Судлаач Ч.Сосормаагийн шинэ нийтлэлийг хүргэе.
Бразилийн улс төр, нийгмийг донсолгосон авлигын хэргийн тухай эрэн сурвалжлах сэтгүүлч, зохиолч Владимир Нетогийн бичсэн “Машин угаалга” ном 2016 онд хэвлэгдэж, тэр даруйдаа хамгийн гүйлгээтэй, шилдэг номоор шалгарчээ. Бразилийн нэр нөлөө бүхий улс төрчид, бизнесийн бүлэглэлүүдийн сүлбэлдсэн эл авлигын хэргийг 2014 оноос эхлэн шалгаж өнгөрсөн хугацаанд 232 хүнийг сэжигтнээр татаж, 160 хүнийг саатуулан хорьж, 10 тэрбум орчим ам.долларын хөрөнгийг царцаан, улс төрчдийн оффшор данснаас мөнгийг нь татан авч улсын орлого болгосоор байна. Миний бие Бразил Улсад ажиллаж байхдаа эл номын зохиогч Владимор Нетотой нөхөрлөн, номын гол баатар, шүүгч Сержио Моротой уулзах завшаан тохиосон бөгөөд “Машин угаалга” номын ерөнхий агуулга ба тухайн үеийн хэвлэлийн мэдээ болон улс төрчид, судлаач нарын сэтгэгдэл, дүгнэлтээс сийрүүлэн Та бүхэнд цувралаар хүргэж байна.
Оршлын оронд
Бразил бол савангийн хөөсөрсөн дуурийг амьдралд бүрнээ хэрэгжүүлж буй орон. Энэхүү “Машин угаалга” номонд өгүүлж буй хэний ч санаанд оромгүй, улс төрийн нарийн зохион байгуулалттай гэмт хэргийн цаад эзэд бол улс төрчид. Тэгэхлээр эл номонд гарч байгаа хүмүүс зохиомол баатрууд биш бодит хүмүүс бөгөөд тэдний ихэнх нь олон түмний танил, нэр нөлөө бүхий эрхмүүд. Эх оронч, ядууст энэрэлтэй, шударга, төрийн туршлагатай түшээ гэх тодотгол, цол гуншинтай тэд улс орныхоо нэрийн хуудас, ард түмнийхээ бахархал нь хэдийнэ болсон байжээ.
Тус номонд гарч буй үйл явдлууд нь тэртээх үеийнх биш, харин эдүгээ цагийнх бөгөөд одоо ч гэсэн үргэлжилж байгаа болно. Өөрөөр хэлбэл энэ номын өгүүлэмж нь та бүхэнд хэзээ нэгэн цагт болсон ямар нэг аймшигт хэргийн тухай дүрслэл биш, яг одоо улс төр хэмээх хаалттай хөшигний ард өрнөж буй гашуун үнэнийг илчилсэн баримтууд юм.
Зохион байгуулалттай авлигын хэрэг бол мөсөн уул лугаа адил. Мөсөн уулын орой л зөвхөн харагддаг, харин агуу том бие нь далайн уснаа далд байдаг. Ард түмэн улс оронд нь, тэр дундаа улс төрд авлига нэвчсэнийг мэдэрдэг авч, тэд авлига хэмээх асар том мөсөн уулын зөвхөн оройг харах төдий, нэг хэсэгтээ хэвлэлээр шуугиад өнгөрөхийг нь сонсоод л сураг алддаг. Улс төрчдийн элдэв зальжин тайлбар тэднийг тайвшруулж, тун үгүйдээ л эргэлзээнд хэсэгтээ автуулж, цаг хугацааны аясаар шуугиан намдсаар сааран мартагддаг бөлгөө.
Харин шүүхийн байгууллагаас авлигын хэргүүдийг баримт нотолгоотой илчлэх нь мөсөн уулын их биеийг уснаас суга татан ил гаргахтай адил буюу. Маш ихээр цочирдсон олон нийт -Арай ч дээ, үнэн гэж үү! хэмээн уулгалан нэг хэсэгтээ итгэж үл ядна. Заримдаа тэд жаахан хүүхдүүд шиг аашилна. Яг л аавыг нь хулгайч гэж хэлэхэд итгэхийг ч үл хүсэн уурлан дайрдаг хүү шиг хайртай улс төрчийнх нь хэргийг илчлээд байхад хамгаалан жагсаад, өмгөөлөн хаацайлаад байхыг яана. Ядуусын эцэг, үндэсний баатраа хамгаалсан мөн ч олон удаагийн цуглаан зохион байгуулагдсан даа, Бразил Улсад.
Орооцолдсон утасны үзүүрээс атгав
Бразилийн Парана зэрэг томоохон мужуудын шатахуун түгээх станцуудад валют солих замаар мөнгө угаах ажиллагаа борооны дараах мөөг шиг олширч байгаа тухай долоо хоног тутмын “Вежа” сэтгүүлд нийтлэгдэж эхлэв. Нийслэл Бразилиа хотын шатахуун түгээх зарим газрууд үндсэн ажлаа эрхлэхийн оронд кафе энэ тэрхэн ажиллуулсан шигээ оршин тогтносоор удаж байгааг цагдаагийнхан анзаарах болжээ. Бразилд шатахуун түгээх цэгүүд дэргэдээ авто угаалгын үйлчилгээ эрхлэх нь нийтлэг. Чухам эндээс “Lava Jato” буюу “Машин угаалга” хэмээх цагдаагийн операци нэршлээ олсон бөгөөд тун удалгүй олон жилийг дамнан үргэлжлэх “Зад угаах” ажиллагаа болно гэдгийг тухайн үед хэн ч төсөөлж байсангүй.
2014 оны 3-р сарын 15-нд Нелма Кодама хэмээх 48 настай валютын чейнж эмэгтэй хамсаатныхаа хамт Сан Пауло хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас баривчлагдсан хэрэг гарлаа. Тэрээр 200 мянган еврог дотоождоо нуун хил даван нисэхээр завдсан ажээ. Хатагтай Кодама нь мөнгө угаах ажиллагааны их мастер Алберто Иойссефтой тун чиг дотно харилцаатай төдийгүй олон жил түүнд үнэнчээр зүтгэж, гар хөл нь болсоор иржээ. Тиймдээ ч тэр 19 жилийн хорих ял авсан биз.
Яг үнэндээ Нелма баривчлагдсан учраас Иойссефийг мөрдөж эхэлсэн ч юм биш. 2013 оноос эхэлж цагдаагийнхан чейнжүүдийн гар утсыг чагнаж эхэлсэн байж. Тухайн үед тэдний анхаарлыг Карлос Чатер хэмээх шатахуун түгээх станцын эзэн залуу татаж байсан юм. 2013 оны 7-р сарын 28-ны өдөр Чатерийн утасны ярианаас Алберто Иойссефтой холбоотойг нь олж тогтоосон гэдэг. Үнэндээ түүний нэрийг олоход амаргүй байв. Учир нь чейнжүүд түүнийг “Примо” буюу “Том ах” хэмээн дууддаг байлаа. Харин нэг удаа Чатер түүнтэй ярьж байхдаа гэнэ алдаад Бето (Алберто гэсэн нэрийн товчлол) хэмээн дуудсан нь хар авхуулсан байна. Тэдний яриаг чагнаж байсан цагдаа нар Бето гэж хэн болохыг дуугаар нь хөөн төд удалгүй таньчихав. Ийнхүү мөнгө угаах сүлжээний цаад эзэн нь Алберто Иойссеф болохыг мэдмэгц шүүгч Сержио Мород хэргийг улам ухах сонирхол төрөөд явчихлаа. Учир нь тэд хуучны танилууд.
2005 онд Бразилийн улс төрчид тэр дундаа тухайн үеийн Ерөнхийлөгч Лула да Силва хүртэл орооцолдоод амжсан “Менсалао” нэртэй цагдаагийн операцийн үед Иойссефийг баривчлан хорьж байсан удаатай. Менсалао гэдэг нь тэтгэмж гэсэн утгатай үг. Засгийн эрхийг барьж байсан Хөдөлмөрчдийн намаас сар бүр Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын нөлөө бүхий гишүүдэд тухайн үеийн ханшаар 12 мянган ам.долларын хишиг хүртээдэг байжээ. Ийнхүү угжны депутатууд бий болсоноор эрх баригч намын хүссэн хуулийг дуу нэгтэй батлан дэмжих болсон юм. Харамсалтай нь энэхүү угжны мөнгө эрх баригч намаас бус, харин төрийн өмчит компаниудаас зар сурталчилгаа нэртэйгээр урсан гардаг байв. Аанай л улс төрчид төрийн өмчит компаниудыг өөрсдийнхөө “Саалийн үнээ” болгосон хэрэг. Тус хэргийг шүүн таслах үйл ажиллагаанд шүүгч Моро оролцож байсан бөгөөд Иойссефийг ч тэрээр яллажээ. Мөнгө угаах гэмт хэрэгт дахин оролцохгүй хэмээн ам өчгөө өгсөн Иойссеф хугацаанаасаа өмнө суллуулж байсан юм. Итгэл алдсан эртний танилтайгаа эргэн уулзах нь тодорхой болов. Түүний ард улс төрчид нуугдаж байгаа нь гарцаагүй.
