Анжелина Жоли: Би улс төрд орвол хүмүүнлэгийн ажилд илүү хугацаа зарцуулна

imagesЖүжигчин Анжелина Жоли Америкийн гүйлтийн тамирчин Луи Замперинийн тэсвэр тэвчээр, амьдралын адал явдлын тухай өгүүлсэн “Нугаршгүй” нэртэй киногоо дэлгэцнээ гаргасан. Энэ бол найруулагчийн хувьд түүний хоёр дахь бүтээл юм. Тэрбээр“Нугаршгүй” киноныхоо талаар “The Hollywood Reporter” сэтгүүлийн нэгдүгээр сарын дугаарт ярилцлага өгчээ. Түүний ярилцлагыг хөрвүүлэн хүргэе.

 -Ярилцлагаа даруу бус асуултаас эхэлье. Та Холливудын элитэд хамаардаг, зургаан хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, хүмүүнлэгийн чухал арга хэмжээнүүдэд оролцдог. Дээр нь найруулагчийн ажил хийж, өөрийгөө зовоох хэрэг байна уу?

 -Би ийм л ханаж цаддаггүй хүн. (Инээв) Үнэн хэрэгтээ таны дурдсан бүхнийг би дуртайяа хийдэг болохоор алинд нь ч ядардаггүй. Ядраадаг зүйл бол амьдралдаа бүхнийг хийж чадсан эсэхийг бодож, эргэцүүлэх байнгын түгшүүр юм. Мөн ямар нэг чухал боломжийг алдсан юм биш биз, үнэт цагаа дэмий өнгөрүүлээгүй биз гэх бодол толгойд эргэлддэг. Найруулагчийн ажил миний хувьд уран сайхан, ертөнцийг үзэх үзлийн хувьд бий болсон хэрэгцээ юм. Надад дэлхий ертөнцөд хэлэх чухал зүйл байгааг мэдэрдэг.

 -Танд Луи Замперинийн намтраас юу нь чухал санагдсан бэ?

 -Өвөрмөц байдал нь. Луигийн амьдрал тод томруун, дүүрэн, заримдаа төсөөлөхийн аргагүй байсан болохоор олныг алмайруулсан хэд хэдэн киноны сэдэв болох боломжтой. Гүйлтийн залуу америк тамирчин Берлиний олимпод оролцож, Адольф Гитлертэй гар барьсан. Үүнээс ядуу гэр бүлээс гаралтай залуу ямар нэгэн дэмжлэггүйгээр дасгал сургуулилт хийж, олимпод оролцсон нь тусдаа нэг сэдэв болно. Тэндээ залуу маань герман үндэстэн бусдаас давуу гэсэн үзэл нэвт шингэсэн тэмцээн зохион байгуулагчийн сэтгэлийг хөдөлгөснөөр тэр хүн тамирчинг харь улсын гэдгийг түр зуур мартсан. Бүр уулзахыг хүссэн. Дараагийн сэдэв. Таван жилийн дараа бэлтгэл дэслэгч Л.Замперини цэргийн нисэх хүчинд сайн дураараа бүртгүүлж, Полинезийн арлуудад япончуудтай хийсэн тулалдаанд оролцсон. Нисч явсан бөмбөгдөгч онгоц нь пулементын суманд өртсөн ч тэрбээр хөлгөө бааздаа хүргэж чаддаг. Харин баазаас залууд хуучин онгоцных нь оронд эвдрэл, гэмтэл гардгаараа зартай өөр нэг онгоц өгчээ. Онгоц ч тараа таниулж, Номхон далай дээр нисч явахад нь эвдэрснээс багийн11 хүнээс зөвхөн гурав нь амьд гарсан. Тэд хийлдэг завин дээр дөч хоног хөвж явахдаа түүхий загас, борооны усаар голоо зогоож, амь гарсан гэдэг.

 -Роберт Редфордын өнгөрсөн онд гаргасан “Найдвар бөхөхгүй” киноны баатар задгай тэнгист амьд явахын төлөө тэмцэж байгааг харуулдаг.

