Энэхүү хэрэг нь “Алтай Глобал” компанийн захирал Х.Саранчимэг, иргэн Э.Ганзориг нар “Эй Жэй Спирит” компанийн захирал Япон улсын иргэн Ажито Кожитой 2012 оны нэгдүгээр сард танилцаж Япон улсаас авто машины сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны материал оруулж ирэн, Монгол улсад борлуулж хамтран ажиллахаар тохиролцсоноор эхэлжээ. Ингэхдээ хоёр талаас хөрөнгөө тэнцүү хуваан гаргахаар тохиролцож Х.Саранчимэг, Э.Ганзориг нарын зүгээс 2012 оны дөрөвдүгээр сараас 2012 оны 11-р сар хүртлэх хугацаанд нийт 30.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Монгол дахь дэлгүүр, ажилчдын цалин хөлсийг төлдөг байсан аж.
Гэтэл энэ хугацаанд “Эй Жэй Спирит” компани Япон улсаас оруулж ирсэн бүтээгдэхүүнийн борлуултын орлогын мөнгөнөөс тохиролцсоноороо 50 хувийг өгөөгүйгээр барахгүй дистрибютерийн гэрээгээ зөвхөн өөрийн нэр дээр хийн түүнийгээ санаатайгаар нуун дарагдуулж, бусдыг онц их хэмжээний мөнгөөр хохироосон байна.
Эл асуудлыг хөрөнгө оруулагч Х.Саранчимэг, Э.Ганзориг нар хөндөн гэрээ хийхийг удаа дараа сануулсан ч хүлээж авахгүй явсаар 2012 оны нэгдүгээр сард дэлгүүр, ажлын байр, гараашийн цоожыг сольж, тэдний хохирлыг төлөхгүй гэдгээ үг, үйлдлээрээ илэрхийлэх болсон байна.
Харин Х.Саранчимэг, Э.Ганзориг нарын хувьд анхнаасаа дистрибютерийн эрхтэй болно гэдэг утгаар, албан ёсны эрхтэй байгууллага бүтээгдэхүүнийг хямд үнээр авч давуу эрхтэй борлуулах боломж бүрдүүлдэг онцгой ач холбогдолтой эрх учраас Ажито Кожигийн тавьсан саналыг хүлээн авч амлалтад нь итгэн өөрсдийн хийж байсан бизнесээ зогсоож хөрөнгө оруулан хамтарч ажилласан юм байна. Гэтэл”Эй Жэй Спирит” компани бараа бүтээгдэхүүн борлуулсаны орлогыг авч байсан хэрнээ албан ёсоор тайлагнадаггүй, санхүүгийн баримт гаргаж өгөхөөс татгалзах, хамтарч ажиллаж байсан хүмүүсээ санхүүгийн хувьд ямар ч эрхгүйгээр ажиллуулах зэргээр наад захын бизнесийн ёс суртахуунийг уландаа гишгэж байсан нь анхнаасаа хамтарч ажиллаж байсан компаниа хохироох зорилготой байж гэж дүгнэхэд хүргэжээ.
Тиймээс Х.Саранчимэг, Э.Ганзориг нар хамтран ажиллахад оруулсан 30.422.667 төгрөг, үйл ажиллагаа явуулахад зарцуулсан зардал 19.578.338 төгрөгийг 2013 оны хоёрдугаар сарын есний дотор төлөхийг хүсэж “Эй Жэй Спирит” компанид гомдлын шаардага гаргасан ч хүлээж авалгүй, санхүүгийн баримт гаргаж өгөөгүйгээдээ дулдуйдан дээрх хохирлыг барагдуулахаас эрс татгалзсан байна.
Үүнтэй холбоотойгоор бүтэн найман сарын турш хөрөнгө мөнгө, хөдөлмөрөө зориулсан Х.Саранчимэг, Э.Ганзориг нар хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандахад хүрчээ.
Ийнхүү залилангийн хэргийн хохирогч болсон Х.Саранчимэг, Э.Ганзориг нар Улсын мөрдөн байцаах газарт 2013 оны хоёрдугаар сарын 22-нд гомдол гаргасны дагуу “Эй Жэй Спирит” компанийн захирал Ажито Кожиг хилээр гаргахыг хориглон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч Х.Саранчимэг, Э.Ганзориг нарыг “Эй Жи Спирит” компанид 30.422.667 хийгээгүй гэж мэдүүлжээ.
Уг хэргийг хянасан Нийслэлийн прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор О.Гэрэл энэ сарын 18-нд компани “ашиггүй” ажилласан гэх үндэслэлээр уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон байна.
Үүнийг эс зөвшөөрсөн хохирогчид “Эй Жи Спирит” компанийн захирал Ажито Кожигийн талыг баримтлан 50:50 хувийн борлуулалтын ашиг хувааж авахаар тохирсон юм шиг гуйвуулсан, мөн тухай бүр зардлаа хянан, орлого зарлагын тооцоо нийлж байсан мэтээр илтэд гэрээний эрхийн харилцаа мэт харагдуулахаар үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нь хууль зөрчсөн, гэмт этгээдийг хаацайлсан үйлдэл хэмээн үзэж Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасан байна. Үүнийг Нийслэлийн прокуроын орлогч дарга Ц.Батболд хянаж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг хүчингүй болгож, прокуорын даалгавар бичин хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 2013 оны тавдугаар сарын 13-нд шилжүүлжээ.
30 саяын хөрөнгө оруулалт хийсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон ч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хохирогчид гомдолтой байна.
Ажито Кожи Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахдаа 100000 ам.доллартай тэнцэх дүрмийн санг хуурамч бичиг баримт үйлдэн бүрдүүлж “Эй Жэй Сприт” компанийг байгуулсан тухай гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгуулахаар өгсөн боловч мөрдөн байцаагч үүнийг нягтлан шалгаагүй байна. Уг ноцтой асуудлыг гэрчлэх гэрч байгааг ч энд дурьдах хэрэгтэй. Бүр нарийн ярьвал Ажито Кожи ч үүнийг баталсан байдаг.
Тодруулбал, тэрээр мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэгтээ “Монголд хөрөнгө оруулагчаар оршин сууж байгаа. Эхнэр Ц.Хангалтай гэр бүл болохоосоо өмнө “Эй Жэй Сприт” компанийг үүсгэн байгуулсан гэсэн хэрнээ дараа нь “Компани үүсгэн байгуулахад дүрмийн сан 125 сая төгрөгийг дансаар байршуулаагүй. Ц.Хангал бид хоёр өөрсдийн компанийн өмчлөлд оруулсан эд хөрөнгөө үнэлээд дүрмийн санг нь 120 сая төгрөг болсон” хэмээн мэдүүлсэн байна. Уг нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд компанийн дүрмийн сангийн мөнгийг бэлнээр банкинд байршуулах тухай тодорхой заасан байдаг аж.
Мөн Х.Саранчимэг, Э. Ганзориг нараас Ажито Кожи нь Япон улсаас тос, тосолгооны бүтээгдэхүүнийг оруулж худалдан борлуулах дистрибютерийн эрхийг хамтран эзэмшиж, энэхүү бүтээгдэхүүнүүдийг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр борлуулж хамтран ашигтай ажиллах болно гэж итгэл төрүүлэн 30 000 000 төгрөгийн хөрөнгийг өөрийн компанид оруулсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, бичлэг болон өөрсдийнх нь тайлбараар нотлогддог.
Хохирогч тал: Фортек/Fortec/,Пиа/РIAA/,Эмон/Аmon/,Санфорс/Sunforce,/Пролинкс/Prolinks/ компаниудын бүтээгдэхүүнийг борлуулах дистирбютерийн таван эрхийн хоёрыг нь хууль ёсны дагуу авсан хэрнээ хаанаас авчирсан нь үл мэдэгдэх гэрчилгээнүүдээр хөрөнгө оруулагчдыг хуурч мэхэлсэн зэрэг маш олон асуудлыг нягталж залилан мэхлэх гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж болох бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар авсныг тогтоох боломжтой хэмээн үзэж байгаа юм.
Гэтэл хууль хяналтын байгууллага ийм тодорхой хэргийг эсрэг талд нь шийдэж өгөхгүй байгаа аж.
О.Наранцацралт