Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж буй байлдагч П.Хэнмэдэх даргадаа удаа дараа зодуулж байнга дарамтлуулсны улмаас дөрвөн зүү залгисан хэрэг шуугиан тариад байгаа.
Тодруулбал байлдагч П.Хэнмэдэх захныхаа цагаан даавууг оёод сууж байтал дэслэгч Н.Баатар “Чи муу утас хулгайллаа” хэмээн түүнийг зодож зүү залги гэж дарамтлан улмаар дөрвөн ширхэг зүү залгиулсан байдаг. Дээрх үйл явдлыг П.Хэнмэдэх ч өөрөө мөрдөн байцаалтад мэдүүлсэн. Харин түүний эргэлтээр ирээд байсан эцэг нь мэдэж дарга нарт мэдэгдснээр яаралтай арга хэмжээ авч амийг нь аварсан юм. Одоогоор тэрбээр Цэргийн госпитальд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд түүний нэг зүү нь л доошилж бусад нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учраас эмч нар зүү доошилтол хагалгаа хийх боломжгүй гэх хариуг өгөөд байгаа юм. Тиймээс П.Хэнмэдэх тус эмнэлэгт бусад төрлийн эмчилгээ хийлгэж хагалгаанд орох өдрөө хүлээж байгаа аж. Гэтэл хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур болох дэслэгч Н.Баатар нь өөрийгөө гэм буруугүй мэтээр ярьж дээр дооргүй үнэн зөвөө шалгуулахаар гүйж байна.
Өөрөөр хэлбэл ХХЕГ-руу “Би буруугүй. Тиймээс энэ хэргийг шалгуулмаар байна” гэсэн хүсэлтийг илгээсэн байгаа юм. Түүнчлэн албаны эх сурвалжууд нь маш хариуцлагагүй тайлбарыг өгсөн байна. Тухайлбал Н.Баатар байлдагчид зүү залгиулсан уу, эсвэл цэргийн албанаас чөлөөлөгдөхөөр өөрийнхөө биед гэмтэл учруулсан уу гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно. Дэслэгч болохоор “Би дарамталж зүү залгиулаагүй” гэж хэлж байгаа. Ер нь Н.Баатар нь алба хаагчаа дарамталж зодох хүн биш, өндөр боловсролтой, гадаадад хоёр гурван их сургууль төгссөн, шашны дээд боловсролтой, сэтгэлзүйн чиглэлээр ажиллаж байсан хэмээн өмөөрч байгаа аж. Товчхондоо ХХЕГ-ын энэ үл тоомсорлосон хариултаас болж олон эцэг эхчүүд цэрэгт мордуулсан хүүхдүүдээ эрүүл саруул байгаа дээр нь цэргийн албанаас чөлөөлөх минь гэж санаа зовж байна. Энэ бол үнэхээр харамсалтай хэрэг. Эр цэргийн албанд өөрсдийн сайн дураараа явсан олон аавын хөвгүүд эсэн мэнд цэрэгт явчихаад өнөөдөр ийм эрэмдэг зэрэмдэг болж байгаа нь харамсалтай гэхээс өөр юу гэх вэ дээ.
Ер нь бол цэрэгт очсон залуус дээд тушаалынхаа дарга, цэрэг, жа нарын гарын шүүс болдог нь нууц биш болсон. Бидэнд мэдэгдэж ил гарсан дээрх хэргээс өөр олон харгис үйлдэл аль цэргийн ангад нуугдаж байгааг таахын аргагүй билээ.
Цэл залуугаараа цэргийн албанд мордож эх орноо хамгаална гэж тангараг өргөсөн залуус эрүүл мэнд, амь насаараа хохирч үлдсээр байх уу гэдгийг холбогдох албаны хүмүүсээс асуумаар санагдах юм.
Жил бүрийн хавар, намар цэрэг татлагын үеэр эрүүл чийрэг биетэй залуус эрүүл мэндийн үзлэгт орж цэргийн албанд морддог.
Удалгүй хэн нэгний зодуурын шүүс болж эцэг эхдээ эмгэг согогтой болж ирж байгаа нь харамсалтай. Хэний ч санаанд ормооргүй эл хэргийг үйлдсэн дэслэгч Н.Баатар нь урьд хожид хэдэн цэргийг ийм байдалд оруулж олон аавын хүүхдийг амьдын тамд унагааж байсан бол гэж ч хардмаар.
Түүнчлэн П.Хэнмэдэхийн аав “Эрүүл саруул хүүгээ цэргийн албанд явуулчихаад одоо ийм болсонд харамсаж байна” гэж нулимс дуслуулж байгаа нь өрөвдөлтэй. Тэгэхээр Хил хамгаалах ерөнхий газрынхан эрүүл цэргийн биеийг эрэмдэг болгосон дэслэгчид хэрхэн хариуцлага хүлээлгэх бол гэсэн хүлээлт олон хүнд байна. Уг нь жил ирэх тусам цэрэгт явах залуусын тоо нэмэгдэх болсон гэж албаныхан өөрсдөө энэ жилийн цэрэг татлагын үеэр их л баярлангуй ярьж байсан.
Түүнчлэн залуус цэргийн албанд явснаар жинхэнэ эр хүн болсноо мэдэрдэг. Гэтэл одоо юун цэрэгт явах вэ больё. “Тэгж “Жа” нарын гарын шүүс болж эрүүл мэндээрээ хохирохгүй шүү” гэдэг үгийг олон залуус П.Хэнмэдэхэд тохиолдсон харамсалтай явдлаас хойш хэлэх боллоо. Энэ бүх хэргийн дараа ХХЕГ-ынхан дэслэгчээ өмгөөлж, цэргийг буруутгаж эхлэх гээд байгаа нь тэдний өгч буй хариултаас тодорхой харагдаж байна.
Тиймээс холбогдох албаны хүмүүс энэ хэрэг дээр анхаарлаа хандуулахгүй бол дараа жил дархан хилийг маань манах залуус олдохгүй болох нь байна.