 -Гэхдээ Редфордын баатрын дээгүүр Японы онгоцнууд нисч өнгөрөн, завийг нь буудахыг оролдож байгаагүй. Энэ нь байдлыг улам хүндрүүлж байгаа биз. Гурав дахь сэдэв. Эцэст нь тэдний завь Маршалын бүлэг арлын нэгэнд эрэгдсэн. Тэдний нэг нь аяллын хүнд бэрхийг даалгүй нас барсны дараа үлдсэн хоёр америк эр олзлогдож, хорих лагерьт илгээжээ. Гэхдээ энгийн нэгэн лагерь биш Муцухиро Ватанабе харгислал үйлдэж байсантай таарчээ. Америкчууд Муцухиро Ватанабег цэргийн томоохон гэмт хэрэгтэн 40 хүний жагсаалтад23 дугаарт эрэмбэлсэн байдаг.

 -Энэ сэдэв ч гэсэн их танил санагдаж байна. “Өшөө” гэдэг кинонд Колин Фертийн тоглосон гол баатар бас япончуудад олзлогдож, харгис эрүү шүүлт амсдаг.

 -Энэ хоёр түүх эрс ялгаатай. Колин Фертийн баатар гэмээ наминчилсан тамлагчаа өршөөдөг. Луи Замперини ч гэсэн Ватанабег өршөөдөг боловч өнөөх нь нүглээ наминчлаагүй төдийгүй, Луиг Японы Нагано дахь олимпийн наадмын бамбар барьж явахаар ирэхэд нь түүнтэй уулзахаас бардам татгалзсан. Миний киноны баатарт ийм л зарчимч адгийн шаар таарсан юм. Гэхдээ Камперинийн түүхээс хамгийн их сэтгэл хөдөлгөсөн зүйл бол сэтгэлийн асар их хаттай нэг хүн энэ бүх ер бусын адал явдлыг туулсан нь юм.Ердийн амьдралд ийм эгнэшгүй цул зан чанартай нь таардаггүйгээс гадна тэр хүн өөрийгөө бусдаас давуу гэж огт үздэггүй нь гайхалтай. Харин ч бусдад найрсаг, өрөвч нинжин сэтгэлээ харуулдаг. Луи энэ бүхнийг туулсан хэрнээ догширч эвдрээгүй, харин сайн сайхныг сургадаг Христийн номлогч болжээ. Бидэнд шинэ залуу үедээ үлгэр жишээ болж чадахуйц жинхэнэ амьд баатрууд хэрэгтэй гэж боддог.

 -Эхний киногоо бүтээх үедээ хуримтлуулсан туршлагадаа түшиглэн ажиллахад арай хялбар байв уу. Энэ үйл явц хэрхэн өнгөрөв?

 -Сэтгэл зүйн хувьд нэг л амьсгаагаар хийчихсэн мэт санагдсан. Хэрэгжилтийн хувьд их түвэгтэй байлаа. “Цус, балын хязгаарт” нэртэй киногоо би камерын орчинд авсан. Харин энэ удаад хослол зураг, нүсэр тайз засал, оргилон буцлах байгалийн зураглал хэрэг болсон. Онгоцны хоёр осол, далайд өнгөрүүлсэн 40 хоног, гурван өөр хорих лагерь, олимпын наадам зэрэг үйл явдлыг кинондоо оруулах шаардлагатай болсон. Би найруулагч бэлтгэдэг ямар нэг курс, кино урлагийн сургууль төгсөөгүй хэрнээ Клинт Иствуд, Оливер Стоун, Роберт Земекис зэрэг томчуудтай ажиллаж, зураг авах талбайд шууд суралцсан. Амаргүй байсан ч ажлаа хийж чадсандаа их бахархдаг.

 -Дараа нь ямар кино авна гэдгээ шийдсэн үү. Аймшгийн кино байх уу?

 -Арай ч үгүй. Би аймшгийн кинонд тоглодог ч тиим кино хийдэггүй. Миний дараагийн төсөл бол “Тэнгисийн эрэгт” нэртэй гэр бүлийн драм ба энэ бүтээлдээ өмнө нь 10 жилийн турш хамт тоглоогүй хоёр жүжигчнийг оролцуулахыг зорьж байна. Тухайн үед тэр хоёрыг үе үе хамтдаа тоглоно гэж олон нийт таамаглаж байсан ч болохгүй байж. Ингээд Анжелина Жоли, Брэд Пит хоёр хамтран тоглох зөвшөөрлөө өгсөн юм. (Инээв) Тэд өдөр тутмын нэгэн хэвийн амьдралаасаа салж, харилцаандаа шинэ өнгө аяс оруулахаар шийдсэн нэгэн гэр бүлийн хосын дүрд тоглоно. Гэхдээ энэ нь байопик(намтарчилсан кино) гэж л битгий бодоорой, бурхан минь.

 -Энэ их ажлын дундуур гэр бүлдээ яаж цаг зав гаргаж чадаж байна?

 -Амаргүй. Хүүхдүүд маань надтай цуг явахаас өөр аргагүй болдог. Гэтэл би хэрийн аялагчаас илүү хугацааг замд өнгөрүүлж, дэлхийн олон газарт очдог. Бүгдийг нь нэг газарт цуглуулах боломж тэр бүр олддоггүй ч тийм уулзалт жинхэнэ баяр болдог. Биднийг ажил нэгтгэж байгаа тохиолдолд бүр ч илүү. Бага Вивиан минь надтай цуг “Малефисенте”-д тоглох үеэр л нэг удаа тийм боломж тохиосон. Дубль бүрийн дараа охин минь над дээр гүйж ирээд тайлангаа тавьж байхад ах эгч нар нь бүгд тойрч зогсоод дүүгээ сонсдог байв. Дээр нь надад аз тохиож, би бусад ээж нараас илүү их орлого олдог болохоор ажлын ээлжээ дуусгаад гэртээ бас нэг ажил эрхлэх шаардлага тулгардаггүй. Миний хэмжээний орлого олдог эмэгтэй жүжигчид Холливудад хүүхэд өсгөх ямар хүнд байдаг тухай гомдоллохыг сонсох нь хачирхалтай байдаг.

 -Таныг Австралид “Нугаршгүй” киноныхоо зургийг авч байх зуур сүйт залуу, одоо бол нөхөр тань болсон Брэд Пит Английн нутгаас хөндийрч чадахгүй “Уур хилэн” кинонд тоглож байсан. Та хоёр яаж холбоо барьж байв?

 -Хуучны сэтгэл хөдөлгөм аргаар нэгэндээ захидал бичиж, хувийн болон мэргэжлийн хүрээнд тулгарсан асуудлуудаа хэлэлцдэг байв. Захидал гэдэг нь имэйл биш харин гараараа бичиж, шуудангаар илгээдэг хуучны захидал шүү. Тиймээс орон зай бидний гэр бүлийн харилцаанд огт саад болоогүй.

 -Нөхрийн тань найз Ж.Клуни кино урлагаа орхиж, улс төрд орох тухай яриа гарсан. Танд тийм хүсэл төрдөг үү?

 -Жорж бол эргэн тойронд нь байнга ямар нэг цуу яриа гарч байдаг хүн. Тодорхой цаг хугацаа өнгөрч байж л түүнийг үнэхээр ажил мэргэжлээ өөрчлөхөөр шийдсэн эсэх нь тодорхой болно. Миний хувьд үнэхээр мэдэхгүй юм. Заримдаа би улстөрчийн хувьд биш нийгмийн зүтгэлтний хувьд нийгэмдээ хамгийн их ач тус хүргэж байна гэж боддог. Миний санаа бодол шийдвэр гаргадаг хүмүүст хүрдэг болсон энэ байр сууринд хүрэхийн тулд их зам туулсан болохоор хуримтлуулсан ёс суртахууны капиталаа золиослох нь ухаалаг алхам биш гэж үздэг. Нөгөөтэйгүүр би улс төрд орвол хүмүүнлэгийн ажилд одоогийноосоо илүү цаг хугацаа зарцуулж чадна. Хэцүү, маш хэцүү сонголт.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …