Г.Ариунболор: Магадгүй маш олон эмэгтэй Гэрлээгээс өөрийгөө харсан байх

Герман улсын кино урлагийн салбарт ажиллаж, уран бүтээлээ туурвиж яваа жүжигчин Г.Ариунболортой (Ariana Gansuh) ярилцлаа.


-Саяхан “Хохирогч” ОАК-д Гэрлээгийн дүрийг бүтээжээ. Гэрлээгийн дүрийг хэрхэн бүтээх болсон бэ?

-“Хохирогч” ОАК-ны саналыг маш эрт хүлээж авсан. Жүжигчин Б.Амарсайхан ах гэнэт инстаграмаар “Надад киноны зохиол байна, уншаад үзэх үү” гэж бичсэн. Бид хоёр өмнө нь ямар ч холбоогүй байсан, гэнэт холбогдохоор нь гайхаад яагаад намайг сонгов гэж бодоод “тэгье, явуулчих” гэж хэлсэн. Ингээд зохиолоо унштал нэгдүгээр ангиасаа эхлээд л надад таалагдсан, кино маань нийт арван ангитай. Шууд л зохиол дээрээ ажилласан, уг нь намайг сонгоогүй, зүгээр л унших уу л гэж асуусан шүү дээ (инээв). Гэхдээ би яг л сонгогдчихсон юм шиг зохиол дээрээ ажилласан. Түүнийгээ явуултал Амараа ах “Ариана надад ийм ухаалаг жүжигчин хэрэгтэй байна. Яагаад гэвэл Монголд жүжигчид зохиолоо байгаагаар нь л авдаг. Чиний дүр дээрээ ажилласан байдал их таалагдаж байна” гэж хэлсэн. Тэгээд найруулагч Б.Баярсайхан ах бид гурав ярилцаад хэн хэндээ таалагдаж, хамтран ажиллахаар болсон.

-Зураг авалт хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?

-Зураг авалт хоёр сар үргэлжилж, Монголдоо хоёр сар гаруйн хугацаанд амьдарсан. Одоо бодоход би 10 настайгаасаа хойш анх удаа Монголд ийм удаан хугацаанд амьдарч үзлээ. Хоёр сар тийм ч удаан хугацаа биш л дээ, гэхдээ миний хувьд урт хугацаа байлаа (инээв). Урьд нь Монголынхоо тухай, монголчуудын амьдралын талаар өнгөцхөн мэддэг байжээ. Ялангуяа хүмүүс яаж уран бүтээлээ хийдэг, хэр их хөрөнгө зарцуулдаг, арын албаны ажил гэх мэт олон зүйлийг мэдэж, сурч авлаа.

-Хүүхэд наснаасаа Германд амьдарсан хүний хувьд, Монголд суурьшиж амьдрах ямар санагдсан бэ. Ялгаатай зүйл олон байв уу?

-Би амьдралынхаа талаас илүү хугацааг Германд өнгөрүүлсэн. Монголд ихэнхдээ амрах гэж л очдог. “Дурлалын гэмт хэрэг” УСК-оос хойш монгол уран бүтээлд ажиллаагүй. Маш жижиг үйлдэл, хандлагаас том ялгаанууд бий болдог юм байна. Хүн гэдэг чинь байгаа газраа дасаад, өдөр тутмын үйлдлүүдээ яг л байх ёстой юм шиг бодчихдог юм байна. Гэтэл Германы өдөр тутмын асуудал Монголын хувьд том, эсвэл жижиг. Монгол, Германд ажиллахын ялгааг ойлгосон. Би германд хүсдэг үйлчилгээгээ монголд хүсч болохгүй юм билээ. Мөн ах дүү нараа ч сайн танихгүй, мэддэггүй байсан. Үүнийг ойлгож, таних нь надад хэцүү бас том сургаал боллоо. Кинонд тоглох явцад Монголын нийгэм, улс төрийн байдал гээд эмзэглэмээр асуудал олон байсан. Материаллаг зүйлээр бол ямар ч ялгаагүй, амьдралын хэв маяг, мөн чанараараа л ялгаатай юм байна.

-Герман баг, монгол багтай ажиллах хэр ялгаатай вэ?

-Кино урлаг бол Герман улсын хамгийн том бизнес, автомашиныхаа орлогоос илүү мөнгийг эргэлдүүлдэг салбар. Германд уран бүтээлийн ажил бизнес гэдэг талаасаа явагддаг, жүжигчин ирж тоглолоо, явлаа. Маш олон жүжигчинтэй учир ихэнхдээ танихгүй хүмүүстэй ажилладаг, тэгэхээр дотно харилцаа үүсдэггүй. Харин Монголд жүжигчид нэгнийгээ таньдаг, дотно харилцаатай байдгийг анзаарсан. Олон удаа хамтарсан баг, жүжигчин цөөнгүй юм билээ. Кино хийх явц бизнесийн талаас биш найрсаг, нөхөрсөг, гэр бүлийн харилцаа үүсгэдгээрээ ялгаатай.

-Гэрлээгийн дүрээр харуулахыг хүссэн хамгийн гол санаа юу вэ?

-Хүн маш олон дүрд хувирч амьдардаг. Бид ганцаараа байхдаа л яг өөрөөрөө байдаг. Бид хүүхдийнхээ өмнө сайн ээж, нөхрийнхөө өмнө сайн эхнэр, аав ээжийнхээ өмнө сайн хүүхэд байх гэж хичээсээр л байдаг. Зүгээр л өдөр тутмын амьдрал дээрээ л маш олон дүртэй. Гэрлээ хэдийгээр том компанийн эзэн байлаа ч хүүхэд шиг айдаг, ээж болох боломжгүй эмэгтэйд хүүхэд гэдэг ямар чухал зүйл вэ гэдгийг бусдад харуулж чадахгүй ч ганцаараа байхдаа л гаргадаг. Хүнийг гаднаас нь дүгнэж болохгүй, маш олон дүртэй, хүн бүрийн ард ямар нэг асуудал байж л байдаг гэдгийг харуулахыг зорьсон. Хэн нэгнийг гаднаас нь хараад юу туулж явааг нь мэдэхгүй шүү дээ. Мөн эмэгтэй хүн гэхээрээ л цайлган цагаан байдаггүй, харанхуй хар зүйлийг ч агуулж явдаг. Гэрлээ бол сайн ч эмэгтэй биш, муу ч эмэгтэй биш, байдаг л нэг эмэгтэй.

-“Хохирогч” ОАК-ны үзэгчдээс олон сэтгэгдэл ирж байна уу?

-Эерэг сэтгэгдэл олон ирж байгаа, голчлон эмэгтэйчүүдээс. Эмэгтэйчүүдийн харагдахгүй байсан орон зайг гаргасан юм шиг санагдаж байна. Магадгүй маш олон эмэгтэй Гэрлээгээс өөрийгөө харсан байх.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …