Замын цагдаагийн гүүрэн гарц энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилгын явцтай танилцаж, газар дээр нь очиж ажиллалаа.

Нарны замаас урагшаа газар доорх гүүрийн доод байгууламжийн ажил бүрэн дууссан бусад ажлууд хуваарь зураг төслийн дагуу явж байгаа, нийт ажлын гүйцэтгэл 48 хувьтай байгаа, төлөвлөсөн хугацаандаа буюу энэ оны 11 сарын 01-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд  танилцуулгадаа дурьдав.

Хотын захирагч С.Амарсайхан “Гүүрэн гарцын ажил хугацаандаа ашиглалтад орох ёстой. Чанар, стандарт, аюулгүй байдал, технологийн горим алдуулахгүйгээр ажлын гүйцэтгэлийг шахаад долоодугаар сарын 1-ны дотор төв гүүрэн замыг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээх асуудлыг гүйцэтгэгч компани анхаарч ажилла” гэв.

Хотын захирагчийн зүгээс  гүүрэн замын ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэтгэж, төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, ажил зогсоосон, гацаасан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв. Тэрээр “Замын ажил ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтөд ороод зураг төсөл нь батлагдаад ажил эхлэхийг мэдсээр байж өөрсдөө дундуур нь орж барилгаа уралдаж барьчихаад, замын ажил хийлгэхгүй, гүйцэтгэгч компаний шаардлагыг биелүүлэхгүй, нийслэлийн асуудал хариуцсан албан тушаалтны үгийг  үл тоох байдлаар зургаан сарын турш зарим ажлыг гацаасан компани байна. Нийтийн эрх ашгийг уландаа гишгэж, амин хувийн өчүүхэн эрх ашгаа урьтал болгож байгаа аж ахуйн нэгжтэй эвлэрэх ёсгүй. Өнөөдрөөс эхлээд тоног төхөөрөмжөө хөдөлгөж, ажлаа эхлүүл. Үүнээс гарах ямар нэгэн хохирол, элдэв янзын асуудлыг хувийн компани өөрөө хариуцах ёстой.  Хэн нэгэн хүн, аль нэг компаний дур зоргоор бүхэл бүтэн нийслэлийн иргэдийн замын хөдөлгөөнтэй холбоотой энэ том төсөл зогсдог, ирээдүйд биелэгдэх ёстой эрх ашиг нь зөрчигддөг, нийтийн эрх ашгийг хохироодог ийм ААН-үүд байж болохгүй” гэдгийг хатуу хэллээ.

 

Төслийн ажлыг хурдтай гүйцэтгэх, дулааны улиралтай зэрэгцэн хоёр ээлжээр ажиллуулах боломжтой эсэхийг гүйцэтгэгч компани болон холбогдох удирдлагууд анхаарч ажиллахыг  санууллаа.

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16,5 м өргөнтэй 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8,5 өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5 м өргөнтэй, 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110 у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөрбетон гүүр барих юм. Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам.доллар болох бөгөөд гүүрийг энэ оны 11 дүгээр сард  онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …