Соёлоо мэддэггүй атлаа тэнгэрээр нисэгчид


Сонин хэвлэлд ярилцлага өгөх дуртай Монголын зарим нэгэн философичдийн ярилцлагыг харахад хоёр айхтар зүйл ажиглагдах нь ер бусын ихээр гайхал төрүүлнэ. Нэгд нь орчин цагийн өрнөдийн философийн сургалтанд “үгүйсгэл, үгүйсгэлийн хууль”-иас өөр юм заахаа больчихсон юм болов уу даа гэх сэтгэгдэл, хоёрт нь өөрсдийнхөө огт мэдэхгүй юмныхаа талаар номчирхох их дуртай юм уу даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх ажээ.
“Мэдэхгүй юмныхаа талаар битгий ярьж, бичиж байгаарай. Тэгвэл ухвар мөчдөө бусдад гайхуулсан хэрэг болдог юм шүү. Оюунт хүнд тэгэх эрх байдаггүй юм шүү” гэж захиж сургаж өгдөг ухаалаг сайн багш нар тэдэнд байгаагүй л юм байх даа. Уул нь сайн багшийн шавь бол оюунлаг, юмыг ул үндэстэй, зөв сэтгэдэг, мэдлэг боловсролтой хүн болж төлөвшөөд ирдэг сэн. Гэтэл үндэс угсаанаасаа, үүх түүхээсээ, үндэсний соёлоосоо хачин ихээр харьшиж, харь хүний ихэмсэг, үзэн ядах сэтгэлгээг өнгөцхөн хуулбарласан аятай хүмүүс болчихоод ирдэг нь тун хачирхалтай. Оюун санаандаа үндэсний ямар ч өнгө төрхгүй болчихоод шүүмжлэхийн тулд шүүмжилдэг “хэтэрхий мэргэн жараахайнууд” маягтай царайлж явдаг болжээ дээ хөөрхий зарим нэг этгээдүүд. Даяаршлын энэ их хуйларсан шуурганаар үндэснийхээ оюун санааны дүр төрхөө алдсан хувь хүн бүү хэл, ямар ч үндэстэн хүн төрөлхтөний дунд аливаа нэгэн онцгойлогдох юмгүй болж хаашаа ч хамаагүй хөлбөрсөн саарал амьтад болж хувирна гэдгийг ухаж ойлгох ухаан дутлаа гэж үү? Эсвэл амьдралаас хол тэнгэрээр нисэж явдаг зарим нэгэн философичийн адил хэмжээнд мэргэжлээ эзэмшсэн учраас бүхэл бүтэн үндэстний соёл, үүх түүх, амьдрал тэмцэлд хүйтэн сэтгэлээр хандаж үгүйсгэх бүдүүн зүрх гаргаж чаддаг юм болов уу?
Соёлыг нэг хүн биш бүхэл бүтэн ард түмэн олон үеийн туршид бүтээдэг юм гэдгийг бас огт ухаарч ойлгодоггүй юм байх даа. “Соёл, түүхийг ард түмэн бүтээдэг учраас хувь хүн ямар ч их ухаантай байсан шүүмжлэх эрх байдаггүй” гэдэг бичигдээгүй ёс журам, өндөр ёс суртахуун дэвшилтэт үзэлтэй, ухаант хүн төрөлхтөний дунд мөрдөгдөж байдаг юм шүү. Үүний хязгаарыг давж гарсан хүн, тэр тусмаа шинжлэх ухааны хүн ч байсан ухаан, ухамсар нь дутуу, харгис бурангуй үзэлтэй, биеэ хэт өргөмжилж, ард түмний толгой дээгүүр харайлгах гэж оролдсон мулгуу этгээд болж хувирдаг жамтай. Яагаад гэвэл ард түмний оюун санаа, зүрх сэтгэлд гүн гүнзгий хадагдсан эрхэм нандин өв, түүхэн үйлийн дурсамжуудыг аливаа юмны гүн гүнзгий учрыг олж харж чадахгүй буруу зөрүү өнгөц харж явдаг хүний болхи сэтгэлгээгээр өгсөн ярилцлага төдийхөн зүйл сэв оруулах нь юу л бол доо. Хатуухан боловч манайхны хэлдгээр “саваагүй нохой саранд хуцна” гэдгийн үлгэрээр хүчин мөхөсдөх биз ээ.
