АНУ-д анх ирж суурьшсан англичууд 1609-1610 оны хахир хүйтэн өвлийг давахын тулд каннибализм хийдэг байсныг Америкийн эрдэмтэд нотолжээ.
Үүнийг өмнө нь бичгийн эх сурвалжуудад дурдаж байсан ч шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоог дөнгөж одоо л гаргаж байгаа аж.
Вашингтон дахь Үндэсний байгалийн түүхийн музейн судлаачид өнгөрсөн жил Виржиния мужийн форт Жеймсээс 14 настай охины үлдэгдлийг олсон юм. Энэ сууринд 1607 онд Англиас хүмүүс анх ирж суурьшиж байсан билээ. Цаг хугацааны явцад форт Жеймсийн эргэн тойронд колони бий болж, Жеймстаун гэгдэх болсон юм.
Ингээд 400 жилийн өмнө амьдарч байсан охины гавал, шаантны ясыг судалж үзтэл цохиулж, заадсаар нь салгасан нь илэрчээ. Эрдэмтдийн хэлж буйгаар энэ нь хэн нэгэн түүний тархийг ухахын тулд гавлыг нь нээсний шинж гэнэ. Үүнээс гадна охины хэлийг тасдаж, нүүрний эдүүдийг нь авсан байна. XVII зуунд амьтны яг энэ хэсгүүдийг дээд зэргийн амттан гэж үздэг байсан билээ.
Антропологич Даг Оусли “Нарийн шинжилгээнээс үзэхэд цогцсыг хэдэн хэсэгт хувааж, махыг яснаас нь салгасан нь илт байна” гэжээ.
Хагас жил бүслэлтэд
Охины цогцосны үлдэгдлээс харахад хүний биеийг хэсэгчлэн хуваадаг каннибал нь мэргэжлийн бус нэгэн байсан бололтой. Үүнээс гадна энэ хүн идэгч эмэгтэй хүн байж болзошгүй гэнэ.
Охин чухам юунаас болж үхсэн нь тодорхойгүй байна. Гэхдээ түүний биеийг нас барсных нь дараа удалгүй хэдэн хэсэгт хуваажээ. Энэ охин Англиас шилжин суурьшигчдын нэг байсныг Кембрижийн эрдэмтэд ясны шинжилгээ хийж байж мэдсэн аж. Үүнээс гадна охин амьд байх үедээ хэсэг хугацаанд хоол тэжээл сайтай байсан бөгөөд ихэвчлэн мах иддэг байсан гэнэ.
Эрдэмтэд компьютер график, сканерын тусламжтайгаар охины гурван хэмжээст дүр төрхийг ч гаргажээ.
Тэгвэл антропологичид энэ охиныг каннибалчдын цорын ганц золиос биш байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Учир нь Америкийн колоничлолын түүхэн дэх хамгийн хүнд хэцүү үе буюу “Өлсгөлөн цаг”-т форт Жеймсийн суурьшигчид индиан омог аймгуудын бүслэлтэд орсон юм. Англичуудад өвлийг давах хоол хүнсний нөөц хангалттай байсангүй.
Тиймээс тэд эхлээд уналгын адуугаа хүнсэнд хэрэглэж эхэлсэн бол сүүлдээ муур, нохой, тэр бүү хэл харх, хулгана, могой хүртэл идэж эхэлжээ. Зарим нь арьсан гутлаа ч чанаж идэхийг оролдож байсан гэдэг.
Фортын бүслэлт, өлсгөлөн хагас жилийн турш үргэлжилсэн юм. Харин лорд Де Ла Вэрра форт Жеймс рүү шинэ булаан эзэмшигчид, хоол хүнс бүхий хөлөг онгоц илгээснээр тэд аврагдсан түүхтэй.
Өлсгөлөн, бүслэлтийн хагас жилийн хугацаанд форт Жеймсийн 300 оршин суугчаас дөнгөж 60 нь л 1609-1610 оны өвлийг давж гарсан гэдэг. Антропологич Даг Оусли “Ийм хүнд хэцүү цагт тэд амьд гарахын тулд чадах бүхнээ хийсэн” хэмээн тайлбарлажээ.
Мөнхзаяа