“Өглөөний зочин” ярилцлагын өнөөдрийн зочин УДЭТ-ын найруулагч, жүжигчин СТА А.Чингүн байлаа. Бид өнөөдөр буюу 10 дугаар сарын 3-ны өдөр нээлтээ хийж буй “Анна Каренина” жүжгийн тухай болон Лев Толстойн сонгодог бүтээлүүдийн нэг уг гайхалтай бүтээлийг хэрхэн жүжиг болгон амьдруулсан талаар ярилцлаа.
Тэрбээр уг жүжгийн ассистент найруулагчаар ажилласан юм.
- Сайн байнауу. Танд шинэ өглөөний мэнд хүргэе. Ярилцах урилгыг маань хүлээн авсанд баярлалаа.
Сайн. Сайн байна уу.
- Улсын Драмын Эрдмийн театр XVII, XVIII зууны үеийн Оросын нэрт зохиолч Лев Николаевич Толстойн сонгодог бүтээл болох Анна Каренинаг үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Өмнө нь Толстойн зохиолууд тайзан дээр амилж байсан билүү?
Улсын Драмын эрдмийн театрын Баатар найруулагч маань Лев Толстойн “Адууны түүх” зохиолыг гурван жилийн өмнө Монголд анх удаа тайзнаа амилуулж байсан түүхтэй. Хүний амьдрал, хүнийг адуутай харьцуулж, хүн амьтан хоёрын амьдрахуйн утга учрын гүн гүнзгий философийг харуулсан гайхалтай жүжиг болсон. Адууны амьдралаар хүмүүний мөн чанар, амьдралын утга учрыг ёгтлон харуулдаг. Энэ жүжиг маань маш амжилттай болж байсан.
Тэгвэл хоёр дахь нь болж УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагч “Анна Каренина” жүжгийг найрууллаа.
Найруулагч хүнд олон мөрөөдөл байдаг. Н.Наранбаатар найруулагч залуу насандаа энэ зохиолыг бодож, тээж явсан гэдэг. Харин зохиолыг тайзны бүтээл болгох шийдвэрээ 2016 онд гаргасан. Яагаад гэвэл тэр онд манай Улсын драмын эрдмийн театрт нэгэн шинэ өнгө төрх, залуу уран бүтээлч орж ирсэн. Тэр нь жүжигчин Баярмаа байсан. 2016 оноос хойш “Анна Каренина” сонгодог зохиолыг тайзны бүтээл болгох замдаа шулуудаж ороод, 4 жилийн дараа өнөөдөр үзэгч түмэндээ хүрэх гэж байна.
- Хорио цээрийн дэглэмээс болж хэд хэдэн удаа хойшлогдлоо. Их хүлээсэн байх. Догдлол хэр байна?
Хүмүүсийн догдлол үнэхээр өндөр байна. Бид ерөнхийдөө гуравдугаар сард жүжгээ нээхэд бэлэн, хоёрдугаар сард дотоод хяналтаа өгчихсөн байсан. Гэвч Covid19-өөс болоод аргагүйн эрхэнд уран бүтээлээ хойш нь тавьж өнөөдрийн энэ цаг мөчид нээх гэж байна.
- Өөрийн тань хувьд өнгөрсөн хугацаанд томоохон жүжгүүдэд ассистент болон туслах найруулагч хийж, зарим жүжгийг гардан найруулж байсан. Энэ удаагийнх өмнөхөөсөө юугаараа онцлог байна?
Би жүжигчин найруулагч мэргэжилтэй. Жүжигчнээрээ ажиллахаасаа гадна 10-аад гаруй уран бүтээлд ассистент болон туслах найруулагчийн үүрэг гүйцэтгэсэн. Миний анхны гар бие оролцсон томоохон уран бүтээл “Тэнгэрийн хүү” жүжиг байсан. Дөнгөж төгсөж ирсэн байхдаа тэр том жүжигт арын командад ажиллаж, тэр олон хүнийг удирдаж ажиллах хүнд үүргийг хүлээж, жаргал зовлонг нь ойлгож эхэлсэн. Саяхан “Надтай үлдээч” жүжгийг найруулсан. Залуучууд, өсвөр үеийнхэнд зориулсан тэрхүү жүжиг маань амжилттай үргэлжиллээ.
10 гаруй жил Наранбаатар найруулагчийн найруулсан жүжгүүдэд туслах найруулагчаар ажиллаж, энэхүү “Анна Каренина” хэмээх сонгодог бүтээлд ассистент найруулагчаар ажиллалаа.
- Жүжиг бүр өөрийн өнгө төрх, шинэ сорилтуудтай байдаг байх?
Найруулагч нэг хийсэн өнгө аясаа давтаж тавьдаггүй. Энэ жүжгээс үзэгчид Н.Наранбаатар дахин төрснийг харах байх.
Н.Наранбаатар “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Ромео Жулетта” амилуулж байсан бол одоо орчин үетэйгээ хөл нийлүүлсэн минималист, контенпорари арт урсгалаар, 900 хуудастай тэр том романыг хүн бүрийн тавьж чаддаггүй тэр сэтгэхүйн драм болгож тайзан дээр тавьж байгаагаараа энэ уран бүтээл маш онцлогтой.
Энэхүү жүжигт оролцож байгаа бүх уран бүтээлчид оюуны хөрөнгө оруулалт хийсэн. Найруулагч хүн үзэгчиддээ хөрөнгө оруулахаас гадна хамгийн гол эрхэм зүйл нь уран бүтээлчдийгээ бас тэр зүйлээрээ хөгжүүлж, амьсгалуулж бас дахин шинээр төрүүлж гаргадаг. Хөгжил давхар явагдаж байдаг гэсэн үг. Үүгээрээ манай театр бас нэгэн шинэ уран бүтээлээр дахин төрлөө, Наранбаатар найруулагч бас дахин төрлөө. Манай шинэ хоёр уран бүтээлч болох Вронский, Аннагийн дүрд тоглосон Баярмаа, Сэргэлэн нар маань бас дахин төрж гарч ирнэ.
- Жүжигчдийн хувьд энэ бол жүжиглэлт биш тэр чигээрээ оюун санааг нь нээсэн уран бүтээл байх нь?
Энэ бол сэтгэхүйн драм учраас хүнд хүрэхдээ оюун санааны хувьд маш өгөөжтэй. Үзэхүй, мэдрэхүй, харахуй, Сонсохуйн таашаалыг энэ жүжиг өгөх болно. Зургаа дахь буюу зөн билгийг тань ч нээж магадгүй.
- Хоёр, бүр гурван ч Анна байгаа юм уу ч гэмээр.
Хувь тавилан гэж Анна бий. Хэрвээ Анна галт тэргэн доогуур орж амь алдаагүй бол яах байсан бол?
Бид энэ жүжгийг тайзнаа тавихын тулд олон оронд тавигдсан жүжгүүдийг болон кино гээд бүгдийг нь үзэж судалгаа хийсэн. Манай уран бүтээлчид, ялангуяа бидэнд маш том даалгавар өгсөн. Баг болж жүжгээр, киногоор судалгаа хийж, танилцуулга хийсэн. Мөн шүүмж судлалыг нь судлалаа, Толстойн амьдрал, зохиолуудыг судаллаа. Уран бүтээлчид судалгаан дээр маш их ажилласан.
- Монгол зохиолчдын зохиолыг тайзан дээр амилуулах, сонгодог зохиолыг тайзан дээр тавих, шинэхэн зохиолчдын бүтээлийг жүжиг болгох гээд тэр болгонд өөр өөр сэрэл, мэдрэхүй байдаг байх, тийм үү?
Хүн бүр өөр байдаг шиг, зохиолч бүр өөр өөрийн мэдрэхүйн хараагаараа зохиолоо бичнэ.
Туйлын санаа нь нэг байсан ч гэсэн өөр өөрийнхөө арга барил, харах өнцөг, сэрэл мэдхэхүйгээр харж бичсэн байгаа. Энэ зохиолын хамгийн гол зүйл нь юу гэвэл оюуны таашаал гэх гол зүйлийг л олж харуулах болов уу гэж бодож байна.
- Гол дүр бол хоёулаа залуу жүжигчид?