Ер нь соёлын өвгүй ард түмэн энэ хорвоогийн хаана байдаг гэж хаанаас сонсчихоод мунхаглаж яваа ухаантан юм бол доо. Африкийн хамгийн хоцрогдсон ард түмэн ч гэсэн мянга мянган үеийн туршид тордож босгоод тээж ирсэн өөрийн гэсэн соёлтой гэдгийг шинжлэх ухааны бүх салбарууд хүлээн зөвшөөрчихсөн юм сан, тэгээд ч соёлын тухай ямар ч ойлголтгүй, дээр нь бусдаас ухаан дутуу хүн л бусдын соёлыг үгүйсгэдэг бүдүүлэг зантай байдаг гэж шинжлэх ухаан бараг нотолчихсон гэж хэлж болохоор үе эхэлчихсэн орчин цагт ийм эрүүл бус дэмий юм бичиж, ярьж ухаан дутуугаараа гайхуулж явдаг хүн бас байдаг нь хачирхалтайяа.
Хоорондоо адил төсгүй дэлхийн энэ олон соёлын өвийг ганцхан хэмжүүр шаблоноор хэмжиж, “байна, байхгүй” гэж ойлгохыг оролдож явдаг хүн цаг үеэсээ, дэвшилтэт хүн төрөлхтөний тэргүүний сэтгэлгээнээс үлэмж ихээр хоцрогдсон этгээд болж таарна аа даа. Уул нь дээр хэлсэн бичигдээгүй хууль, хүнлэг өндөр ёс суртахуун хоёр философийн шинжлэх ухааны уур амьсгал дотор ч байдаг л байх ёстой доо. Харин чи зөв сэтгэж сураагүй учраас их сургуулиа төгсөхдөө ч, эрдмийн зэрэг хамгаалахдаа ч мэдэрч амжилгүйгээр хажуугаар нь өнгөрөөгөөд ирсэн бололтой. Хэрвээ агуу их Платон амьд сэрүүн байсансан бол чамайг өөрийнхөө айлдаж агсан үгнээсээ иш татаад “буруугаар эргэсэн их мэдлэгийн гай” таригч гэж шүүмжлэх байсан байх даа гэж хэлмээр байна.
Өрнөдөд ч юмуу, гадаадад ч юм уу сурч боловсрох, соёлжих гээд явсан биш үеэ өнгөрөөж байгаа хоцрогдсон үзэл, сэтгэлгээг нь хаанаас ч юм олж сураад “үгүйсгэл, үгүйсгэлийн хууль”-нд л боловсорч оюун санааны хувьд урагш алхах нь бүү хэл хойшоо хоёр алхчихаад ирдэг шүү юм болов уу гэлтэй байх юм. Хүн оюун санааны хувьд зөв өсөн дэвжиж чадаагүй л бол хаана ч очоод юунд ч суралцаад мэдлэгтэй, боловсролтой, соёлтой хүн болж чаддаггүй, тэр ч бүү хэл оюунлаг, ухаалаг хүн болж бүр ч чаддаггүй. Тиймээс манай ард түмэн тийм хүмүүсийн тухайд “дотроо нинжин сэтгэлгүй бол тоогүй их эрдэмтэй боловч түмэнд тусгүй” гэж эртнээсээ хэлэлцсээр ирсэн юм шүү. Үүний нэгэн адилаар их зан, биеэ тоож, өөрийгөө өргөмжлөх үзэл, үгүйсгэх донд суралцаад ирсэн бол бүр хэнд ч хэрэггүй этгээд болно гэдэг нь ойлгомжтой. Чухам ийм хүмүүс л олигтой юманд суралцаж чадаагүй, мэдлэг хомсын харгайгаар “ухаан муутын зүрх бүдүүн” гэдгээр үндэстний соёл өөд довтлохдоо сүржин маягийн нэр томъёо зохиож дайран довтолдог нь гэм биш зан нь гэлтэй бүдүүлэг авирладаг. Энэ нь өөрийгөө хэр зэрэг өндөрт өргөмжилж явдгийнх нь тусгал гэлтэй байдаг. Их өндөр байх тусмаа л нэр томъёо нь улам л сүржин болдог жамтай гэмээр. Жишээ нь: “Монголчуудад соёлын өв байхгүй, соёлын өв гэхээр 800 жилийн өмнөх домог, үлгэрээ л ярьдаг” гэж ямар гээчийн их зантай, хэр зэргийн өндөрт өөрийгөө өргөмжилсөн, ёс суртахуун муутай этгээд зохиомжилж чадах вэ гээд бодоцгооё л доо. Асар их бүдүүн зүрхтэй, хэмжээ хязгааргүй их зантай, өөрийгөө үлэмж өндрөөр нисгэж яваа этгээд, хамгийн гол нь ямар ч ёс суртахуунгүй, хүнлэг авиргүй этгээд л ард түмэн өөдөө ингэж ичгүүр сонжуургүй дайрч давшилж чадах байх даа. Өөрөөсөө хэд дахин агуу аав ээж өөдөө дайрч довтолж байгаагаа, өвөг эцэг, эмэг эх өөдөө довтолж байгаагаа, өвөг дээдсээ оруулаад өөрийгөө доромжилж байгаагаа ойлгох ухаан дутдаг шүү юм байх даа. Агуу ихийн хийрхэлд мунхарч хоёрхон алхмын цаадахыг харах билгийн хараагаа алдчихсан хүний л хийх ажил яах аргагүй мөн дөө. Тэгээд өөрөө ямар гээчийн соёлд харъяалагддаг хүн юм бол доо.
Хэрвээ аль нэгэн шинжлэх ухаанд сайтар нэвтэрч чадсан шүү хүн юм бол аль нэгэн зүйлийг сайн мэддэг байж байж сул талыг нь сайжруулах үүднээс шүүмжилдэг болохоос огт мэдэхгүй байж шүүмжлэхийн тулд мухар сохроор шүүмжлэх гэж оролдож болдоггүй гэдгийг эрхбиш гадарладаг баймаар юм аа. Хэрвээ шинжлэх ухааны энэ бичигдээгүй хуулийг гадарладаггүй бол орчин цагийн хэллэгээр “цээжнийхээ пангаар баруун зүүнгүй бурах” гэдэг үлгэрийн гол дүр тоглодог сон доо.
Тэгэхээр соёл гэдэг маш өргөн утгатай ойлголт гэдгийг юун түрүүнд танд онцлон хэлмээр байна. Өөрөө тэнгэрээр нисэж явдаг философичдын нэг учраас соёл гэдгийг тэнгэр шиг том зүйл байх ёстой гэж андуураад байх шиг байна. Энэ бол соёлын талаар ямар ч мэдлэггүй хүний маш том эндүүрэл шүү. Жижигхээн юм соёл гэгдэх нь ч бий, том зүйл соёл гэгдэх нь ч бий. Жишээ нь: хувцаслах соёл, хооллох соёл гэж жижигхэн хэмжээний соёлууд байдаг. Түүнчлэнгээр хүнд биеэ авч явах соёл, хэл ярианы соёл, тариа тарих соёл, мал маллах соёл, будаа тарих соёл, бичгийн соёл гээд томорсоор томорсоор үндэсний соёл, Дорно дахины соёл, Өрнө дахины соёл, улмаар хүн төрөлхтөний соёл хүртэл томордог. Бүр нарийвчлан ярих юм бол аль ч улсын үндэсний соёл нь түүнийг бүрдүүлж өгдөг жижиг соёлуудынхаа нийлбэр, Дорно дахины соёл гэдэг нь дорно зүгийн улс, үндэстнүүдийн соёлын нийлбэр, Өрнө дахины соёл гэдэг нь өрнө зүгийн улс, үндэстнүүдийн соёлын нийлбэр, хүн төрөлхтөний соёл гэдэг нь Өрнө Дорнын соёлын багцаас бүрддэг зүйл гэж хэлж болно.
Соёл нь дотроо эдийн соёл, оюун санааны соёл гэж хоёр том хэсэгт хуваагддаг. Эдийн соёл нь барилга байшин, орон сууц, хувцас хунар, хоол хүнс бэлдэх гээд олон зүйлийг хамаардаг. Оюуны соёл нь бичиг үсэг, хэл яриа, урлаг, эрдэм мэдлэг гээд мөн л олон зүйлийг хамаардаг. Түүнээс гадна хүн төрөлхтөний соёлын суурь болсон универсаль соёл, түүнээс салбарласан нүүдэлчдийн болоод суурин иргэдийн хоёр том соёл өнөөг хүртэл оршин тогтносоор байна гэж шинжлэх ухаан үзсээр ирсэн, үзсээр ч байгаа.
Монголчуудын өвөг дээдсийн бүтээсэн соёл иргэншлийн гүнд нь ороод нарийвчлан судлаад үзэхлээр “оюуны соёл иргэншил” гэж нэрлэмээр, бүх юмнаас нь ухаан үнэртэж байдаг. Монголчууд суурин иргэншлийнхээс нэг хэмжээсээр илүү гарч сэтгэдэг учраас аливааг товч тодорхой томъёолж боловсруулан гаргах өндөр чадвартай байдаг. Тэр ер бусын чадварыг суурин иргэншлийнхнээс сондгойрч гарч ирсэн Гегель мэтийн өрнөдийн эрдэмтэн мэргэд нь «Монголчууд бол хүн төрөлхтөнд оюун билгийн мэлмий хайрласан ард түмэн» хэмээн үнэлж биширсэн байдаг.
Үнэхээр ч Монголчуудын гүн ухааны гурвал томъёолол буюу «ертөнцийн гурав»-т нэвтэрхий харц, эрдэм мэдлэгийн их багцлал нэвт шингэсэн байдаг. Тэдгээрээс ертөнцийн тогтолцоо, хүмүүний ертөнц, амьдралын жам, байгалийн хууль, хүн амьтны дэв жаягийн мөн чанарыг ямар ч тусгай боловсролын тусламжгүйгээр мэдэж авч болдог. Түүнээс гадна өрнөдөд тусгай боловсрол эзэмшиж нилээдгүй ном уншиж байж ойлгож авдаг «үгүйсгэл, үгүйсгэлийн», «тооноос чанарт шилжих», «эсрэг тэсрэгийн» хуулиудыг Монгол гүн ухааныхаа зүйр цэцэн үгсээр хэн ч ойлгохоор энгийнээр тод томруун томъёолж, номлож сургаж өгсөн байдаг. Тухайлбал «үгүйсгэл, үгүйсгэлийн хууль»-ийг «цагийн юм цагтаа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй», «тооноос чанарт шилжих хууль»-ийг «Зуд нэг жилийнх журам мянган жилийнх», «эсрэг тэсрэгийн хууль»-ийг «Сайн санааны үр дэлгэрдэг, саар санааны үр ялзардаг» гэж товч тодорхой номложээ.
Өрнөдийн мэргэд өөрсдийнхөө номлох гэсэн зүйл дээрээ товчхон тодорхойлж байж чадсангүй ээ. Боть ботиор ном бичиж тайлбарлах гэж өөрсдийн санаагаа улам хүндрүүлж хэр баргийн хүн ойлгохын аргагүй болгожээ гэж хэлж болохоор байна. Уул нь “товчхон байна гэдэг ухаантайн шинж” гэж томъёолсон мэргэн үг байдаг сан даа. Тийм болохоор ертөнцийг танин мэдэхүйд зөв хандаж, гүн гүнзгий шинжиж ойлгож ухаарч авсан Монгол түмний хосгүй ухаант их мэргэдийн багцалж өгсөн эрдэм нь өрнөдийнхөөс илүү онч, илүү зөв бодолтой алдаа эндэгдэлгүй агуу эрдэм ажээ.
Монголчууд бидний өвөг дээдсийн бүтээсэн агуу их үүх түүх чамд ойлгоход ахдаад үлгэр домог шиг бодогдоод бас хэтэрхий урт залхуутай санагдаад байгаа бол бид чамд базаж товчлоод “Монголчуудын түүх бол чөлөөт худалдааны төлөөх тэмцлийн түүх юм” гэж ганцхан өгүүлбэрт багтаагаад томъёолж өгье л дөө. Энэ үнэхээр хольцоогүй үнэн гэдгийг их эзэн хааныг маань хүн төрөлхтөний Хоёр дахь мянганы хүнээр тодруулж, “New York Times” дээр бичсэн тодорхойлолт дотор маш тод томруун гаргаж бичиж өгсөн явдал нь баталж өгсөн гэж бодож байна. Үнэхээр хүмүүнчүүдээс (Хүн улсын үеэс) авахуулаад дундад эртний Монголчууд хүртэл өвөг дээдэс маань чөлөөт худалдааг олон улсын харилцаанд хэвшүүлэх гэж бүхнээ зориулж явсан. Түүний тулд гаргасан зөвхөн ганцхан хүчин чармайлт нь л гэхэд алтан баталгаатай цаасан мөнгийг сэдэж гаргаж ирсэн өвөрмөц сэтгэлгээний оюуны соёл байсан юм. Одоо алтан баталгаатай цаасан мөнгөний соёл дэлхий нийтийн нэн чухал хэрэглэгдэхүүн болсон бөгөөд хүн төрөлхтөний соёлын өвд хандивласан Монгол түмний оюунлаг соёлын их өвийн агуу их хэрэглэгдэхүүний нэг байсан юм. Дундад эртний Монголчуудаас өмнө табгачийн Тан улс, хятадын Өмнөд Сүн улсад цаасан мөнгө хэрэглэх гэсэн сэдэл гарч байсан боловч тэд цаасан мөнгө ардаа алтан баталгаатай байх ёстой гэдгийг ухаарч сэтгэж чадаагүй учраас бүтэлгүйтсэн юм.
Шулуухан хэлэхэд үндэснийхээ соёлыг, түүнийг бүтээсэн түмэн олныг дорд үзэж байж хэн нэгэн агуу их болж байсан түүх одоог хүртэл гараагүй билээ. Мөн тэгэж оролдсон хэн ч ухаантан болж харагдаж чадаагүй гэдгийг хэлэх юун. Түмэн олныг муучилж дорд үзэх бүү хэл хажуу хавирганыхныгаа муу хэлэх мөхөс аргаар их ухаантан болж харагдах гэж оролдож явдаг этгээд хэзээ ч санасан санаандаа хүрч чаддаггүй. Харин ч “зовсон амьтан” гэх бодлыг л бусдад төрүүлж, ажил амьдрал нь бүтэл муутай яваа нэгний дүрээр л бусдын нүдэнд харагддаг. Чи бусдын нүдэнд юм мэддэг, үлэмж ухаантай хүн болж харагдахыг хүсч, алдар нэр хайж явдаг бол аргаа буруу сонгож авч дээ.
Тиймээс зөв сэтгэж чаддаг болохын тулд зөв санаа сэтгэлгээр дахин суралц. Тэр үед чамд зөв сэтгэлгээ, зөв ухаан хоёр орж ирэх юм бол бусдад тустай сайн сайхан эрдэм чиний толгой дотор бий болж мэднэ. «Нэгэн ухаантай хүн мянган номын утгыг нь ойлголгүй уншсанаас мэргэн хүнтэй нэг цаг ярилцаж суух нь хамаагүй үр дүнтэй» гэж хэлсэн байдаг. Тиймээс зөв сэтгэж сурсныхаа дараа урьд олж авсан мэдлэг боловсролоо жинхэнэ мэдлэг боловсрол биш байсан юм байна гэдгийг ухаарна. Дундаж хүний «дундач мэдлэг» олгодог өрнөд маягийн боловсролын системийг дүүргэсэн (дараа нь эрдмийн зэрэг хамгаалаад ч гэсэн) бол ухаантай мэдлэгтэй хүн болчихож байгаа юм биш шүү. Жинхэнэ мэдлэг боловсрол гэдэг нинжин сэтгэл, зөв санаа бодол, хүн бүрд байгалиас заяадаг оюуны цараанд зөв суурилуулж байж өөрийнхөө дотоод хүчээр бий болгодог нандин дээд эд. Тэгээд ч зогсохгүй боловсролоо мэдлэг болгож, мэдлэгээ эрдэм болгож төлөвшүүлэх хэрэгтэй байдаг юм. Эрдэмтэн хүн, эрдэмтэй хүн хоёр гэдэг Монгол хэлний ухагдахуунаар өөр өөр ойлголтууд байдаг юм шүү. Өнөөгийн эрдэмтэн хүн гэдэг угтаа боловсролын нэг эрээн цаас нэмж авсан хүн л байдаг. Эрдэмтэй хүн гэдэг зөв үзэл, зөв сэтгэлээр олж авсан боловсролоо эрдэм болтол эзэмшин боловсруулж чадаад бусдын тусын тулд хэрэглэж чаддаг хүнийг хэлдэг. Энэ бол чанарын том ялгаа шүү. Тиймээс ямагт зөв сэтгэх гэж оролдож, аливаа зүйлийн гүн гүнзгий учрыг зөв олж тогтоож байж дуугарч бай. Зөв юм бүтээ, зөв юм бич, бусдын нүдэнд зөв харагд. Тэр цагт алдар нэр чамд морилоод ирж магадгүй. Энэ бол алдар нэрийг хүсэмжлэгч хүний мөрдөх ёстой цорын ганц зөв зам юм шүү гээд хэлчихэд буруутахгүй биз ээ.

Ж.Бор
Д.Баатар

Зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр нийтлэв

 

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …