үйл явцыг дэмжинэ. Баялаг бүтээхэд хувийн хэвшлийн оролцоо, иргэдийн хяналтыг нэмэгдүүлнэ.

3.4 Хөрөнгийн зах зээлийн хөгжил, тогтолцоог олон улсын жишигт хүргэнэ. Иргэдийнхээ нэрийн данс, ирээдүйд зориулсан хадгаламжийг уул уурхайн салбараас олж буй орлогод түшиглэж баталгаажуулахад анхаарна. Ирээдүй хойч үедээ өр биш хуримтлал үлдээх бодлого баримтална.

3.5 Хөрөнгө оруулалтын орчныг тодорхой, тогтвортой болгож, хөрөнгө оруулалтыг ялгаварладаг байдлыг зогсооно. Хөрөнгө оруулалтад учирч байгаа хүндрэлийг арилгах, өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэхэд анхаарна.

3.6 Эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, үйлдвэрлэл, өндөр технологийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтыг урамшуулна. Мөн орон нутаг, алслагдсан бүсүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

3.7 Дэд бүтэц, үйлдвэржилт, эрчим хүч, уул уурхай, хотжилт тойрсон тулгамдсан асуудлыг шат дараатай, бүсчилж шийдвэрлэх бодлогыг УИХ, Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ. Эдгээр асуудалд олон нийтийн анхаарлыг чиглүүлж, төр засгийн байгууллага, албаны хүмүүсийг шахаж шаардаж ажиллана.

3.8 Төмөр зам шинээр барих, засварлаж өргөтгөх, дотоодын нөөц баялагтаа тулгуурлаж шатах тослох материал, цахилгаан үйлдвэрлэх, үнэ тарифын ялгааг багасгах боломжийг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд шаардагдах дэмжлэгийг үзүүлнэ.

3.9 Газар доорх баялгийг газар дээрх баялаг болгох бодлого, үйл ажиллагааг зөв гэж үзнэ. Ашигт малтмалын орлогыг иргэдийнхээ хэрэгцээ, нийтлэг эрх ашиг, улс орныхоо хөгжил дэвшлийг хангах хөрөнгө оруулалтад чиглүүлнэ.

3.10 Уул уурхай, мал аж ахуй, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг түүхийгээр нь экспортлохыг хязгаарлана. Аливаа түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгчдэд нийлүүлэхийг урамшуулна. Нэмүү өртөг шингээж, боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийж худалдаалахыг дэмжинэ. Үндэсний экспортыг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.

3.11 Үндэсний баялаг бүтээх, хүнсний бие даасан аюулгүй байдлыг хангахад идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг малчид, тариаланчид, ногоочид, үйлдвэрлэгчдийг тусгай бодлогоор дэмжинэ. Эрх ашиг, зах зээлийг нь хамгаална. Гадаад, дотоод харилцааг нь өргөжүүлнэ. Энэ салбарын дэмжлэг, урамшууллын өнөөгийн хүрсэн түвшинг баталгаажуулах, нэмэгдүүлэх, улам боловсронгуй болгоход анхаарна.

3.12 Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг баталгаажуулахад онцгой анхаарна. Улсынхаа байршлын давуу тал, нөөц боломжийг ашиглаж, дэд бүтэц, эрчим хүч, үйлдвэрлэл, аялал жуулчлал, өндөр технологи, бараа үйлчилгээ, санхүүгийн бизнесийг хөгжүүлэх чиглэл баримтална.

3.13 Иргэдээ гадагш явуулдаг биш, иргэдээ гаднаас ирэхэд нь, ажил үйлдвэрлэл эрхлэхэд нь тусалдаг бүтцийг бий болгоно. Мэргэжилтэй ажилчин бэлтгэх, ажлын байраар хангахад чиглэсэн бодлогыг тэргүүн зэрэгт тавина. Насанд хүрэгчдийг мэргэшүүлэх Үндэсний хөтөлбөрийг дэмжиж хэрэгжүүлнэ.