Тийм. Манай Баярмаа бол СУИС-д манай дээд курсэд төгссөн жүжигчин. Бид хоёр найзууд. Энэ бүсгүй байсан учраас “Анна Каренина” өнөөдөр үзэгч түмэнд хүрч байгаа нь уран бүтээлийн онцлог. Сэргэлэнгийн хувьд УДЭТ-т ороод гуравхан жил болж байгаа залуу уран бүтээлч. Энэ зохиолоор өөрийгөө шинээр нээж, шинэ өнгө төрхийг харуулж гайхамшигтай ажиллаж байгаа.
- Нэг бүтээл дээр ажилласан уран бүтээлчид бүгд нэг чиг рүү хардаг байх, тийм үү?
Тэгэлгүй яахав. Найруулагч багаа бүрдүүлнэ. Жүжигчдээ сонгоно. Найруулагч зохиолоо сонгосон цагаасаа эхлээд багаа тэр зохиолоороо амьсгалуулдаг.
Энэ жүжгийн тухайд Лев Толстойн амьдарч байсан эдлэн газарт манай Уран сайхны удирдагч, Ерөнхий найруулагч, Ерөнхий зураач нар очиж судлаад ирсэн. Тэр хүн ямар агуу хүн байсан бэ, тэр хүн юуг бодсон бэ гэх цөмийг олохын тулд амьдарч байсан газарт нь очиж, амьсгалж байсан агаараар нь амьсгалсан. Эхлээд баг найруулагчийн командад нэг чигт харж, нэг зүйлээр амьсгалж чадвал үзэгчид түүнийг нь дагадаг. Үзэгчид мөн адил тухайн бүтээлээр амьсгалж нэг цул болбол хэчнээн удаан тавигдахыг хэлж мэдэхгүй. Ингэж байж илүү урд удаан амьтай, жинхэнэ сонгодог бүтээл болдог.
- Анна Каренинаг уншсан хүмүүс өөр өөрийнхөөрөө хардаг. Зарим нь нөхрийгөө араар тавьсан завхай хүүхэн, зарим нь тэнэг хүүхэн, зарим нь эмэгтэй хүний хувь тавилан гэж өмгөөлдөг. Танай уран бүтээлчдийн багийнхны харуулахыг зорьж байгаа зүйл нь юу вэ? Мэдэж болох уу?
Энэ бол нууц. Хүн бүр зохиолыг өөр өөрсдийнхөөрөө уншчихсан байгаа. Зохиолыг хүмүүс нас насан дээрээ өөр өөрөөр уншиж байгаа. 10 удаа уншсан хүн “Би унших тусмаа өөр өөрөөр харж байна” гэсэн. 16 насандаа нэг өөрөөр, 20 насандаа, 25 насандаа нэг өөрөөр гээд тухайн хүний үзэж туулсан туршлага, ертөнцийг харах хандлагаас өөр өөр өнгө харагдана. 30-аас дээш насныхан харвал энэ бол эмэгтэй хүний эрх чөлөөний тухай юм байна гэж харах байх. Тэгэхээр тавилан гэдэг бол эргэлт буцалтгүй тойром дотор амьдардаг жам юм байна. Хүний хувь заяа бол зурсан зургаараа байдаг юм байна гэх мэтчилэн янз янзаар харагдана.
- Нийт хэчнээн уран бүтээлчид энэхүү бүтээл дээр ажиллав?
Манай театрынхан 126-уулаа. Дээр нь СУИС-ын оюутнууд, дууны, хөгжмийн уран бүтээлчид, реклам зар сурталчилгаа маркетинг гээд манай томоохон уран бүтээлд дор хаяж 300 орчим хүн ажилладаг. Бүгд гар бие ажиллаж байж уран бүтээл гардаг.
- Шинээр төлөвлөж байгаа уран бүтээл байна уу?
Миний хувьд одоогоор судалж байна. УДЭТ хувь уран бүтээлчийн театр биш учраас юуг орчин үеийн өнгө төрх болгож харуулах юм, өмнө нь ямар уран бүтээлийн сан хөмрөг байгаа юм гэдгээ харна. Тэгж байж шийднэ. Одоохондоо бол нууц. Сэм сэм онгой гэдэг шиг агуйн гүн дэх нууц. Цаг нь болохоор зарлана.
- Баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.
Ярилцсан: Б.Нямзул