2014 оны 3-р сарын 16-нд Парана мужийн Куритива хотын Холбооны цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Марсио Анселмо нь Алберто Иойссефийг баривчлах тушаалыг дахин нэг шалган үзээд цагдаа нартаа үүрэг өглөө. Түүнийг Сан Пауло дахь 3,8 сая реалийн үнэтэй тансаг ордноос нь баривчлахаар дөрвөн цагдаа ойрмогхон буудалд тэр өдрийн оройдоо байрлав. Цагдаа нар хэрхэн баривчлах тактикаа ярилцан дахин дахин нягталсаар хоножээ. Маргааш өглөө нь үүрээр хоёр цагдаа машинтайгаа гадаа харуулд гарч, харин хоёр нь гэр рүү шууд нэвтэрч баривчлахаар тохиролцов. Маш хурдан хугацаанд гэрт нь орохгүй бол байрны харуул сэжиг авч эзэндээ мэдээлнэ. Сэжиг авбал баримтуудаа устган зугатах эрсдэлтэйг ч тэд мэдэж байлаа. Алберто Иойссеф бол долоо буудуулсан хашир чоно. Тэрээр олон машинтай төдийгүй хэд хэдэн нисдэг тэрэг бас усан онгоцтой. Зүг чигээ буруулахдаа гарамгай нэгэн.
Цагдаагийнхан төлөвлөгөө ёсоор өглөөний 6 цагт баривчлахаар очсон ч тэрээр шөнөдөө гэрээсээ явчихсан байлаа. Түүний эзэмшдэг зуун гар утасны нэг Сан Пауло хотын нисэх онгоцны буудалд хальт нээгдээд тасарсан мэдээтэй. Харин маргааш нь Маранао мужид сураг гарах нь тэр.
3-р сарын 17-нд Иойссеф Маранаогийн таван одтой хамгийн тансаг буудалд туслах залуугийнхаа хамт хоёр хар цүнхтэй хүрэлцэн ирлээ. Түүнд яагаад ч юм түгшүүр төрж байсан ч нүдэнд нь сэжигтэй зүйл үзэгдсэнгүй. Эл өдөр түүний амьдралд байдаг л нэг ажлын өдөр ба цүнхэнд нь мужийн эрх баригчдад дамжуулах ёстой 1,4 сая реал бэлнээр яваа.
Бразилийн барилгын томоохон компаний нэг “UTC” тус мужид 2013 оны 11-р сараас эхлэн концессийн гэрээгээр бүтээн байгуулалтын ажил эхлээд байлаа. Мужийн захиргаанаас сар бүрийн 4,7 сая реалийн төлбөрийг 24 удаа цувуулан авах тохиролцоо хийжээ. Гэрээ хийх үйл явц зургаан сар сунжран үргэлжилсэн гэнэ. Бүтээн байгуулалтын ажил дуусах дөхөж байгаа ч төлбөр цаг хугацаандаа хийгдэхгүйгээс шалтгаалан ажил зогсонги байдалд орсон байв. UTC компани 113 сая реалийн төлбөр нэхэмжлэн шүүхэд хандаад буй. Тус компанийн захирал Рикардо Пессоагийн гуйлтаар Алберто Иойссеф Маранао мужийн удирдлагатай уулзаж учрыг олохын тулд энд иржээ. Учрыг олох ч юу байх вэ. Шуудхан хэлэхэд хахуулийн мөнгө өгөөд ажлыг нь бүтээх үүрэгтэй. Иойссеф өмнө нь авлигын мөнгө тэдэнд дамжуулж байсан тул тэд өгч аваад гаршчихсан улс.
Маранао бол Бразилийн зүүн хойд хэсгийн ядуухан муж. 6 сая гаруй хүнтэй тус мужийн засгийн эрхэнд Ерөнхийлөгч асан Сарнейн гэр бүлийнхэн олон жил ноёрхжээ. Амбан захирагчаар түүний охин Росеана Сарней ажиллаж байсан үе. Чухам тэр хатагтайд энэхүү цүнхтэй мөнгө очиж ужгирсан асуудлыг шийдэх ёстой байлаа.