3.14 Гадаадын ажиллах хүчин тойрсон шалгуур, мэргэжил, хяналт, зохицуулалттай холбогдсон асуудлыг шинээр авч үзнэ. Хууль зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн этгээдүүдийг албадан гаргах, хууль зөрчигчидтэй тооцох хариуцлагыг чангатгах арга хэмжээ авна.

3.15 Ажилчин хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эрүүл, аюулгүй ажлын орчин бүрдүүлэх, бүтээмжийг дэмжих хөдөлгөөнийг Үйлдвэрчний байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. Аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад хариуцлагатай, ёс зүйтэй, дарамт ялгаваргүй, ил тод, олон нийтийн хяналт бүхий ажиллах орчин бүрдүүлэхэд анхаарна.

Дөрөв. Байгальд ээлтэй хөгжил.Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг хангасан байгальд ээлтэй, ногоон хөгжлийн бодлогыг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх зорилт гэж үзнэ.

4.1 Байгаль орчны асуудалд үргэлжлүүлэн онцгой анхаарна. Хүн-байгаль гэсэн бодлогын тулгуур баганаа байнга бэхжүүлж ажиллана. Төрийн бүх шатанд аливаа асуудлыг иргэнтэйгээ, байгаль орчинтойгоо уялдуулж шийддэг хэвшлийг тогтооно.

4.2 Байгаль орчныг сэргээх, мод тарих, усны нөөцийг нэмэгдүүлэх, цөлжилт, хуурайшилттай тэмцэх чиглэлд ажиллаж байгаа иргэд, олон нийт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тодорхой бодлогоор дэмжинэ.

4.3 Байгаль орчны салбарт ажиллагсдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлнэ. Байгаль орчны хамгааллыг мэргэжлийн байгууллагууд, иргэдийн болон орон нутгийн оролцоонд түшиглэн хэрэгжүүлэхэд анхаарна.

4.4 Хүрээлэн байгаа орчиндоо ээлтэй хөгжил, санаачилга, технологийн шийдлийг дэмжинэ. Дэд бүтэц, үйлдвэрлэл, эрчим хүчний хөгжлийг хүрээлэн байгаа орчинд нь уялдуулж шийдвэрлэх бодлого баримтална.

4.5 Байгаль орчинд халтай зөрчил, гэмт хэргийн зүйлчлэлийг олон улсын жишигт нийцүүлэн төрөлжүүлж, хохирлыг төлүүлэх, нөхөн сэргээх, хариуцлага хүлээлгэх механизмыг тодорхой болгоно.

4.6 Байгаль орчинтой холбоотой хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, хэрэгжилт, шалгуурыг нь орчин үеийн шаардлагад нийцүүлнэ. Байгаль орчны төрийн бус байгууллагуудын иргэний зөвлөлтэй нягт хамтран ажиллана.

4.7 Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны асуудал болон байгаль орчныг нөхөн сэргээхэд чиглэсэн олон улсын санаачилгад идэвхтэй оролцоно. Мөн тухайн асуудлаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт хамрагдаж, тэдгээрийн үр шимийг хүртэгч байхыг эрмэлзэнэ.

4.8 Усны асуудлаар НҮБ-ын конвенц санаачилж батлуулах, НҮБ-ын төрөлжсөн байгууллага байгуулах санаачилгаа үргэлжлүүлж ажил хэрэг болгоно.

4.9 Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн судалгааг эрчимжүүлж, олон улс, бүс нутгийн санаачилгад идэвхтэй хамтарч оролцоно. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний Азийн түшиц орон, түүнд түшиглэсэн үйлдвэрлэл, сүлжээ байгуулах зорилготой төсөл хөтөлбөр, судалгааг үргэлжлүүлнэ.

4.10 Цацраг идэвхт бодис, цөмийн эрчим хүч ашиглахтай холбоотой асуудлаарх төрийн бодлогыг шинэчилж тогтооход олон нийтийн үүсгэл санаачилгын болон мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллана. Байгаль орчин, иргэдэд аюултай бол энэ төрлийн бизнес, үйл ажиллагаанаас татгалзах бодлого баримтална.

4.11 Цөмийн хог хаягдлыг Монгол Улсад булшлахгүй, байрлуулахгүй байх бодлогоо тууштай баримтална. Энэ чиглэлд иргэд, олон улс, мэргэжлийн байгууллагын дэмжлэгийг авч, Ерөнхийлөгчийн хувиар манлайлал үзүүлж ажиллана.

4.12 Монгол орны онгон дагшин байгаль, давтагдашгүй ховор, эмзэг экосистемийг хамгаалахад чиглэсэн санаачилгад тулгуурлан “Байгалийн нөөцийн Үндэсний парк” байгуулах зарлигийн хэрэгжилтийг хангаж ажиллана.

4.13 Байгаль, уул усаа шүтэж, хамгаалж ирсэн ахмад үе, ард иргэдийнхээ ёс заншлыг хүндэтгэн сахиж, өвлүүлэхэд анхаарч ажиллана. Тахилгат уул овоо, усны эхийг хамгаалах, цэвэрлэх зан үйл, санаачилгыг дэмжинэ.

4.14 Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг хамгаалах, хүрээлэн буй орчныхоо талаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцоход чиглэсэн олон улсын гэрээ хэлэлцээрт Монгол Улс нэгдэх, үндэсний хууль тогтоомжоо тэдгээрт нийцүүлэх үйл явцыг дэмжинэ.

Тав. Дэлхийд нэртэй Монгол.Улс орныхоо нэрийг олон улсад сайнаар гаргахад онцгой анхаарна. Монгол Улсын аюулгүй, тусгаар, бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, санал санаачилгыг бүх талаар дэмжиж ажиллана.

5.1 Олон талын болон хоёр талын харилцаанд үндэсний эрх ашгаа дээдлэх, хуулийг сахих, харилцан ашигтай, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг чанд баримтална.

5.2 Монгол Улсын олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг уламжлан хэрэгжүүлж, хөрш орнууд болон бусад улс, олон улсын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллана.

5.3 Бүс нутгийн эдийн засаг, дэд бүтэц, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрт Монгол Улсын оролцоог хангахад анхаарч ажиллана.

5.4 Нэгдсэн Үндэстний Байгууллага, Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд, Ерөнхий Ассамблейн хүрээнд тогтоосон харилцаа холбоо, манай орны аюулгүй байдал, санал санаачилгыг баталгаажуулсан шийдвэрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, хэрэгжилтийг хангана.

5.5 Ази, Номхон далай, Европын Холбоо, олон улсын төрөлжсөн байгууллагуудтай тогтоосон харилцаа, яриа хэлэлцээг улам баталгаажуулж, тодорхой ажил хэрэг болгоно.

5.6 Ази тивийн хэмжээнд хүний эрх, хуулийн засаглал, нээлттэй байдлыг бэхжүүлэх зорилготой Азийн түншлэл, зөвлөл, ардчиллын сүлжээ, мөн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ, санаачилгуудаа бодит ажил болгоно.

5.7 Ардчиллын боловсролыг дэмжих, иргэний нийгмийг бэхжүүлэх, авлигыг үл тэвчих, туршлага сургамжаа бусадтай хуваалцах, сонгууль ажиглах, хамтарсан сургалт явуулах талаар бусад орон, олон улсын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллана. Энэ чиглэлээр “Олон улсын хамтын ажиллагааны сан” ажиллуулж, үйл ажиллагааг нь идэвхжүүлэхэд анхаарна.

5.8 “Архигүй, эрүүл Монголын төлөө” уриаг улс орондоо хэрэгжүүлж байгаа ололт амжилтандаа тулгуурлаж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгээр “Архины хор хөнөөлийн тухай” олон улсын конвенц батлуулах чиглэл баримтална.

5.9 Монголын түүх, бахархалтай холбоотой түүхэн баримтуудыг судлах, эмхэтгэл гаргаж сурталчлах, боломжтойг нь эх орондоо авч ирэх талаар санал, санаачилга гаргана.

5.10 Олон улсад Монгол судлалыг бэхжүүлэх, дэлгэрүүлэх ажлыг улам эрчимжүүлнэ. Монгол судлаачдын гавьяа зүтгэлийг үнэлэх, бүтээл туурвилыг нь олны хүртээл болгох, туршлага, мэдлэгээ солилцоход нь дэмжлэг үзүүлнэ. Ийм зорилгоор бие даасан сан, судалгааны төв, сургууль байгуулж ажиллахыг дэмжинэ.

5.11 Гадаад улс орнуудад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа иргэдтэйгээ холбоотой байж, тэдэнд тулгамддаг асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана. Мөн иргэдээ эх орондоо ирж, ажиллаж амьдрахад нь туслах хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлнэ.

5.12 Монгол үндэстний соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн харилцааг идэвхжүүлэхэд анхаарна. Мөн Монгол хүмүүсийг уугуул нутагтаа ирж амьдрах, ажиллах, суурьшихад нь бусад орны жишгээр дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. Энэ чиглэлд эрх зүй, бодлогын шинэтгэл хийнэ.

5.13 Улс орныхоо нэрийг олон улс, дэлхийд сайнаар гаргаж байгаа иргэдээ дэмжиж урамшуулна. Монгол үндэсний уламжлалт соёл, зан үйлийг олон улсад сурталчлах бүхий л боломжийг ашиглана.

5.14 Монгол Улс нь НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоохыг чухалчилна. Улс орныхоо бие даасан, аюулгүй байдлыг улам баталгаажуулах,  гадаад харилцаа холбоог өргөжүүлэх, олон улс болон дэлхийгээс хамаарах Монгол Улсын хамаарлыг нэмэгдүүлэн бэхжүүлэхэд онцгой анхаарна.

Би эх орондоо, ард иргэддээ хэрэгтэй цагт нь тусалдаг Ерөнхийлөгч байх болно. Монгол хүний төлөө зүтгэлээ Монгол Улсын төлөө зүтгэл гэж үзнэ. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө өөрийн бүх мэдлэг, чадвар, туршлага, боломжоо дайчилж, бусдын тус дэмийг авч ажиллана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь нийт монголчуудын ялалт, амжилт, хөгжил дэвшлийн төлөөх эрхэмсэг өрсөлдөөн гэдэгт би итгэдэг. Бусдыг муулахгүй, өөрийгөө өмөөрөхгүй өрсөлдөнө. Хийх ажил, хөтөлбөрөө тайлбарлаж иргэдийнхээ дэмжлэгийг авахыг хичээж зүтгэнэ. Сонгуулийн явцад гарч байгаа санаа бодол, хөтөлбөр, санаачилгыг бодлого, үйл ажиллагаандаа тусгаж ажиллана. Нийт иргэдээ жигд төлөөлж, эв нэгдэл, шударга ёсыг эрхэмлэнэ.

Би улс орноо, ард түмнээ зөв замд хөтөлсөн Ерөнхийлөгч байна. Ард түмний минь буян заяа, ажил үйлс, золбоо хийморь нь байнга өөдөө байг. Бүгдээрээ хамтдаа Монгол Улсын төлөө зүтгэцгээе.

                                            Эх орон, эрх чөлөө хоёр минь бүтэн байг.

                    Миний Монгол Мөнх Оршиг.

МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал:

Монгол Улс өнө эртний төрт ёсны уламжлалтай, Их засаг хуулиа дэлхий дахинаа анх тунхаглаж, шударга ёсыг тогтоож байсан агуу түүхтэй гүрэн, монголчууд бид шударга байхдаа зоригтой, эвтэй байхдаа хүчтэй, байгаль дэлхий, уул усаа шүтэж амьдардаг агуу ард түмэн билээ.

Эцэг өвгөд минь уудам тэнүүн газар нутгийг минь Оюутолгой, Таван толгойн асар их баялагтай нь, Бороо, Төмөртэй, Асгат, Хөшөөтийг хар, цагаан, шар алттай нь, Мардай, Тамсагийг уран, нефтийн баялагтай нь бидэнд өвлүүлэн үлдээжээ. Эцэг өвгөдийн минь үлдээсэн энэ их өвийг хаанахын хэн эзэмшиж байна вэ, хэн эндээс ашиг хүртэж байна вэ, газар нутаг, эрдэс баялгийнхаа жинхэнэ эзэд, ард түмэн бид ямаршуухан ахуй амьдралтай байна вэ гэсэн асуултыг нухацтай тавих цаг болжээ.

Улс орон ардчилсан нийгэмд шилжсэн, алдаа оноо нь ээлжилсэн сүүлийн 20 гаруй жилд төрийн эрхийг ээлжлэн болон хамтран барьж байсан эрх баригч Монгол Ардын нам, Ардчилсан намын улс төрийн алдаатай бодлогын хор уршгаар улс нийгэмд  нэн даруй засаж сайжруулах ёстой 5 үндсэн аюул нүүрлээд байна. Үүнд:

АЮУЛ 1:Өвөг дээдсийн минь халуун амь, бүлээн цусаараа тэмцэж бидэнд үлдээсэн уул уурхайн асар их эрдэнэс баялгийг улс орон, ард түмнийхээ тусын тулд зөв зохистой ашиглахын оронд гадаадынханд найр тавин өгч үнэгүйдүүлж, хойч үеийнхээ ирээдүйг барьцаанд тавьсныг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Таван толгойн ордыг барьцаалан сонгуулийн авилгыг өөгшүүлсэн зэрэг үйл явдлууд гэрчилнэ. Эдгээр алдаанууд нь улс орны эдийн засгийн тусгаар тогтнолыг алдагдуулах аюулд хүргээд байна.

АЮУЛ 2: Иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх чиглэлээр дорвитой ажил санаачилж хэрэгжүүлэхгүй, хамгийн үнэ цэнэтэй Монгол хүнийг ажилтай орлоготой болгохын оронд хавтгайруулсан халамжаар аргацааж ажилгүйдэл, ядуурлыг улс төрийн бодлогоор өөгшүүлж ирсэн нь Монгол хүнийг өөртөө итгэлгүй, сул дорой, үнэ цэнэгүй болгож, эх оронч үзлийг  нь унтрааж, эр зоригийг мохоож, итгэл найдварыг алдагдуулж улмаар үндэсний дархлааг сулруулах аюулд хүргээд байна.

АЮУЛ 3: Ард иргэдийг нутаг ус, жалга дов, нам, эвсэл, хөдөө хот, хөрөнгө чинээгээр нь талцуулан хувааж, сонгуульд ялсан нам нь ялагдсан намынхаа гишүүдийг хоморголон ээлжлэн халж олныг хамарсан гомдол, бухимдлыг бий болгодог нь иргэдийг талцал хуваагдалд оруулж монголын нийгмийг бутарсан, задарсан, бухимдалтай, хувиа хичээсэн аминч шинжтэй болгосноор Үндэсний эв нэгдэлд аюул учраад байна.

АЮУЛ 4. Үндэсний аюулгүй байдал тэр дундаа эрүүл мэнд, экологийн аюулгүй байдал  бүрэн алдагдлаа. Байгаль орчин бохирдож, монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж, онц аюултай, жигшмээр гэмт хэргүүд өдрөөс өдөрт нэмэгдэж, эрүүгийн нөхцөл байдал улам бүр хүндэрснээр Монгол хүн энх тунх байж, эсэн мэнд амьдрахад аюул учраад байна.

АЮУЛ 5: Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хууль дээдлэх, чөлөөт хэвлэл мэдээлэл, хараат бус шүүх, хүний эрх, эрх чөлөө зэрэг  ардчиллын үнэт зүйлс алдагдаж, Үндэсний шударга ёсны тогтолцоо бүрэн хямралд орж, олон түмний шүүх ба төрд итгэх итгэл алдарч, нийгэм айдас хүйдэст автлаа. Сонгуулийн авилгаас эхтэй нийгэм, эдийн засгийн гүнзгий хямрал даамжирч улмаар хүний үндсэн эрхийг хангах, шударга ёсыг тогтооход бодитой аюул нүүрлэлээ.

Эдгээр аюулыг нэн даруй засахгүй бол Монгол Улсын маань хөгжил хэдэн арван жилээр ухарч, ард иргэдийн амьдрал улам доройтон,  улмаар улс гэр маань орших уу, эс орших уу гэсэн салаа замын уулзварт тулж ирээд байна.

Энэ сонгууль бол хэн нэгэн хүнийг албан тушаал, эрх мэдэлд хүргэх төдий бус харин Монгол Улсын хөгжил дэвшил, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах, монгол хүнийхээ эрх, эрх чөлөө, хойч үеийнхээ баталгаат амьдралын төлөө сонголтоо хийх түүхэн сонгууль болно.

Иймд миний бие Монгол Улсын Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, шударга ёсны төлөө тэмцэгч, эх орончдын нам болох МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувьд  Та бүхэн надад итгэл хүлээлгэж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонговол дараах 5 бодлогыг тус бүрийнх нь 5 зорилтоор дамжуулан хэрэгжүүлэхээ амалж байна.

“Таван БОДЛОГО – Таван зорилт”

                Бодлого 1. Монгол төрийн бодлогын цөм нь “Монгол хүн” байна

1.1. Хүүхэд залуучууд, эрэгтэй, эмэгтэйчүүд, ахмад настануудаа эрхэлсэн ажил, оршин суугаа газар, амьдралын орлогоос үл хамааран амьдралын баталгаа, аюулгүй байдлыг нь төрийн бодлогоор дэмжиж, хамгаална

1.2. Их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, программыг оновчтой болгон багасгаж, оюутнуудыг урин дулаан цагт бүтээн байгуулалтад оролцох, харин хүйтний улирал буюу 11 сараас 3 дугаар саруудад суралцах боломжийг гаргаж өгнө.

1.3. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүнд гэм буруутай этгээдийн өмчийн эрхийг нь шилжүүлэх, хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалалтад авах замаар архидалт, гэр бүлийн хүчирхийлэлтэй шийдвэртэй тэмцэнэ.

1.4 Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг бодитойгоор нэмэгдүүлэхийн тулд цалинг сараар биш цагаар тооцдог болгож, хөгжингүй орнуудын жишигт хүргэнэ.

1.5. Иргэддээ “Дарамтгүй бизнес” эрхлэх боломжийг төрийн зүгээс бүрдүүлж өгнө.

Бодлого 2. Иргэддээ ижил тэгш хандаж, эхийн сэтгэлээр энэрэн халамжилж, Үндэсний аюулгүй байдлыг аргамжина

2.1. Намчирхдаг, жалга довны үзлийг дэвэргэсэн өнөөгийн улс төр, сонгуулийн тогтолцоог үндэсний эв нэгдлийг бэхжүүлсэн улс төрийн тогтолцоо буюу сонгуулийн бүрэн пропорциональ (хувь тэнцүүлсэн) системд шилжүүлнэ.

2.2.Аймаг, хотын засаг дарга нарыг иргэд сонгож, харин сум, дүүрэг, баг хорооны засаг даргыг ажил, мэргэжлийн ур чадварыг нь харгалзан томилдог, хариуцлагаа хамтарч хүлээдэг зарчимд шилжүүлнэ.

2.3. Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг, яс үндэс, үзэл бодол, намын харьяаллаар нь талцуулж, ашиг сонирхлын бүлэглэлүүдэд хуваах бодлогыг таслан зогсооно.

2.4. Улс төрийн намуудын ойлголцол, эв нэгдлийг хангаж төрийн тогтвортой байдлыг эрхэмлэн ажиллана.  Аливаа улс төрийн асуудал, зөрчлийг харилцан буулт хийх, зөвшилцөх аргаар шийдвэрлэдэг улс төрийн соёлыг нэвтрүүлнэ.

2.5. Улс төр бизнесийн олигархи бүлэглэл үүсэх боломжийг бий болгосон тогтолцоог өөрчилж, татварын орчинг боловсронгуй болгох замаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг бодитой нэмэгдүүлж, баян, ядуугийн ялгааг багасгахыг УИХ, Засгийн газраас шаардаж ажиллана.

                Бодлого 3. Үндэсний аюулгүй байдлын “ХОТОЧ”-ийг ажиллуулна.

3.1.Монгол хүний аюулгүй байдал ялангуяа эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах Үндэсний Аюулгүй байдлын “ХОТОЧ” –ийг бий болгоно.

3.2. Хүний эрүүл мэнд,  хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж байгаа ундны усны хомсдол, цөлжилт, ус, хөрс, агаарын бохирдол, цөмийн болон бусад химийн аюултай хог хаягдал зэргийн хор хөнөөлийг нэн даруй арилгаж дахин шинээр үүсэн бий болохоос урьдчилан сэргийлнэ.

3.3. Архидалт хэмээх үндэсний эмгэнэл, гамшгийг монгол айл бүрийн амьдралын хэвшлээс арилгах төрийн бодлогыг дэмжинэ.

3.4 Зэвсэгт хүчин, хилийн цэрэг тус тусдаа, нэгдмэл зохион байгуулалтгүй байгааг өөрчилж, орчин үеийн хандлага, түүхэн уламжлалд нийцүүлэн батлан хамгаалах салбарыг бэхжүүлнэ.

3.5. Онц аюултай гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд оноох ялыг чангатгана. Хүний наймаа, эмэгтэйчүүд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгтэнд өршөөл, уучлал үзүүлэхгүй.

Бодлого 4. Бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар хамгаалж, бэхжүүлнэ.

4.1. БНХАУ, ОХУ-тай түүхэн уламжлалт найрамдалт харилцаагаа эдийн засгийн харилцаагаар баяжуулж, гуравдахь хөршийн бодлогыг улам бүр өргөжүүлнэ. Түүхий эд нийлүүлэх урт хугацааны гэрээ хэлцлийг улс орнуудтай байгуулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангана.

4.2. Далайд гарцгүй улсын хувьд экспортын бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд хүргэх таатай нөхцлийг бий болгох талаар олон улсын хамтын нөхөрлөлийн байгууллагуудын дэмжлэгийг авахаар чармайж ажиллана.

4.3. Гадаадын хөрөнгө оруулалтыг харилцан ашигтай, шударга байх зарчмыг баримтлахын сацуу дотоодын хөрөнгө оруулагчиддаа давуу байдал олгодог болно.

4.4. Ашигт малтмал, газрын баялаг тэр дундаа Тавантолгой, Оюутолгой болон бусад стратегийн ордуудыг ард түмэндээ хамгийн ашигтай хувилбараар шийдвэрлүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлнэ.

4.5. Ази, европыг холбосон авто болон Төмөр замын сүлжээг бий болгож олон улсын торгоны замын уламжлалыг сэргээх талаар улс орнуудтай яриа хэлэлцээ хийж хэрэгжүүлнэ.

                Бодлого 5. Шударга ёсны үндэсний тогтолцоог шинэчилнэ

5.1. Монгол Улсад хууль хэрэгждэг болгоно. Улс төрийн, танил талын, эсхүл бусад шалтгаанаар шударга бусаар, хараат байдлаар хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүгчдэд хариуцлага хүлээлгэж, шүүхийн авилгалыг устгана.

5.2. Улс төрийн сонгуулийн луйвар, сонгуулийн авилгалыг таслан зогсооно.  Улс төрийн намын тухай хуулийг боловсронгуй болгож, сонгуулийн сурталчилгааг нэгдсэн байдлаар төрөөс зохион байгуулдаг зохицуулалтыг санаачилж, бодлогоор дэмжинэ.

5.3. Монгол Улсад улс төрийн аливаа хэлмэгдүүлэлтийг таслан зогсоож, улс төрийн хоригдолгүй улс болгоно. Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийг цагаатгуулна.

5.4. Хэвлэл, мэдээллийн салбарын байгууллагуудын бие даасан, хараат бус байдлыг хангаж, иргэдэд хүрч буй мэдээллийг шударга, үнэн зөв бодитой байлгах зорилгоор олон нийтийн хяналт, хариуцлагын тогтолцоог бий болгоно.

5.5. Авилга, хээл хахуулийн тухай эрх зүйн ойлголтыг боловсронгуй болгоно. Авилга авч өгөхгүй байх нөхцлийг бүрдүүлж төрийн албан тушаалтанд хууль бусаар нөлөөлдөг байдлыг хална.

Л.Бадрах.ugluu.mn

Санал болгох мэдээ

Г.Эрхэмбаяр түрүүлж Монгол Улсын аварга боллоо

Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жил,  Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил,  Ардын хувьсгалын 92 …