НИТХ дахь АН-ын бүлэг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг сайжруулах санал хүргүүллээ

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэдийн саналыг тусгах зорилгоор НИТХ дахь АН-ын бүлэг саяхан “Хотын шийдэл” хэлэлцүүлгээ зохион байгуулсан юм.

Тус хэлэлцүүлэгт оролцогчид болон судлаачдын багийнхан хуулийн төслийг дахин боловсруулах, сайжруулах шаардлага байгааг онцолж, хэд хэдэн санал гаргасан. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн үндсэн хуулийн шинж чанартай хууль. Гэвч шинэчилсэн найруулгын төсөл нь 1 удаагийн мөрийн хөтөлбөрийн шинж чанартай, дүрэм журмааар зохицуулах боломжтой заалтуудыг тусгасан. Хууль нь тодорхой нэг асуудлыг нэг мөр, бүрэн зохицуулсан байх ёстой боловч тус шинэчилсэн найруулгын төсөл олон төрлийн харилцааны цуглуулга байна. Иймд Хууль тогтоомжийн хуульд заасан хуулийн шаардлагуудыг биелүүлэх шаардлагатай гэж үзжээ.  Мөн Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг зөрчихгүй байх, хотын дүрэмтэй болох, нийслэл хотын онцгой статусыг тогтоох, дагуул хоттой байх, саарал усны менежментийг хийх, иргэн, удирдлагын эрх, үүргийг тодорхойлох зэрэг олон зохицуулалтын саналуудыг тусгажээ.

Хэлэлцүүлгийн оролцогчид Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг сайжруулах чиглэлээр дараах санал, зөвлөмжийг гаргаж, УИХ-ын Ажлын хэсэг хүргүүлсэн байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр:

  1. Хууль тогтоомжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Засгийн газрын санаачилсан хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрх зүйн дүгнэлт хийнэ.”, 20.8-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын санаачилсан хууль тогтоомжийн төсөл нь энэ хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг эцэслэн хянаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгоно.”, мөн хуулийн 40 дүгээр зүйлд Хууль тогтоомжийн төсөл нь бүрдүүлбэртэй байхыг зааж, уг зүйлийн 40.1.1-40.1.10-д бүрдүүлбэрийн жагсаалтыг заасан. Уг жагсаалтыг 40.1.7-д “Засгийн газрын өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийн тухайд … хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр өгсөн зөвшөөрөл” гэжээ. УИХ-ын албан ёсны цахим хуудаст уг хуулийн төсөлд хийсэн эрх зүйн дүгнэлт, Засгийн газрын гишүүний зөвшөөрөл зэрэг тавигдаагүй байгаа тул хуулийг биелүүлэх,
  2. Хуулийн төсөл нь тодорхой нэг асуудлыг нэг мөр, бүрэн зохицуулсан байх, олон төрлийн харилцааны цуглуулга байх ёсгүй юм. Хуулийн төсөлд Нийслэлийн газрын бирж, Нийслэлийн хот тохижилт, ногоон байгууламж, Нийслэлийн авто зам, Нийслэлийн нийтийн тээвэр, сурталчилгааны самбар гэсэн бүлэг, зүйл, заалт орсон байна.

Монгол Улсад Газрын тухай хууль, Авто зам болон Авто тээврийн тухай, Хот байгуулалтын тухай хууль зэрэг бие даасан хуулиуд хүчин төгөлдөр үйлчилж байна. Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т “Тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцааны хүрээнээс хальсан асуудлыг тусгахгүй байх” гэж заасны дагуу тус хуулийн зорилго, зохицуулалтын хүрээг нарийвчлан, бусад хуулиар зохицуулах боломжтой болон давхардсан бүлэг, зүйл, заалтыг хасах,

  1. Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д заасан “Хэм хэмжээ тогтоогоогүй, тунхагласан шинжтэй буюу нэг удаа хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх”, 30 дугаар зүйлийн 30.1.4-т заасан “Хүч оруулсан нэр томьёо хэрэглэхгүй байх” шаардлагыг хуулийн төслийн зарим зүйл, заалт хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй байгааг анхаарах шаардлагатай байна. Тухайлбал, хуулийн төслийн 23.3-д “Нийслэлийн Засаг дарга төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд нийслэлд дугуйн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлнэ.”, 33.1.2-т “нийслэлийн оршин суугчийн суурийн амьдралын хэв маяг, хамтач үзлийг хөгжүүлэх”, 38.2-т “… хороо нь өөрөө өөрийгөө тэтгэн хөгжүүлж, бие даан ажиллана.”, 15.1.5-д “хот тохижилтын ажилд Олон улсын ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх” гэсэн заалт тусгагдсан байна.

