Манай улс 19 жилийн өмнө кибер буюу цахим халдлагад анх удаа өртөж байжээ. Энэ нь 1995 он бөгөөд тээвэр зуучлалын нэгэн компанийн программч ажлаасаа гарахдаа байгууллагынхаа нууцын зэрэглэлийн мэдээллийг өрсөлдөгч байгууллагадаа худалдсан явдал юм. Мөн МИАТ-ийн ажилтан компанийнхаа дансруу нэвтрэн мөнгийг нь өөр хүний данс руу гуйвуулан улмаар “Голомт” банкинд ажилладаг найзыгаа гуйж бэлнээр гаргуулж авсан тохиолдол бий. Энэ цагаас хойш төрийн болон хувийн олон байгууллага цахим халдлагад өртсөн байдаг бөгөөд жилдээ 300 гаруй кибер халдлагыг бүртгэдэг тухай Кибер дов толгооны эсрэг хариу үйлдэл хийх үндэсний төвийн су далгаанд дурджээ.
Энэхүү довтолгоонд Засгийн газар, татвар, эрчим хүчний болон дулааны станц, аялал жуулчлал, технологийн томоохон компаниудаас гадна Шинжлэх ухааны академийн сүлжээний эмзэг байдлыг ашиглан хакерууд нэвтэрч байжээ. Арваад жилийн өмнө компьютер, вэб сайт халдлагад өртөж, мэдээллийг устгаж эсвэл хулгайлдаг явдал их байсан бол өдгөө арга нь улам нарийсч харилцаа холбоо өндөр хөгжсөн гадаад улс орноос Монгол руу чиглэх цахим гэмт хэргийн дайралт ихэсчээ. Ялангуяа Филиппин, Малайз болон Азийн улс орны иргэд энэ талын мэдээлэл муутайгаар нь Монголыг “онилох” болсон байна. Тухайлбал, Малайзын иргэн төрийн байгууллагад ажилладаг Э-тэй удаан хугацаанд харилцаж, итгэл үнэмшлийг нь олж авсны дараа “Би танд бэлэг явуулсан. Хүлээж аваарай” гэж хэлээд удалгүй өөр утаснаас залгаж, гаалийн байгууллагаас ярьж байна. Таны нэр дээр овор хэмжээ ихтэй зүйл ирлээ. Гаалийн татвар болох 5000 ам.доллар энэ дансанд хийнэ үү” хэмээн мөнгийг нь залилжээ. Мөн гадаад, дотоодын иргэд охид, бүсгүйчүүдийн итгэлийг олохын тулд найзын хүсэлт илгээж, дотно харилцаатай болдог. Ингэснээр нүцгэн зургийг нь авчихаад олон нийтэд цацна гэж дарамтлан мөнгө нэхдэг. Цахим хуудаст тавина, найз залуу, гэр бүлийнхэнд нь үзүүлнэ гэж айлгаж, сүрдүүлэх гэмт хэргийн тоо сүүлийн үед эрс өсчээ Цагдаагийн байгууллагаас охид, бүсгүйчүүдийг таньж мэдэхгүй хүнтэй харилцахгүй, хэт задгай хувцасласан зургаа фейсбүүк хуудсандаа байрлуулахгүй байхыг удаа дараа анхааруулсаар атал тоомжиргүй ханддагаас цахим гэмт хэргийн золиос болдог байна.Мөн манай иргэд утасны дугаар, ажлын газрын хаяг, гэр бүлийн байдал, регистр, дансны дугаараа интернэтээр танилцсан болон аль нэгэн байгууллагын нэрийг барьж утасдсан хүнд өгдөг байна. Хамгийн сүүлд гэхэд л, нууцалсан дугаараас Т,С, Н нарын утас руу залгаад “Банкнаас ярьж байна.
Таны регистрийн дугаар, овог нэрийг буруу шивсэн байна. Та үнэн бодитоор нь өгнө үү” хэмээн тухайн хүний бүхий л мэдээллийг авч, үүнийг нь ашиглан их хэмжээний мөнгө залилжээ. Хэргийг цагдаагийнхан илрүүлэн, гэмт этгээдийг саатуулан шалгаж эхэлжээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч өдрөөс өдөрт нэмэгдэх болсон тул иргэн та цахим гэмт хэргийн золиос болохгүйн тулд сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж буй. Дашрамд, Мэдээлэл харилцаа холбоо технологийн газраас хийсэн судалгаагаар 2000 онд 10 мянга хүрэхгүй интернэт хэрэглэгчтэй байсан бол 2007 онд 100 мянга, харин 2013 оны эхний зургаан сарын байдлаар кабелийн утсаар интернэт хэрэглэгч 800 мянгад хүрч, 350 мянган хүн WiFi хэрэглэдэг хэмээн гарчээ. Үүнээс харахад манай хүн амын талаас илүү хувь нь интернэтийн байнгын хэрэглэгч аж.
У.Мичид