Холбооны цагдаагийн газрынхан Иойссефийн араас мөшгиж түүний байрлаж буй буудлын хүлээн авах руу залган лавлав. Гай таарч хүлээн авагч эмэгтэй Иойссеф руу шууд холбоод өгчихлөө. Балмагдсан цагдаагийн ажилтан Иойссефтой хальт мэндлээд утсаа тасалчихав. Сэжиг авсан Иойссеф доош яаран буун ямар дугаараас залгасныг нягтлан асуулаа. Куритива хотын кодтой тус дугаар уруу нь буцаан залгаж, Цагдаагийн газар болохыг түвэггүйхэн мэдчихэв. Цагдаа нар үүрээр баривчилдагийг тэр мэднэ. Түүнд зугатах хугацаа байсан ч асуудалтай нүүр тулахаар шийдлээ. Угаасаа нэг л өдөр баривчлагдах нь тодорхой. Харин мөнгөтэйгээ л баригдахгүй юм шүү. Тэрээр шөнийн 03:30 цагт нэг цүнхэндээ бүх мөнгөө чихээд хамт яваа туслахынхаа өрөөнд чимээгүйхэн орлоо. -“Хэрвээ надад ямар нэг зүйл тохиолдвол Амбан захирагчийн Тамгын газрын дарга эмэгтэйд энэ цүнхийг дамжуулаарай” хэмээв.
-“Танд ямар нэг зүйл тохиолдоо юу” хэмээн гайхан асуухад: -“Үүрээр би зочин хүлээж авах байх” гэж хэлээд гарав.
Цагдаа нарыг өглөөний 6 цагаас арай өмнөхөн өрөөнд нь нэвтрэн ороход Иойссеф гадуур хувцастайгаа хүлээн сууж байсан ба ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй тул гавлах ч шаардлага гарсангүй. Биенд нь нэгжлэг хийхэд долоон гар утас олдсон гэнэ. Дараа нь түүний “GFD” хөрөнгө оруулалтын зөвлөх компаний өрөөнөөс 27 гар утас олдов. Цагдаа нар 100 гаруй гар утаснаас зөвхөн 35 дугаарыг мэддэг байж. Тэрээр харилцаатай улс төрч бүрдээ нэг дугаар нээсэн бөгөөд зөвхөн тэр дугаараасаа л харьцана. Иойссеф бол “нэг хүнд – нэг утас” хэрэглэдгээрээ алдаршсэн этгээд.
Туслах залуу өглөө нь тайвуу босож, цүнхээ аван гарч одсон бөгөөд үдээс хойш гар хоосон буцан иржээ. Харин маргааш нь Мужийн захиргаанаас 4,7 сая реалийг “UTC” компанийн дансанд шилжүүлсэн байдаг.
“Машин угаалга” ажиллагаа нь мөнгөний хэмжээ ба түүнд орооцолдсон нэр нөлөө бүхий улс төрчдийн тоогоороо Бразилд төдийгүй дэлхийд ч толгой цохих авлигын хэрэг болон түүхэнд бичигдэх нь зайлшгүй байх. Чухамхүү энэ хэрэг Алберто Иойссефийн баривчилгаагаар эхэлсэн гэхэд болно. Уулын уруу эрчээ аван өнхрөх цасан бөмбөлөг хэр томордогийг цастай газрын хүмүүс бол мэднэ дээ. Гагцхүү Иойссеф тэр эрчлэн өнхрөх цасан бөмбөлгийн цөм буюу хөврөн орооцолдох хэргийн үзүүр байсан гэдгээ өөрөө ч гадарлаж байсан биз.
Иойссеф өмгөөлөгч рүүгээ тэр өглөөдөө залгасан байдаг. -Моро чамайг баривчлаа юу? хэмээн өмгөөлөгч анхныхаа асуултаар ам нээв. Тэр хариуд нь -Энэ удаагийнх бол чиний бодож байгаа шиг дан ганц миний асуудал биш. Энэ бол Конгрессийг тэр чигт нь донсолгох асуудал хэмээн хариулсан гэдэг.
Бразилийн нэр нөлөө бүхий улс төрчдийн итгэлийг олон жил хүлээн арын албыг залгуулан авлигын мөнгийг нь зөөдөг Иойссеф бол их гарын эр байлаа. Тэр өөрийгөө хэнээс ч үл айдаг эр хүн гэх боловч ганцхан хүнээс л цэрвэж явдагаа хожмоо сэтгүүлчдэд ярьжээ.
Түүний зүрхэнд орсон тэр хүн бол шүүгч Сержио Моро. Учир нь түүнээс зугатаах гарц байхгүй гэдгийг Иойссеф баттай мэднэ.
Үргэлжлэл бий.