Иймд дүрэм, журмаар зохицуулах боломжтой болон нэг удаагийн мөрийн хөтөлбөрийн шинж чанартай заалтыг хуулийн төслөөс хасах,

  1. Төслийн 47.1-д “Нийслэл Улаанбаатар хот өөрийн сонин, телевиз болон радиогийн нэвтрүүлэгтэй байж болно.” гэж заасан нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 29.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль …-д нийцсэн … бусад хууль … -тай уялдсан байх” шаардлагатай нийцэхгүй байна.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно.” гэж заасан тул Үндсэн хууль болон бусад хуулийг биелүүлэх,

  1. Хуулийн төслийн 51 дүгээр зүйлийн 51.3-т “… Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заасан суурьшлийн бүсэд оршин суугаагүй иргэнд нийслэл хотын хангамж, үйлчилгээ үзүүлэхгүй бөгөөд үүдэн гарах хохирлыг тухайн этгээд хариуцна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд тусгагдсан Монгол Улсын иргэн нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, сурч боловсрох зэрэг үндсэн эрхийг Нийслэлийн удирдлага зөрчихөд хүргэх эрсдэлтэй тул Монгол Улсын иргэний эрхийг зөрчихгүй байх,
  2. Дүүрэг, хорооны тулгамдсан асуудлыг уялдаатай шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Хот байгуулалтын тухай хуультай хамт хэлэлцүүлэх,
  3. Нийслэл хотод нийтээр дагаж мөрдөх дүрэмтэй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах

Хотын удирдлага, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын чиглэлээр

  1. Нийслэл хотын онцгой бүрэн эрхийг хуулийн хүрээнд тогтоох
  2. Нийслэл нь төрийн байгууллагууд байрласан хотуудын нэгдэл маягаар хөгжих тухай заалт оруулж, хөгжлийн урт хугацааны бодлогыг тусгах
  3. Хотын нутаг дэвсгэрийн бүсийг тогтоож, хотын ногоон байгууламж хариуцсан тусгайлсан бүтэц бий болгох зохицуулалтыг тусгах
  4. Нийслэл хот дагуул хоттой байх, дагуул хотыг хөгжүүлэх зохицуулалтыг тусгах
  5. Нийслэлийн ирээдүйн цэвэр усны нөөцийн асуудал болох саарал усны менежментийн эрх зүйн орчныг бүрдүүлэх зохицуулалт хийх
  6. Нийслэлд дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ хүрээгүй газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгохыг хориглох зохицуулалт тусгах
  7. Нийслэлийн нутаг дэвсгэрт орших түүх соёлын дурсгалт үл хөдлөх байгууламжийг хамгаалах, орчны бүс тогтоох асуудлыг тусгах
  8. Хуулийн төслийн 15 дугаар зүйлд тусгасан Нийслэлийн хот тохижилт, ногоон байгууламжын асуудал нь Ерөнхий төлөвлөгөө, түүний дагуух үе шатны төлөвлөлтөнд тусгагдаж, бусад салбар хуулиар зохицуулагддаг тул хасах,
  9. Хуулиар тусгайлан зохицуулаагүй бол Үндсэн хуулинд нийцүүлэн нутаг дэвсгэртээ журамлах эрх нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бий тул Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхийн хүрээнд хийх ажлыг хуульчлахгүй байх,

Нийслэл хотын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр

  1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тодорхой хувийг дүүргүүдэд өөрт нь үлдээж, дүүрэг дэх орон нутгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэдэг болох талаар зохицуулалт тусгаж, татвар, төсвийн холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах, (Одоогийн манай татварын тогтолцоо нь орон нутгийн удирдлага нь харьяа нутаг дэвсгэртээ хувийн хэвшлийг дэмжих, бизнесийн орчинг сайжруулах сонирхлыг өдөөдөггүй, үүнийг нийслэлийн харьяа дүүргүүдээс эхэлж, цаашид улсын хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлагатай)
  2. Хуулийн төслийн 38 дугаар зүйлийн 38.2-т “хороо өөрийгөө тэтгэн хөгжүүлэх” гэж заасан нь үндэслэлгүй байна. Нийслэлийн дүүргүүд төсвийн хувьд бие даагаагүй байхад хороо өөрийгөө тэтгэн хөгжүүлэх боломжгүй. Иймд дүүрэг, хорооны төсөв санхүүгийн эрх мэдлийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай нийцүүлэн шийдвэрлэх,
  3. Хуулийн төслийн 11 дүгээр зүйлд тусгасан газрын биржийн асуудлыг “Хувийн хэвшил”-ээр гүйцэтгүүлэх боломжтой. Бусад орны жишиг ийм байгаа бөгөөд манайд мөн хувийн хэвшил хийж гүйцэтгэж байна. Иймд төрийн захиргааны байгууллага өөртөө татаж хуульчлахгүй байх,

Эрх, үүргийг тодорхойлох чиглэлээр

  1. Хотын иргэн, хотын оршин суугчийн ялгааг тодорхойлох,
  2. Хотод байнгын болон түр оршин суугчдын эрх үүргийг хуульчлан тогтоох
  3. Хотын удирдлагын эрх, үүргийг тодорхойлох
  4. Хотын удирдлага нь иргэд, оршин суугчдын өмнө хүлээх хариуцлагыг тодорхойлох,
  5. Хотын орчин үеийн засаглалыг бүрдүүлэхийн тулд шаталсан засаглалыг халж, захиргаадалтын бус хамтач оролцооны хэлбэртэй, хамтын хөгжлийн зарчимд суурилсан удирдлагатай байх зохицуулалтыг туслах зэрэг саналуудыг зөвлөмжид тусгажээ.

НИТХ дах АН-ын бүлэг

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …