Өнөөдөр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан “Хар тамхи, мансуурлын төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг НИТХ-ын дарга С.Амарсайхан санаачлан зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд БСШУСЯ, Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн тагнуулын газар, СЭМҮТ, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн газрын төлөөллүүд оролцлоо.
“Хар тамхи, мансуурлын төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг нээж НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга С.Амарсайхан үг хэллээ.
Тэрбээр, нийслэл хотод өдөр дараалан шахам хүүхдийн амь эрдсэн харамсалтай тохиолдлууд гарлаа.
Сүүлийн үед Монгол хүүхэд, залуусын дунд бас нэгэн аюулын харанга дэлдээд байгаа асуудал бол хар тамхи, мансууруулах бодисын асуудал юм. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хоорондын мэдээлэл солилцоог идэвхжүүлэх, хар тамхи мансуурлын эсрэг бүх нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спорт урлаг, бие бялдар, оюуны хөгжлийн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн санал санаачилгыг дэмжин ажиллах шаардлагатай байна.
Монгол улсад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах эрх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтнууд энэ асуудалд хандахдаа “хамаагүй ярьж болохгүй, хөндөж болдоггүй” гэсэн байр сууринаас асуудалд хандаж байгаа нь түгээмэл байна.
Энэ нь сайнаар дүгнэвэл болгоомжилж хаширласан, харин саараар хэлбэл асуудалд хэт өнгөц хандсан, сэтгэл зүрхнээсээ хүндрэл бэрхшээлийг даван туулах, ханцуй шамлан орохоос зайлсхийсэн явцуу бөгөөд туйлширсан сэтгэлгээгээр асуудалд хандаж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг өсөх, хүүхэд залуучууд бодит хор уршиг, үр дагаврыг нь сайн ойлгохгүйгээр бусдын ятгалга, мэдээлэл мэдлэггүйн улмаас бусдыг даган дуурайж санамсаргүй хэрэглээнд татагдан орж, жинхэнэ хэрэглэгч болох эрсдэлийг бий болгож ирснийг зориуд тэмдэглэн хэлье.
Тиймээс та бид ийм буруу жишиг хандлагыг халж, илүү шинэлэг, нээлттэй бүтээлч бөгөөд бодит үр дүн гарахуйц ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх нь чухал байна” гэлээ.