Би ханхай хоосон өрөөнийн мухарт дороос жиндэх нимгэн гудсан дээр тааз өөд гөлрөн хэвтэхдээ тэр бүсгүйг цагдаагийн газарт мэдэгдэх үү, байх уу? хэмээн бодож байлаа. Гэвч нүдээ анихаар нөгөө бүсгүйн нүцгэн мөр, тонтгор өгзөг нь харагдаж, чихэнд тачаангуй инээд, урин хонгор дуу нь сонсогдоно.
Түүнтэй энэ дөрвөн хананы дунд сар гаруй амьдарсан богинохон хугацаа надад жаргалын амтыг мэдрүүлэх мэт дотор бачууруулж, тэрхүү ер бусын таашаалаас дэндүү багыг хүртсэн юм шиг чамлалттай санагдаад байв. Тэгсэн хэрнээ цээжний мухраас түүнийг үзэн ядах сэтгэл бяцхан цучил аятай анивалзах аж. Би нүдээ анилаа. Тэр хүүхний бие энд үгүй ч сүнслэг оршихуй нь энэ өрөөнд үлдэн хоцорч, тэр нь энэ хана, тааз, шаланд гүн шингэж, нэвччихсэн, тэгээд хаа нэгтэйгээс намайг хараад, дуудаад байгаа юм шиг санагдаад байлаа. Энэ бол түүнийг үгүйлэх мэдрэмж гэдгийг би мэдэж байвч гэнэт тэр бүсгүйг ороод ирэх юм шиг үүд рүү үе үе харж, битүүхэн хөлийн чимээ чагнан, сэтгэл догдолж бас шанална.
Би түүнтэй хоёр сарын өмнө дэлгүүрт танилцсан юм. Олон үйлдвэрийн, элдэв хэлбэр дүрстэй, янз бүрийн хайрцагтай сүүний өмнө алийг нь авахаа мэдэхгүй эргэлдэж зогстол тэр бүсгүй “Энэ хамгийн сайн нь. Би байнга хэрэглэдэг юм” гээд нэг сүү рүү зааж билээ. Надтай ойролцоо насны, дэгжин хувцасласан бүсгүйн хөлөө эвгүй алцайн зогсон, долоовор хуруугаараа дохих донжтой хөдөлгөөн нь миний сэтгэлийг гижигдэж, түүний ийш тийш үсчих дэггүй нүд намайг тэр дор нь илбэдэж орхисон юм.
Бид хоёр нэг их ёсорхож, сүйд болж, маяглалгүй хоёр долоо хоногийн дотор л учир эвээ олж, хэд хоногийн дараа тэр бүсгүй гэрт маань дүүрэн хувцастай гурван том цүнхээ авчирснаар бидний хамтын амьдрал эхэлсэн билээ. Би жаргалтай байлаа. Үхэн үхтлээ ийм байх юм шигээр л төсөөлж явав. Гэтэл өчигдөр ажлаасаа ирэхэд тэр бүсгүй байсангүй. Хэдэн жил хурааж хуримтлуулсан эд хогшил, хувцас хунар гээд гэрт маань нүдэнд торох зүйл юу ч харагдсангүй.
Яг л хов хоосон байранд нүүж ирж байгаа юм шиг цэлгэр өрөөнүүд гунигтай нь аргагүй мэлтийн угтав. Тэр бүсгүй намайг мулзалж орхисныг би хоосон өрөөнийхөө нүцгэн ханыг налан сууж байхдаа ухаарсан юм. Миний алдсан юмс түүнтэй сар гаруйн хугацаанд амьдарсны төлбөр байжээ. Амьдралд маань тохиолдсон энэ таагүй явдал надад маш том сургамж болж, эмэгтэй хүн гэдэг баг өмссөн дээрэмчин гэсэн дохиог ой ухаанд минь ойрын хэдэн жилдээ арилшгүйгээр суулгасан билээ.
Сэтгэлийн сэвийг анагаагч хамгийн сайн эм бол цаг хугацаа гэдгийг би амьдралын туршлагаараа гадарлах болсон ч миний зүрхийг шархлуулсан тэр бүсгүйг харин хэзээ ч мартаж чадахгүй гэдгээ л баттай мэдэж байлаа. Түүнийг надтай ирж уулзах л юм бол уучилж, болсон явдлыг мартахад бэлэн байв ч ирэхгүй гэдэг нь хорвоогийн нэг үнэн гэдгийг би гашуунаар бодож суув. Зүрх маань нэгэнт хоосорчээ.
Би сэтгүүлч мэргэжилтэй. Мэргэжлээрээ өдөр тутмын нэг багашаарагхан сонинд ажиллаад арван жилийг үджээ. Өглөө ажил дээрээ ирэн хариуцсан нүүрээ яаж дүүргэх билээ гэсэн шүү юм бодон суутал утас дуугарав. Авбал багын найз Ж маань байлаа. Тэр “Дуулгах сонинтой. Би танай ажлын хажуугаар явж байгаад гэнэт үүнийг саналаа. Гараад ир” гэв.
[773993d57edab4ce8bc742487688f8ad]
Албаны даргадаа сурвалжлаганд явлаа гэж хэлээд өрөөнөөсөө гаран урт нарийхан хонгилоор алхсаар цахилгаан шатны дэргэд ирвэл зүс таних хэдэн хүн өмхий үнэрийн тухай ам, хамраа таглан байж ярьж зогсохтой таарав. Манай давхарын ариун цэврийн өрөөний агааржуулагч эвдрээд гурав хонож байгаа ч хэн засах нь тодорхойгүй, хариуцсан эзэн олдохгүй өнөөдрийг хүрч лав л би энэ үнэрт дасаж эхлээд байсан юм.
Цахилгаан шатанд дахиад л өмхий үнэрийн тухай яриа өрнөж, амьсгалын замын эрхтэнээрээ хохирч байгаа бидний эрүүл мэндийн өмнөөс энэ барилгыг барьсан компани хариуцлага хүлээх ёстой талаар ч таван давхараас доош буух хэдхэн хоромд ярилцаад амжив. Би тэдний байнга чалчих энэ ярианаас залхахдаа цахилгаан шатнаас түрүүлж буун хаалга руу гүйх нь холгүй алхаж гудманд гарсан хойноо уужим амьсгаа авав.
Найз маань саяхан худалдаж авсан цоо шинэ “Мерседес бенц” машиндаа намайг хүлээж суулаа. Тэр хотын төвд уушийн газар ажиллуулж сардаа чамлахааргүй орлого олдог тул энэ дайны унаа хөлөглөх нь зүй ёсны хэрэг юм. Машины хаалга татах зуураа найзыгаа хуучин машинаа надад нэг их үнэрхэлгүй зарна гэж хэлж байсныг нь саналаа. Бид хоёр ойр зуурын юм хөөрөлдөж хэсэг суув. Тэгсэн найз маань миний мөр рүү алгадсанаа:
-Амьдрал ч сонин хачнаар дүүрэн байх юм даа. Чи үүнийг сонсоод итгэхгүй дээ гээд хөхөрч гарав. Тэгснээ:
-Өнөөдөр Төмөр замын соёлын ордонд “Амьдралаас хариугаа авах нь” гэсэн хачин нэртэй, дан эмэгтэйчүүд оролцсон цуглаан болох юм гэнэ гээд дахиад л хөхөрч, бүр нулимсаа гартал инээв. Эхэндээ би юуны тухай яриад байгааг нь ойлгосонгүй. Гайхсан нүдээр түүн рүү мэлэрч суулаа. Тэр энэ тухай нэгэн бүсгүйгээс хэл амыг нь сугалан байж мэдсэнээ хэлээд, энгэрийн халааснаасаа алчуур гаргаж ирэн нулимсаа арчив.
-Хамгийн гол нь тэр хүүхнүүд амьдралаас хариугаа авна гэхээр их л сайн чадуулсан болж таараад байгаа биз. Чи сонирхоод үз гэж найз маань нухацтай нь аргагүй хэлээд яах нь вэ гэсэн байртай миний нүүр өөд хэсэг харж сууснаа пис хийтэл инээд алдав. Сая л би учрыг ойлгон, найзыгаа даган элгээ хөштөл инээж, сүүлдээ амнаас авиа ч гарахаа байж зүгээр л бие минь пүрш шиг нааш цааш агшиж, тэнийж байв.
Үнэндээ энэ цуглаан надад нэрнээсээ л эхэлж хачирхалтай санагдаж, бас яасан гэж хариугаа авах гээд байгаа юм бол гэх асуулт сонирхолыг маань татаж байв. Намайг Төмөр замын соёлын ордонд очиход лав 500 зуун хүн элбэг багтчих танхимд 200 орчим эмэгтэй цугларч, өөр хоорондоо ярилцах тэдний дуу үүрээ эвдүүлсэн зөгий шиг дүнгэнэлдэж байлаа.
Нарийн ажвал тэдгээр эмэгтэйчүүд бүсгүй хүний гал халуун, ид үе гэгддэг 30-35 орчим насны, тэр тусмаа нүүр царай, өнгө зүсээр аргагүй л эрчүүдийн нүдийг булаасан хүүхнүүд байгаа нь надад бүр ч жигтэй санагдаад явчихав. Би сэтгүүлч гэдгээ мэдэгдэхгүйг хичээн гэмгүй царайлан хаалгаар шагайн танхимыг нүд гүйлгэн харах зуураа хажуугаар зөрөн дотогш орох гэсэн бүсгүйгээс тоомжиргүйхэн:
-Энд юу болох гэж байгаа юм? гэж асуулаа. Нөгөөх бүсгүй над руу ширэв татсанаа юу ч дуугаралгүй яваад орчихов. Тэгснээ тайзан дээр зогсох нэг бүсгүйг дуудаж уулзсанаа над руу толгой дохин заахад нь би хараагүй дүр эсгэлээ. Удалгүй тайзан дээр байсан бүсгүй ирж:
-Танд юу хэрэгтэй вэ, хэнтэй уулзах гэсэн юм? гэхэд би мөрөө хавчаад:
-Зүгээр явж байна. Сайхан хүүхнүүд цуглараад байхаар нь сонирхол хөдлөөд … гээд бүсгүйчүүд рүү нүд ирмэж тэнэг юм шиг маасайтал инээв.
-Энд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болох гэж байна. Хурал хаалттай болно. Та эндээс гарна уу гэж бүсгүй сэжиглэнгүй хэлээд намайг түлхсээр танхимаас хөөж гаргамагцаа хамрыг маань хавчих нь холгүй хаалгаа тас хийтэл нь хаав. Цоожны шүр шар гэх чимээ гарахад би хаалгыг татаж үзвэл аль хэдийн цоожилчихсон байлаа.
Ямар нэг зүйл сонсчих санаатай хаалганы завсар чихээ наан хэдэн хором зогссон ч түрүүхэн дүнгэнэлдэж байсан 200 хүн оргүй алга болж, хоёр хүн шивнэлдэх мэт сулхан чимээ дуулдахаас өөр юу ч үл сонсдох аж. Би урамгүйхэн буцлаа. Үд хэвийх үеэр найз маань утасдаж юу болсныг лавлахад юу ч мэдэж чадаагүйгээ хэлвэл тэр нуг нуг инээснээ “За за, зүгээр дээ. Найз нь нөгөө бүсгүйгээс юу болсныг мэдээд чамд хэлэмз” гэлээ. Энэ явдлаас хойш сар гаруйн хугацаа өнгөрч, гэрийг маань нүүлгэж одсон нөгөө бүсгүй хааяа нэг санаанд зурсхийхээс бусдаар би ерөнхийдөө ганц бие, хуучин амьдралдаа дасч эхлээд байв.
Нэг өдөр үдийн алдад багын найз Ж маань залгалаа. Тэрээр “Амьдралаас хариугаа авах нь” гэсэн хачин нэртэй чуулга уулзалтын учрыг олсноо, бүр үүнээс ч илүү сонирхолтой юм дуулж мэдсэнээ хэлээд намайг хүрч ирэн сонсохыг хүсэв. Би завтай байсан болохоор, бас дээр нь сонирхол минь хөдлөөд түүний байгаа газар болох “Дона” зоогийн газарт бушуухан яваад очвол нэгэн бүсгүйтэй хамт сууж байлаа. Найз маань нөгөө бүсгүйг мөрөөр нь тэвэрснийг хараад тэд нэлээдгүй дотно харьцаатай болж гэдгийг түвэггүй ойлгов. Намайг хүүхэмсэг, таалагдсан бүсгүйгээ өөрийн болгохын тулд юу ч хийж мэдэх аюултай зантайг найз маань мэддэг болохоор “Энэ минийх. Зайгаа барь” гэж надад анхааруулах зорилгоор мөрөөр нь тэврэн суугааг ойлгож байсан юм. Би жуумалзаад:
-Хоёулаа байсан юм уу? гэж зориуд сунжруулан хэлэв.
-Чамайг энэ сайхан бүсгүйтэй уулзуулах гэсэн юм. Чиний сонирхоод байсан нөгөө цугларалтад оролцсон гэнэ. Лав чамд сонин байх байлгүй гэж найзыгаа хэлэхэд би өөдөөс минь харан сэтгэл татам инээмсэглэх бүсгүй рүү толгой дохиод өндөлзөн нэрээ хэлбэл тэр “Алимаа” гээд турьхан цагаан гараа сунгахад тааламжтай нь аргагүй атгалаа. Найз маань харин над руу муухай харж суув. Бүсгүй сарын өмнө болсон цугларалтын тухай ярихын урьдаар таван жилийн өмнө өөрт нь тохиолдсон нэгэн явдлыг эхлээд сонсох хэрэгтэй гэлээ.
Бүсгүй шүдний эмч мэргэжилтэй ажээ. Ганц бие тэрээр таван жилийн өмнө нэгэн хувийн эмнэлэгт ажиллаж, ирж очиход амрыг бодон ажлынхаа ойролцоо хоёр гудмын цаахан нэг умгар өрөө хөлсөлдөг байжээ.
Бүсгүйн хэлснээр шүдний эмч ангайсан ам, хорхойтсон шүд үзэн, өрөмдөж, ломбодож, сугалдаг нэгэн хэвийн, уйтгартай, сэтгэж бодох шаардлагагүй, бараг л дадал болчихсон зүйлээ хийж буй мэт харагддаг боловч үнэндээ сэтгэл судлалын зохих мэдэгдэхүүн, ёс зүйн хэм хэмжээ шаардсан нарийн ажил гэнэ. Хүнтэй хамт үүссэн анхдагч зан чанарын нэг бол айдас. Өөрийгөө хамгаалах зөн совингийн нэг хэлбэр болох энэхүү айдас шүдээ авахуулахаар ирсэн хүн бүрт ондоо ондоогоор илэрдэг болохыг бүсгүй ажиж мэджээ. Чухам үүнд л сэтгэл судлал, ёс зүйн хэм хэмжээ шаардлагатай болдог байна. Айдсаасаа болж хүмүүс дотроо дагжин чичирч, түүнийгээ дарах гэж зарим нь гэмгүй царайлан сонин сэтгүүл эргүүлэх авч зөвхөн өвдөлтийн тухай л бодож суугаа нь тэдний шаналант харцнаас илт харагддаг гэнэ.
Зарим нэг нь өвдөлт, айдсаа мартагнах гэж утсаар ярьж, унтаж буй дүр эсгэдэг. Үнэндээ ингэж дүр эсгэдэггүй хүмүүс бол хүүхдүүд ажээ. Тэдний айдас хэний ч харсан ил бөгөөд чичрэх гар, нулимс цийлэгнэх нүд, ялихгүй чимээнээс цочин давхийх, гараад зугтчихмаар санагдаж байгаа ч эцэг, эхийнхээ зандраанд хүлэгдэн суух өрөвдөлтэй төрх нь бүсгүйн сэтгэлийг байнга эмзэглүүлдэг байсан гэнэ. Түүний бодлоор хүүхдүүдийн ийн айж суугаад аав, ээжүүд нь буруутай бөгөөд тэд л хүүхдүүддээ анхаарал бага тавьж, үл хайхарснаас шүд нь хорхойтож, эцэст нь эмнэлэгт ирдэг ажээ. Тиймээс тэрээр хүүхдүүдийг өрөвдөхдөө эцэг эхчүүдэд уурласан бухимдлаа насанд хүрэгчдийн шүдийг янзлахдаа гаргаж, тэдэнд айдас, өвдөлтийг бүрэн утгаар нь мэдрүүлдэг байсан гэнэ.
Ингэх нь мэдээж нөгөө ёс зүйн хэм хэмжээтэй харшилдаггүй, харин ч авцалддаг тухай бүсгүйг ярихад хэдэн жилийн өмнө шүдээ авахуулах үеэр минь нулимс өөрийн мэдэлгүй гоожиж байсан нь санаанд буув. Би баруун доод араануудын дунд байх хоосон буйлаа хэлнийхээ үзүүрээр шилэмдэхэд таагүй дурсамж бодогдож шүдний эмч бүсгүйгээс айх шиг болов. Тэр ч бас намайг сэтгэлдээ юу бодсоныг гадарлаж жуумалзлаа.
[passion-series-paintings-brunette-lovers-mural-31064]
Нэг удаа тэрээр үсээ арагш мөлийтөл самнаж, уруул дээрээ жирэвгэр нарийхан сахал тавьсан аятайхан төрхтэй залуугаас хүүхдүүдийн өшөөг авчээ. Ёзоорыг нь сугалах гэж буйлыг нь ухаж төнхөхөд залуу ган гэж ганц ч үг дуугараагүй бөгөөд шүдээ авахуулсныхаа дараа улаан сарнай барин ирж “Баярлалаа” гэж инээмсэглээд бүсгүйг болзоонд урихад татгалзаж чадаагүй ажээ. Өөрийг нь тамласны төлөө цэцэг бэлэглэсэн эрд тэрээр дорхноо сэтгэл алдарч, толгой эргэм хайранд умбан, нэг л мэдэхэд залууг гэртээ аваачин хамт амьдрах болсон гэнэ.
Тэр залуу тун ч романтик, яг л эмэгтэй бүрийн мөрөөддөг тийм л нэг ханхүү байлаа. Залуу өөрийгөө багагүй унацтай бизнес эрхэлдэг болох тухай ярьж үүнийгээ нотлох мэт бүсгүйг дагуулан орой бүр үнэтэй зоогийн газарт тухалж, амтат хоол зооглон, улаан дарс шимж цагийг тун ч зугаатай өнгөрүүлдэг байжээ. Нэг гэрт орсноос хойш хоёр сар болоход тэд ам муруйж үзсэнгүй. Хааяа нэг залуу хардсан үг унагахад бүсгүй тоглоом болгон өнгөрөөчихдөг байлаа.
Нэг орой бүсгүйг ажлаасаа ирэхэд залуу тун хүйтнээр “Чамайг асууж өдөр нэг залуу ирсэн” гэж хэлэхэд бүсгүй гайхширч “Надад чамаас өөр учиртай залуу байхгүй. Айл андуураа биз” хэмээхдээ дотроо “Надаас арай салах гээд шалтаг хайгаад байгаа юм биш биз дээ” гэж түгшжээ. Ёртой юм шиг маргааш орой нь бүсгүйг ажлаасаа ирэхэд ширээн дээр “Алимаа-д” гэж хаягласан захиа үлдээгээд залуу хаашаа ч юм яваад өгсөн байлаа. Тэр захиандаа залуу ажлын шугамаар гэнэт хөдөө явах хэрэг гарсан, бага сага мөнгө хэрэгтэй байсан тул аавынх нь хөөрөг, гаансыг ломбарданд тавьсан болох, эргэж ирээд аваад өгөх учир санаа зовохгүй байхыг хүсээд, удахгүй уулзъя гэж бичжээ. Аль аймаг руу явсан нь тодорхойгүй, хэзээ ирэх нь мэдэгдэхгүй тэр залууг бүсгүй бүтэн жил хүлээсний эцэст хаягдсан гэдгээ ухаарч, үнэнтэй эвлэрсэн гэнэ.
Сэтгэлийн зовлон, шаналлаа тэрээр найз бүсгүйдээ нээж болсон явдлын талаар ярин цурхиртал уйлахад цаадах нь түүнийг тайвшруулах бус харин ч загнаж “Чи чинь тэнэг юм уу? Юуны чинь ариун хайр. Тэр залуу чамайг залилж, гэрийн чинь үнэтэй цайтай юмыг хулгайлсан байна шүү дээ. Юундаа усан нүдэлсэн юм. Хурдан цагдаад оч” гэж зөвлөжээ.
Цагдаад хандтал мөрдөн байцаагч “Ийм хэргийн таван хохирогч байгаа, эдгээр нь зөвхөн их хэмжээний хохиролтой нь. Цагдаад мэдэгдээгүй өчнөөн хэрэг байж мэднэ” гэдгийг хэлээд хэрэгтэнг баривал хэл дуулгана гэв. Яг л сар гаруйн өмнө надад тохиолдсон явдалтай тэрээр таван жилийн өмнө учирчээ. Гэрийн маань хамаг тавилга, эд хогшил бүхнийг хуу хамаад одсон бүсгүйн тухай би үг цухуйлгасан ч үгүй. Хэрэв ам нээвэл ичгэвтэр байдалд орно гэдгээ мэдэж байсан учраас тэр.
Гурван сарын өмнө бүсгүй өнөөх захиа үлдээгээд сураггүй алга болсон залуутай нэгэн зоогийн газарт тааралдсан гэнэ. Залуу түүнийг таних нь бүү хэл нүд ирмэн эргүүлж, гэнэт хаанаас ч юм улаан сарнай гаргаж ирэн бэлэглэжээ. Хуучин арга нь хэвээрээ байлаа. Олон жилийн өмнөх дурсамж агшин зуур сэргэж бүсгүй өөрийнхөө тухай яримаар байв ч түүний таван жилийн тэртээ хамт амьдарч аснаа ор тас мартаж, өөрийг нь санах ч үгүй байгаад гомдохдоо хэлээ тас зууж, амнаасаа нэг ч үг унагалгүй дэмий л инээмсэглэж суужээ.
Залуу утасны дугаараа үлдээгээд хуруугаа уруулдаа хүргэн үнсэлт бэлэглэчихээд зоогийн газраас явж одоход бүсгүй харин цээж дүүрэн хорсол, гунигтай хоцров. Аяндаа мэлмэрэх нулимсаа арчин суутал үл таних цагаан даашинзтай бүсгүй ширээнд нь ирж саях залууд олон жилийн өмнө өөртэй нь адил хууртагдсанаа яриад “Түүний тухай илүү ихийг мэдье гэвэл маргааш Төмөр замын соёлын ордонд ирээрэй” гэж хэлчихээд яваад өгсөн аж.
Маргааш хэлсэн газар нь очоод бүсгүй мэл гайхаж, цэл хөхөрчээ. Залуу 15 жилийн турш 200 гаруй бүсгүйчүүдийг мэхлэхдээ заримтай нь хоёр долоо хоног, заримтай нь хоёр сар, хамгийн уртдаа гурван сар амьдарч, эцэст нь хамаг юмыг нь хаман одож амьдралаар нь тоглосон болохыг мэджээ. Өөртэй нь адил зовлон амссан 200 бүсгүй гурван цагийн турш ярилцаж, хэлэлцсэний эцэст залуугаас хариугаа авахаар шийдэж төлөвлөгөө боловсруулсан байна.
Тэдний төлөвлөгөө ч амжилттай хэрэгжсэн болохыг бүсгүйн амнаас сонсоод би “Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ” гэдэг зүйр үгийг хэн, ямар учраас зохиосон юм бол гэж бодож суув. Найзыгаа бүсгүйтэй нь хамт зоогийн газар орхиод сэтгэл хөндүүрлэх өчнөөн бодол тээсээр ханхай гэртээ ирмэгцээ би тэмдэглэлийн дэвтрээ аван “Хүн яагаад нэгнийгээ хуурч, мэхэлдэг юм бэ?” гэж бичээд гурван цэг тавилаа. Хариулт нь тун энгийн болохыг жорлонд хүндээр бие засч байхдаа бодоод олчихов. Энэ бол “Байгалиас заяагдсан, амьдрах нэг зөн” ажээ.
Орондоо орсон хойноо би хөөрхий залууг өглөө яаж сэрснийг нь төсөөллөө. Хөнжлөө яран өндиймөгцөө ширээн дээр байх цустай хөвөн, шилтэй цэнхэр спирт, маарлинд боолттой зүйлийг хараад гайхаж, өчигдөр юу болсныг санах гэсэн ч толгойд нь юу ч буусангүй, ойрын хэдэн өдрүүдийн үйл явдал арчигдсан мэт оргүй алга болсон байлаа. Тэр юу ч санахгүй байв.
Тэгээд тун болгоомжтойгоор маарлинд ороосон зүйлийг аваад задлахдаа гар нь салганаж байлаа. Боолтыг тайлмагцаа бэлэг эрхтэн байхыг хараад цочирдож гар нь өөрийн мэдэлгүй салтаа руугаа явав. Гараа салтаандаа хийгээд мэдэрсэн зүйлийг нь бодохоор надад аймшигтай санагдлаа. Эмэгтэй хүний эрхтэн гарт нь мэдрэгдэхэд тэр ямар чанга хашгирсан бол? …Тэр одоо эмэгтэй болсон. Тэр одоо бүсгүйчүүдийг аргандаа оруулж, мэхэлдэг дон Жуан биш зүгээр л нэг Жуана болон хувирсан байлаа.
Зоогийн газраас гарах үед Алимаа надад Жуанагийн эрэгтэй үеийнх нь зургийг өгсөн билээ. Би залуугийн зургийг удаан ширтэж, эмэгтэй болсон тэрээр яаж өөрчлөгдсөн бол гэж төсөөлөв. Гэнэт толгойд минь намайг залилсан бүсгүй арай энэ залуу биш байгаа гэсэн адын бодол харван орж ирэхэд би ухасхийн босов. Тэр бүсгүйтэй залуугийн зураг төсгүй байсан ч хийсэн үйлдэл нь адил болохоор түүнийг би гайхал муу дон Жуан биш байгаа гэж эрхгүй бодоход хүрэв.
Ямартай ч цаг хугацааны хувьд зөрж байсан тул бага ч гэсэн тайвширлаа. Гэхдээ л Жуанатай учирчихсан, эрэгтэй хүнтэй унтчихсан юм шиг айдас надад төрж, тэгмэгц хаанаас ч хачин жигшсэн мэдрэмж оргилоод явчихав. Хамаг бие арзайж, жихүүцэс хүрэхэд би усанд орохоор шийдэв. Шүршүүрийн дор зогсож байхдаа Жуанагаас ярилцлага авч чадвал шуугиан тарина даа гэж сэтгэж, түүнийг хаанаас хайх тухайгаа бодлоо.
Гэвч Жуана газрын гаваар орсон мэт сураггүй алга болсон юм. Би түүнийг амиа егүүтгэсэн байх гэж бодоод сүүлийн өдрүүдийн хүн амины хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн газраас аван шүүсэн боловч эмэгтэй хүн амиа хорлосон талаарх нэг ч бүртгэл, мэдээлэл алга байлаа. Би Жуанаг хайсаар л байгаа. Түүнээс ганцхан би л гайхалтай ярилцлага авч чадна. Яагаад гэвэл би түүнийг мэдэрсэн.
Ж.Бямбасайхан “Төсөөлшгүй ертөнцийн нууц” номоос.
эх сурвалж: everyday.mn