Мягмар гаригт буюу өчигдөр Ливан Улсын нийслэл Бейрутад дэлбэрэлт болж тус дэлбэрэлтэд одоогийн байдлаар 100 хүн амиа алдаж, 4000 гаруй хүн шархадсан тухай мэдээ байна.
Дэлбэрэлт хотыг бүхэлд нь доргиожээ. Тус улсын Ерөнхийлөгч Мишель Аун “6 жилийн турш 2,750 тонн аммонийн нитратыг аюултай байдлаар хадгалж байсан” гэж мэдэгдэв.
Тэрбээр өнөөдөр Засгийн газрын яаралтай хуралдааныг товлоод хоёр долоо хоногийн онц байдал зарлах ёстой гэжээ.
Мөн тус улс лхагва гаригаас эхлэн гурван хоногийг албан ёсны гашуудлын өдөр болгон зарлаад байна.
Ерөнхийлөгч Аун мөн Засгийн газрын яаралтай тусламжийн хөрөнгөөс 100 тэрбум лир буюу 50.5 сая фунт стерлингийн хөрөнгө гаргахыг мэдэгджээ.
“Бид асар том гамшгийн гэрч болж байна” гэж Ливаны Улаан загалмайн тэргүүн Жорж Кеттани орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярьжээ.
“Хаа сайгүй хохирогчид, хохирол амссан газар нутаг.”
“100 гаруй хүн амиа алдлаа. Манай багууд ойр хавийн газруудад эрэн хайх, аврах ажиллагааг явуулж байна” гэж Ливаны Улаан загалмайн хорооноос лхагва гаригт хийсэн мэдэгдэлдээ нэмж хэллээ.
Холбогдох албаны хүмүүс дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор мөрдөх ажиллагааг явуулж байгаа аж. Ливан улсын Батлан хамгаалахын зөвлөлөөс дэлбэрэлтийг өдөөгчид “хамгийн дээд шийтгэл” оногдуулах болно хэмээн хариуцлагатайгаар мэдэгджээ.
Аммонийн нитратыг 2013 онд тус хотын боомтод онгоцоор тээвэрлэн ирж дараа нь тэнд байсан агуулхад хадгалж байсан гэж мэдээлж байна.
Коронавирусийн дэгдэлтээс шалтгаалан Ливанд төдийгүй дэлхий дахинд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдаг үүсч байгаа энэ үед хүндрэлтэй байсан эдийн засгийг бүр ч уналтад оруулах болоод байна.
2005 онд экс Ерөнхий сайд Рафик Харирыг машинтай нь дэлбэлж хөнөөсөн хэрэг гарсан. Тус хэргийн шүүх хурал мөн ирэх баасан гаригт болох гэж байсан юм. Ийнхүү шүүх хурлын өмнөхөн илүү хурцадмал нөхцөл байдал үүсээд байна. Мөн экс Ерөнхий сайдын авто машин дэлбэрсэн газрын ойролцоо энэхүү дэлбэрэлт болжээ.
Юу болсон бэ?
Дэлбэрэлт мягмар гарагт орон нутгийн цагаар 18:00 цагийн үед болсон. ВВС-ийн сэтгүүлч мэдээлэхдээ Бейрутын дэлбэрэлтийн дараа боомтын ойролцоо маш олон цогцос байгаа тухай болон их хэмжээний хохирол учирсныг хэлжээ.
Тус дэлбэрэлтийн гэрч болсон дүрс бичлэгт дэлбэрэлтэд өртсөн барилга, байгууламж, машинууд харагдаж байсан. Тэгвэл орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нурангид дарагдсан иргэдийг харуулсан байна.
“Энэ хавийн бүх барилга нурсан. Би харанхуйд хагарч сүйдсэн нуранги дундуур явж байна” гэж нэг гэрч боомтын ойролцоо AFP агентлагт ярьжээ. Эмнэлгүүдийн барилга ч нурсан учир иргэд эмнэлгийн тусламж авахад хүндрэлтэй байгаа юм.
Хади Насраллах, ВВС-д ярихдаа: Би гал харсан, гэвч дэлбэрэлт болно гэдгийг хараахан мэдээгүй. Бид дотогшоо орсон. Дэлбэрэлттэй хэт ойрхон байсан болохоор би гэнэт сонсголоо алдсан. Хэдэн секундын турш сонсголоо алдахдаа ямар нэг муу юм болоод байгааг мэдсэн. Тэгтэл гэнэт барилгын шил дээрээс унаад ирсэн.
Сэтгүүлч Суннива Рөүз: “Оройхон Бейрут руу явахад гэрэл багатай дээрээс нь гудамжнууд шил, барилгын нурангид бүрхэгдсэн, түргэн тусламжийн машинууд явахад бэрх, туйлын эмх замбараагүй байдалтай байсан. Намайг очиход боомт руу явах замыг арми хаасан байсан бөгөөд хоёр дахь дэлбэрэлт болж болзошгүй учир хол байхыг сануулсан. Орой болтол тэнгэрт утаа байсаар байсан. Хот бүхэлдээ хар өнгөтэй, эргэн тойрон явахад хэцүү, хүмүүс цусаар бүрхэгдсэн байв.” хэмээн үйл явдлын гэрчүүд ярьжээ.
Аммонийн нитрат гэж юу вэ?
Аммонийн нитратыг маш олон янзаар хэрэглэдэг байна. Гэхдээ хамгийн түгээмэл хоёр хэрэглээ байдгийн нэг нь хөдөө аж ахуйд бордооны зориулалтаар хэрэглэдэг бол нөгөө нь тэсрэх бодис үйлдвэрлэхэд ашигладаг ажээ.
Энэхүү бодис нь галд өртөхдөө маш хүчтэй тэсрэлт үүсгэдэг бөгөөд дэлбэрэлтийн явцад азотын исэл, аммиакийн хий зэрэг хорт хий ялгаруулдаг байна. Шатамхай тул аюулгүй хадгалах дүрмийг сайтар мөрдөх шаардлагатай байдаг аж.
Ливанд дэлбэрэлтээс гадна өөр ямар нөхцөл байдал байна вэ?
Ливан Улс улс төрийн үймээнээ даван туулж буй. 1975-1990 оны иргэний дайны үеийнхтэй ижил эдийн засгийн хямрал үүсээд байгааг эсэргүүцсэн гудамжны жагсаалууд өмнө нь болж байсан.
Ард түмэн улс төрд олон жил ноёрхож, эд хөрөнгөө хурааж, эрх мэдлээ баталгаажуулсан эрх баригчдыг улс орныхоо асуудлыг шийдвэрлэх шаардлагатай, ил тод, дорвитой шинэчлэлийг хийж чадахгүй байгааг буруутгаж жагсаж байв. Өдөр бүр цахилгаан тасалдах, ундны цэвэр усны хомсдол, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний хязгаарлагдмал байдал нь иргэдийг бухимдуулж, шинэчлэлт хийх нэн шаардлагатайг харуулж байсан юм.
Түүнчлэн Израильтай хийсэн хилийн маргаан хурцадмал байдал үүсгээд байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Хезболла Израилийн нутаг дэвсгэр рүү нэвтрэх оролдлогыг зогсоосон гэж мэдэгдсэн. Гэхдээ Израилийн өндөр албан тушаалтан Бейрутад болсон энэхүү дэлбэрэлтэд “Израиль ямар ч холбоогүй” гэж ВВС-д өгсөн мэдээлэлдээ дурджээ.
Эх сурвалж: BBC.com
Бэлтгэсэн Б.Нямзул