Шинжлэх ухааныг хувцас загвартай холбохыг эрмэлзсэн The Sci-Fa төслийг Э.Золжаргал санаачлан, Монголын хувцас загварын брэнд FUTURISTIC TYPE-тай хамтран хэрэгжүүлж байгаа билээ.
“Сүүний бактерийн хөрөг” хэмээх нэртэй The Sci-Fa төслийн анхны коллекцийг Германы Енна хот дахь Хүн төрөлхтний түүхийн Шинжлэх ухааны Макс-Планк хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Цагаан идээний соёл” (Dairy cultures) судалгааны төслийнхөнтэй хамтран гаргасан байна.
Э.Золжаргал, Монголын хувцас загварын FUTURISTIC TYPE брэндтэй хамтран уг цуглуулгын загвар хийцийг тодорхойлсон бол “Dairy cultures” судалгааны төслийн багийнхантай хамтран загварын концептийг боловсруулжээ.
Тэд ааруул, ээзгийний микроскоп зургууд болон этнографи судалгааны төрөл бүрийн материалуудыг ашиглан Монголын цагаан идээг өөр өөр өнцгөөс харуулахуйц загваруудыг зохион бүтээжээ.
“Dairy cultures” судалгааны багийн антропологичид Монголын тал нутгийн янз бүрийн бүс нутгийн төлөөллөөс олон зуун цагаан идээний дээж цуглуулж, түүнийгээ Герман, Америк болон Өвөр Монгол дахь лабораториуд руу илгээснээр микробиологичид тэдгээрийг микроскоп ашиглан нарийн шинжлэн үзжээ.
Дизайнеруудын зохион бүтээсэн хавар, зуны цуглуулгад ашигласан даавуун дээрх хээ нь хэт өндөр нарийвчлалын микроскопоор авсан ааруул, ээзгийний гэрэл зургууд юм.
Энгийн нүдэнд үл үзэгдэх ааруул, ээзгийн доторх бичил ертөнцийг харуулсан “Сүүний бактерийн хөрөг” цуглуулга нь хувцсан дээр хэвлэгдсэн микроскопын зураг болон нэмэлт тайлбар бүхий шошгуудаараа дамжуулан Монголын цагаан идээ төдийгүй түүний доторх бактерийн тухай шинжлэх ухаанч сонирхолтой мэдээллийг тээж буйгаараа онцлог юм.
Уг цуглуулгад орсон загваруудын даавуун дээрх хээг монгол малчин айлд боловсруулсан ааруул, ээзгий доторх ертөнцийг гэрлэн болон электрон микроскопоор авсан зургуудаар бүтээв. Үүнээс гадна цагаан идээн дотор амьдардаг Энтэркоккус дуранс, Лактобациллус зэрэг сүүний бактериудыг хүүхэлдэйн хэлбэрт шилжүүлэн, дижитал хэлбэрт оруулж, даавуун дээр хэвлэн зарим загварыг бүтээжээ.